2021.06.24

Ё.Баатарбилэг: ЭМ-ийн даатгалын сангийн мөнгийг даатгуулагчид нь зарцуулахгүй яах гэж дараад суух гээд байна вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.06.24/ нэгдсэн чуулганы хуралдаан эхэллээ.Хуралдааны эхэнд Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: 

"Цар тахлын байдал хүнд байгааг мэдэж байгаа. Хүн бүр л санаа зовж, анхаарал хандуулан ажиллаж байгаа. Архангай аймаг л гэхэд өнөөдөр 113 шинэ тохиолдол илэрсэн. Хамаг ороо дэлгээд бүх нөөцө боломжоо л бүх шатандаа ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарынхан нойр хоолгүй л ажиллаж байна. 

Энэ цар тахал бол дэлхий даяар анх удаа тохиолдож байгаа нөхцөл байдал. Өмнө нь хэрвээ нүүр тулж байсан бол бид ямар нэг аргатай байх байсан. Гэтэл дэлхий нийтээрээ өвдөг сөхөрч байна. Бид өнөөдрийн төсөв, санхүүтэй холбоотой хүндрэлийг нь шийдээд явах ёстой юм уу эсвэл хууль эрх зүйн зөрчил яриад цаг алдаад халдвараа улам нэмээд суух юм уу? Хариуцлагын асуудлыг дараа нь тооцож болох байх.

Тодорхой ямар цаг үед ямар хэмжээний төсөв зарцуулаад юу хийснийг дараа нь ярьж болох байх. Яг одоо жилдээ багтаагаад дуусгах ёстой ЭМД-ын сангийн мөнгийг даатгалаа төлдөг иргэддээ л зарцуулахгүй юугаа хийж дарах гээд байгаа юм бэ? 30 гаруй хувьтай байна гэж байна. 1,3 их наядын сангийн мөнгө байна. Үүнийгээ иргэнийхээ эрүүл мэндэд зарцуулахгүй юм бол яах гэж ингэж дараад суугаад байх юм бэ?

Хуулийн өөрчлөлтийг нь оруулаад батлах нь зүйтэй. Дараа нь хуулийн зөрчилтэй асуудал байгаа бол шийдээд явах боломжтой гэж үзэж байна. Халдвар нэмэгдээд байдал хүндрээд байхад асуудлыг шийдэх хэрэгтэй."

Түүний асуултанд Шадар сайд С.Амарсайхан хариуллаа.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn