Монгол Улсын шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
2021.06.29

Монгол Улсын шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2021.06.29) хуралдаан 9 цаг 40 минутад 15 гишүүн ирцэд бүртгүүлснээр эхэлж,Засгийн газраас 2021 оны зургадугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хуралдааны эхэнд шийдвэрлэв.

Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулсан.

    Улсын Их Хурал 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр шүүх эрх мэдлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгосон Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, хуулийг 2021 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа. Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2021 оны “Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн хэрэгжилтийг хангах тухай” 13 дугаар тогтоолоор Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах арга хэмжээг авахыг Засгийн газарт даалгасан бөгөөд хуулийг хэрэгжүүлэхэд учирч буй дараах хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх үүднээс Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Төсөлд, коронавируст цар тахал, түүнчлэн Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг 2021 оны зургадугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгасантай холбогдуулан Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулах хугацааг өөрчлөх, холбогдон гарах зардлыг хариуцах субьектийг тодорхой болгох өөрчлөлтийг тусгажээ. Мөн хуулийн 8 дугаар зүйлд заасан Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах зохицуулалт нь Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 3 дугаар дүгнэлтээр Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн тул Үндсэн хуулийн цэцийн эцсийн шийдвэр гарах хүртэл сонгон шалгаруулалтыг зохион байгуулах боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаатай холбогдуулан зохих өөрчлөлтийг тусгасан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар шүүх эрх мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд учирч байгаа хүндрэл бэрхшээл арилж, хуулийг нэг мөр хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ хэмээн төсөл санаачлагчид үзжээ.

    Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр Нийт шүүгчийн чуулганыг хэзээ зохион байгуулах талаар тодруулав. Төсөлд Нийт шүүгчийн чуулганыг 2021 оны аравдугаар сарын 15-ны дотор зохион байгуулж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг 2021 оны аравдугаар сарын 15-ны дотор сонгон шалгаруулж, томилохоор тусгасан байна. Энэхүү чуулганыг Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл хамтран зохион байгуулах ч 2021 оны улсын төсөвт холбогдох зардлыг тусгаагүй талаар Х.Нямбаатар сайд хэллээ. Иймд Засгийн газрын нөөц сангаас санхүүжилтийг шийдвэрлэх саналыг Засгийн газрын хуралдаанд гаргасан байна. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хороо байгуулагдвал тодорхой хугацаанд тэдгээрийн төсөв, үйл ажиллагааны зардлын асуудлыг шийдвэрлэх шаардлага үүснэ, уг асуудлаар Сангийн яамтай зөвлөлдөж байгаа гэв

    Ийнхүү гишүүд төсөлтэй холбоотой асуулт асууж, санал хэлсний дараа төслийг хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон 15 гишүүний 13 нь Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.