Арав дахь удаагийн “Алтан чагнуур”-ын эздээр 16 эмч тодорлоо
2022.03.30

Арав дахь удаагийн “Алтан чагнуур”-ын эздээр 16 эмч тодорлоо

Олон улсын эмч нарын баярын өдрийг тохиолдуулан Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо (МЭМАҮЭХ)-ны дээд шагнал “Алтан чагнуур”-ын эздийг тодруулах ёслолын ажиллагаа өнөөдөр /2022.03.29/ СТО-нд зохион байгуулагдлаа. Энэхүү шагналд нийслэл болон хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын 130 гаруй эмч нэр дэвшсэн бөгөөд энэ жилийн хувьд нарийн мэргэжлийн 16 эмч "Алтан чагнуур"-ын эзнээр тодров.

Уг ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, УИХ-ын НББХ-ны дарга М.Оюунчимэг, ЭМҮЭХ-ны дарга Ч.Нарантуяа, МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат, дэд ерөнхийлөгч Б.Рагчаа, Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Буянжаргал, салбар хариуцсан орон тооны бус дэд ерөнхийлөгч Я.Алтантуяа, Боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооны дарга З.Цогтгэрэл болон салбарын холбогдох газруудын төлөөлөл оролцож шагналыг гардуулсан юм. Арга хэмжээг нээж ЭМАҮЭХ-ны дарга Ч.Нарантуяа үг хэлсэн бөгөөд цаг наргүй тэмцэж хүнд хэцүү цаг үеийг давсан эмч нарт ард түмэн баярлаж талархаж байгаагаа илэрхийлж байгааг сонсох таатай байдгаа илэрхийлээд амь насаа золин ажиллаж хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн эмч нартаа энэ өдөр хүндэтгэл үзүүллээ.

Мөн тэрээр эрүүл мэндийн салбарт хөдөлмөрлөх эрхийг хангаж ажиллах нь чухал байгааг дурьдаад ҮЭ-үүд шат шатны арга хэмжээг авч ажиллаж байгаагаас гадна эрүүл мэндийн салбарын ажилчдын хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, цалинг хоёр дахин нэмэгдүүлэх байр сууриа хатуу баримтлахаа илэрхийлэв.

Харин Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Коронавируст халдвар (КОВИД-19)-аас хамаарч улс орны эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгаа хэдий ч Засгийн газраас салбарын төсвийг нэмэгдүүлэх, салбарын санхүүжилтийн шинэчлэлтэй уялдуулан эрүүл мэндийн ажилтны ажлын бүтээмж, гүйцэтгэлээр олгох цалин, урамшууллын тогтолцоо бүрдүүлэх, эмнэлгийн удирдлага цалин, урамшууллын асуудлыг бие даан шийдвэрлэдэг болгох, эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын тогтолцоог олон улсын жишигт хүргэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд орчин үеийн дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэхэд анхаарч ажиллаж байгаа гэдгийг онцлон дурдая. Засгийн газраас дэвшүүлсэн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэхэд эрүүл мэндийн ажилтан нэг бүрийн оролцоо, сэтгэл зүтгэл, чармайлт, удирдан манлайлагчдын ёс зүй, хариуцлага, мэргэжлийн өндөр ур чадвар, Та бүхний хамтын ажиллагаа чухал" хэмээв.

Мөн МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Иргэдийн эрүүл мэндийн манаанд зогссон эмч, ажилтнууддаа Монголын нийт хөдөлмөрчид, ҮЭ-ийн гишүүдийн өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлж байна. Дэлхий нийтээрээ эрүүл мэндийн ажилчдын эрэлд хатаж байна. Өнөөдөр цар тахлын хор уршиг арилаагүй байна. Энэ үед МҮЭ-ийн холбоо эрүүл мэндийн салбарын ажилчдынхаа хөдөлмөрлөх эрхийн төлөө төр засагтай хамтран ажиллаж байна.

Цаашид ч энэ чиглэлд бид илүү анхаарал хандуулан ажиллах болно” гэлээ. Энэ өдөр болсон 10 дахь удаагийн “Алтан чагнуур”-ын эздээр доорх 16 эмч тодорсныг танилцуулж байна.

  1. Б.Одончимэг /Улсын нэгдүгээр төв эмнэлгийн уушгины тасгийн эрхлэгч их эмч/
  2. Д.Цэвэгсүрэн /Хүрээ амаржих газрын нярайн эмч/
  3. А.Цэнджав /Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдийн мэс заслын зөвлөх эмч/
  4. Л.Долгоржав /Амгалан амаржих газрын амбулаторийн тасгийн эрхлэгч/
  5. Ш.Өнөржаргал /Улсын гуравдугаар төв эмнэлгийн лабораторийн тасгийн эрхлэгч/
  6. Л.Түмэнжаргал /Гэмтэл согог судлалын үндэсний төвийн дүрс оношилгооны эмч, АУ-ны магистр/
  7. В.Баярмаа /Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэд захирал/
  8. Н.Отгон /Халдварт өвчин судлалын үндэсний төвийн тасгийн эрхлэгч/
  9. Г.Цогзол /Арьсны өвчин судлалын үндэсний төвийн поликлиникийн тасгийн эрхлэгч/
  10. Б.Батбаяр /Орхон аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасгийн зөвлөх эмч/
  11. Ж.Уламсайхан /Улсын хоёрдугаар төв эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч их эмч/
  12. Л.Бямбасүрэн /Улсын нэгдүгээр төв эмнэлгийн чих хамар хоолойн мэс заслын тасгийн эрхлэгч/
  13. С.Дэлгэрмаа /Улсын гуравдугаар төв эмнэлгийн сэргээн засах төвийн эрхлэгч/
  14. А.Батбаатар /Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нэгдсэн эмнэлгийн дарга, гэмтэл согог заслын их эмч/
  15. Л.Одончимэг /Сүхбаатар дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, их эмч/
  16. Ш.Агиймаа /Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн тархвар судлаач/

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn