2021.07.02

Ц.Мөнх-Оргил: Шаардлага хангасан хүмүүсийг элчин сайдаар томилох хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.02/ нэгдсэн чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

Хоёр хүнийг дэмжиж чадахгүй байгаа. Эсрэг санал өгнө. Хэнд, яагаад эсрэг санал өгч байгаагаа сүүлд нь товчхон тайлбарлана. Я.Содбаатар дарга, Гадаад Харилцааны Сайд Б.Батцэцэг нар цаашид мэдээж олон Элчин сайд нарыг зөвшилцөхөөр УИХ-д оруулж ирнэ. Үүн дээр ийм хоёр саналыг анхаарахыг хүсэж байна.

  1. 50х50 гэдэг порпоорцыг цаашид барьж баймаар байна. Одоо бол бараг л 50х50 байна. 50 нь Гадаад яамнаас, 50 нь гаднаас. Улс төр, бизнес, эдийн засаг, соёл янз бүрийн салбараас Элчин сайдын албанд хүмүүс татаж оролцуулж баймаар байна. Одоо 24-өөс 13 нь Гадаад яамнаас, 11 нь гаднаас гэхээр үндсэндээ порпоорц нь тэнцчихээд байгаа юм. Яагаад гэвэл Элчин сайдын ажил бол зөвхөн дипломат ажил биш улс төрийн өнгө аястай, улс орноо төлөөлж байгаа ажил байгаа юм. Тийм учраас улс төрчидийг, бизнес, эдийн засаг, соёлын салбарт амжилт олсон, хэл усны шаардлага хангасан хүмүүсийг татаж оролцуулж баймаар байна. Ер нь цус сэлбэлт хийж баймаар байгаа юм.
  2. Жендерийн асуудлыг байнга бодолцож бай. 24 Элчин сайд орж ирж байгаагаас гурван эмэгтэй байна. Тэгээд огт Элчин сайд хийчихээр хүн байхгүй бол өөр асуудал. Гэтэл Гадаад яамны гол гол газрын дарга нар олон жил ажилласан эмэгтэйчүүд байгаа. 
  3. Нэг орноос нөгөө орон руу царцаа шиг нүүгээд байдгыг болиулмаар байна. Социализмын үеэс л Гадаад яам дээр тогтсон хатуу зарчим байдаг. Дөрвөн жил ажиллаа, Монголдоо ирлээ, дөрвөөс, таван жил ажиллаа. Болж өгвөл өөр чиглэлээр. Жишээ нь хоёр талын харилцаан дээр байсан бол олон талын харилцаан дээр, олон талын харилцаан дээр байсан бол эрх зүйн харилцаагаар гээд янз бүрийн ажил хийлгүүлж байгаад албан тушаал дэвшүүлээд,10 жил ажиллуулаад буцаж ирж өөр газар ажиллуулж мэргэшүүлж байгаад Элчин сайдаар томилдог юм. 

Үүн дээр Р.Алтангэрэлийг дэмжиж чадахгүй гэсэн санал өгч байна. Миний хуурай дүү байгаа юм. Тэгэхдээ энд зарчим байгаа юм. Р.Алтангэрэл Канадад ажиллаад, Монгол ирээд жил бололгүй Брюсель яваад, гурван жил болоод Брюселээсээ шууд Женев яваад л. Р.Алтангэрэл уучлаарай энэ удаад би чамайг дэмжиж чадахгүй. Би бол олон удаа олон юман дээр дэмжиж явж байсныг та мэдэж байгаа байх. 

Албан тушаалыг нь харгалзаж явуулж баймаар байна. Миний хоёр дахь дэмжиж чадахгүй хүн бол Францад сууж байгаа У.Нямхүүг дэмжиж чадахгүй байна. Яагаад гэвэл хэл устай сайн хүн байна. Гэтэл дөнгөж энэ хүнийг энэ жил Нэгдүгээр Нарийн бичгээр томилчихоод байгаа байхгүй юу. Тэгээд хэдхэн сарын дараа Элчин сайдаар томилохоор Франц улс юу гэж бодох вэ? Энэ хүн Нэгдүгээр Нарийн бичгээ хийнэ, Элчин зөвлөх болно, албан тушаал дэвшинэ. Монголдоо ирж Газрын дарга хийнэ. Тэгж ажил төрлөө хийж байж Элчин сайд болох ёстой. Бид шат дараагаар нь туршлага суулгаад, залруулж байгаад энэ хүн Элчин сайд болдог горимтой юм. 

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn