Хэт чихэрлэг ундааны хэрэглээг хязгаарлах тухай хуулийн төсөл өргөн барив
2022.03.23

Хэт чихэрлэг ундааны хэрэглээг хязгаарлах тухай хуулийн төсөл өргөн барив

Хэт чихэрлэгтэй ундаанд онцгой албан татвар тогтоож, хэрэглээг бууруулах тухай хуулийн төсөл өргөн барьсан тухай УИХ-ын эмэгтэй гишүүд өнөөдөр мэдээлэв. 

 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Д.Сарангэрэл, М.Оюунчимэг, Б.Баярсайхан нарын 11 гишүүн дээрх хуулийн төслийг санаачлан боловсруулж УИХ-ын даргад өргөн барьжээ.

 

"Судалгаагаар, Монгол Улсад чихрийн шижин, таргалалтын асуудал анхаарал татаж байна. Тухайлбал, 7-11 настай хүүхдийн таргалалт сүүлийн долоон жилд долоо дахин өссөн судалгаа байна. ДЭМБ-аас бүх улс орнуудад хэт чихэрлэг ундааг хязгаарлахгүй бол эрүүл мэндийн зардал нэмэгдэх сөрөг үр дагавар гарч байгаа тухай зөвлөмж гаргасан" хэмээн УИХ-ын гишүүн С.Одонтуяа мэдээллийн эхэнд тэмдэглэв.

Иргэдээс авсан судалгаагаар, 68 хувь нь чихрийн хэрэглээг ундаанаас авч байгаа тооцоо гарсныг УИХ-ын гишүүн С.Одонтуяа тодотгоод, "Энэ хууль нь татварын орлого олохдоо чухал биш, эрүүл мэндийн салбарын зардлыг бууруулах, монгол хүний эрүүл мэндийг сахин хамгаалахад чухал ач холбогдолтой" хэмээн онцлов. 

Мөн судалгаагаар, 6 настай хүүхдүүдийн 58 хувь нь илүүдэл жинтэй, 6 хувь нь таргалалттай гарсан байна. Монголчуудын дунд таргалалт, илүүдэл жингийн асуудлыг хурцаар хөндөж, хүүхдүүдийн хамгийн их хэрэглэж байгаа чихэртэй ундааны асуудлыг ярихаас аргагүй нөхцөлд орсныг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл учирлав. Тэрбээр, "Хуулийн төслөөр бизнес эрхлэгчдээ хааж, боох тухай ярихгүй.

100 грамм ундаанд 5 граммаас дээш чихэрлэг агуулахгүй байх, түүнээс дээш бол татвар нэмэх асуудлыг тусгана.

Дэлхий нийтийн чиг хандлага, ДЭМБ-аас өгсөн зөвлөмж ч ийм байна" гэлээ. 

Хуулийн төсөлд, 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжихээр хугацаа тогтоосон байна. Энэ хугацаанд үйлдвэрлэгчид технологийн өөрчлөлт хийх, иргэдэд хэт чихэрлэг ундааны талаар таниулах ажил хийх аж.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, "Манай улсад жилд 10 мянган хүн хоёр төрлийн өвчнөөр амиа алдаж байна. Тодруулбал, зүрх судасны өвчлөлөөр 6 мянга, хорт хавдрын улмаас 4 мянган хүний амь хохирч байгаа юм. Хамгийн чухал нь, урьдчилан сэргийлж болохуйц өвчнөөр иргэд нас барж байгаа нь туйлын эмгэнэлтэй" хэмээв. Мөн тэрбээр, УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын баг Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг гаргахаар төлөвлөж буйг дуулгав. "Эрүүл мэндийн салбарын нийт санхүүжилтийн 90 хувийг өвсөнийх нь дараа зарцуулдаг бол урьдчилан сэргийлэх ажилд 10 хувийг нь зарцуулж байна. Энэ нь монгол хүн хоол, хүнсэндээ анхаарах, эрүүл дадал хэвшилд шилжих шаардлагатайг харуулж байна. Монгол хүний дундаж наслалт бага, тэр дундаа эрэгтэйчүүдийн наслалт эмэгтэйчүүдийнхээс 10-аар бага байгаа нь амьдралын хэв маягтай холбоотой" хэмээв.