2025.06.10

Т.Мөнхсайхан: ХСҮТ-ийн хавдрын амбулаторийн тусламж, үйлчилгээний хүлээгдэл 2 дахин буурсан

Монгол Улс 100 мянган хүн амд ногдох хорт хавдрын шалтгаант нас баралтаар дэлхийд тэргүүлж, өнгөрсөн оны статистик мэдээллээр хорт хавдрын 8,169 шинэ тохиолдол, 4,755 нас баралт бүртгэгдсэн ба 32,029 иргэн хавдрын хяналтад байна.

Өөрөөр хэлбэл, дөрвөн нас баралт тутмын нэг нь хорт хавдрын шалтгаантай,  шинээр бүртгэгдсэн хорт хавдрын 63.7 хувь нь хожуу шатандаа оношлогдож байна гэсэн үг. Сүүлийн жилүүдэд хүн амын дундах архи, тамхины хэрэглээ өндөр, агаарын бохирдол, таргалалт зэрэг амьдралын буруу хэв маяг, хүрээлэн буй орчны бохирдлоос шалтгаалан хорт хавдрын нийт тохиолдлын тоо өсөх хандлагатай байна.

Түүнчлэн орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын чадавх хангалтгүй байгаагийн улмаас иргэд ХСҮТ-д хандан тусламж үйлчилгээ авах хэрэгцээ шаардлага нэмэгдэж, хавдрын тусламж, үйлчилгээ Улаанбаатар хотод өсөн нэмэгдэж төвлөрөл үүсч байгаа юм.

Иймд бид бүхэн цаашид хавдрын тусламж, үйлчилгээнд цогц шинэчлэл хийж бодлогын түвшинд хийх хэрэгцээ шаардлага үүсээд буй. Тэгвэл энэ хүрээнд, хавдрын чиглэлээр анхан шатны эрүүл мэндийн байгууллагаас лавлагаа шатлалын эмнэлэг хүртэлх бүх үе шатыг хянах, хөгжүүлэх тогтолцоо хийгдэж байна. Тухайлбал,

  • Өнгөрсөн жилүүдэд хэрэгжилт хангалтгүй байсан Хорт хавдраас сэргийлэх, хянах хөтөлбөрийг эрүүл мэндийн салбарын бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан гаргаж байна.  
  • Эрт илрүүлэг 2.0 арга хэмжээний хүрээнд зонхилон тохиолдох 7 байрлал (элэг, улаан хоолой, ходоод, бүдүүн-шулуун гэдэс, уушги, умайн хүзүү, хөх)-ын хорт хавдрын эрт илрүүлгийг хийх тогтолцоог бүрдүүлж, эрт илрүүлж, эрт үед нь эмчлэхийг зорьж байна.
  • Туяа эмчилгээ, цөмийн оношилгоо, эмчилгээний урт хугацааны бодлогын баримт бичгийг гаргаж, шинэ технологи нэвтрүүлнэ.
  • Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд нэг бүсэд нэг онцлог тусламж, үйлчилгээг хөгжүүлнэ. Жишээ нь Хойд бүсийн Орхон аймгийн Эрдэнэт Медикал эмнэлгийг ХСҮТ-ийн харьяа эмнэлэг болгож, хавдрын тусламж, үйлчилгээний цогц төв болгоно.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Бид өнгөрсөн 1 жилийн хугацаанд ХСҮТ-ийн хүлээгдлийг бууруулах чиглэлд нэлээдгүй ажлыг хийж гүйцэтгэж, үр дүнд нь хавдрын амбулаторийн тусламж, үйлчилгээний хүлээгдэл 2 дахин буураад байна. Бид аливаа тусламж, үйлчилгээг сайжруулахад цогц арга хэмжээг авч ажиллах нь чухал. Цаашид хавдрын тусламж, үйлчилгээ авах шаардлагатай иргэн тухайн орон нутгаасаа тусламж, үйлчилгээ авдаг болгохын тулд орон нутгийн эрүүл мэндийн байгууллагыг энэ чиглэлээр чадавхжуулах нь чухал байна. Тухайн орон нутагт харьяаллын иргэдийн хими, бай эмчилгээ, хөнгөвчлөх тусламж, үйлчилгээг бүрэн хариуцаж, иргэдийг нэг бүрчлэн хянах шаардлагатай. Энэ тогтолцоог үүсгэхийн тулд бид эрүүл мэндийн цахим шилжилт хийж байна. Анхан шатны эрүүл мэндийн байгууллагаас аймаг, дүүргийн эмнэлэг, түүнээс лавлагаа шатлалын буюу Хавдар судлалын үндэсний төв хүртэлх бүх үе шатыг бүрэн хянах тогтолцоог хийж байна” гэв.

Сэтгүүлч

. Б.Хонгорсайхан