Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ
2020.04.23

Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.04.23\ нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцлээ. 

Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр таницууллаа. 

АБГББХ-ны саннал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан танилцуулав. 

Коронавирус нь амьсгалын замын эд, эсийг гэмтээж, уушгины хатгалгаа үүсгэдэг урьд өмнө бүртгэгдэж байгаагүй шинэ төрлийн халдвар. 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар дэлхийн 220-иод улсад 2.8 сая хүний өвчлөл бүртгэгдэж, нас баралтын тоо 190 мянгыг даваад байгааг төслийн танилцуулгын эхэнд хэллээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас коронавируст халдвар (СОVID-19)-ыг “цар тахал” хэмээн зарлаад байгааг дурдсан. Монгол Улсад 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс хойш тусгаарлан ажиглах байруудад 1669 хүнийг хүлээн авч, 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар гадаад улс орноос 35 тохиолдол зөөвөрлөгдөн орж ирсэн байгааг тэмдэглэв.

Монгол Улсын хэмжээнд халдварт өвчин тархалт гарсан тохиолдолд хүн амыг халдварт өвчнөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх чиглэлээр Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд эрх зүйн зохицуулалт хангалтгүй байна хэмээн үзсэн байна. Манай улсад аливаа халдварт өвчний тархалттай үед төрөөс иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад мөрдүүлэх зайлшгүй шаардлагатай хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэм, гадаад улс орнуудаас ирэх зорчигч, хил нэвтрэх, дамжин өнгөрөх бараа, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн баримт бичгийн хяналт, бүртгэл, дотоод болон хил дээрх ариутгал, халдваргүйжүүлэлт, тархалтын хариу арга хэмжээ авах зэрэг үйл ажиллагаанд хуулийн зохицуулалт хангалтгүй байгаа юм.

Тухайлбал, шаардлагатай арга хэмжээ авах, холбогдох журам, зааврыг батлах эрх төрийн байгууллагад хуулиар олгогдоогүй байгаа нь коронавируст халдвар (СОVID-19)-ын цар тахлын үед нийгмийн эрүүл мэндийг халдварт өвчнөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, тэмцэхэд хүндрэл үүсгэх үндсэн шалтгаан болж байна. Иймд дэлхий даяар цар тахлын хэмжээнд хүрсэн коронавируст халдвар (СОVID-19)-ын цар тахлын үед Засгийн газраас өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдпын зэрэгт шилжүүлсэн хугацаанд өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр хуулийн тодорхой зохицуулалт хийх шаардлага гарсан юм.

Монгол Улсын Засгийн газраас өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд мөрдөгдөх Коронавируст халдвар (СОVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл 4 бүлэг 19 зүйлтэй байхаар боловсруулсан болохыг төсөл санаачлагч тэмдэглэлээ. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо тус төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн байна.

Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, О.Баасанхүү, Б.Жавхлан, Д.Тэрбишдагва, Б.Дэлгэрсайхан, Б.Саранчимэг, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар,  Б.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар нар асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар, Ж.Энхбаяр нараас хариулт авав.

Хорио цээрийн дэглэмийн үеэр боловсролын салбарт хэрэгжүүлж буй үйл ажиллагааг зохион байгуулалтайгаар буруутгах, үүний эсрэг олон нийтийг уриалах асуудлууд гарч байгааг Ё.Баатарбилэг гишүүн дурдаад энэ асуудлыг зохицуулах ямар зохицуулалт төсөлд туссаныг лавлав. Цар тахлын үед олон нийтийг төөрөгдүүлсэн, худал мэдээллийг цахим орчинд түгээх үзэгдэл байгаа тул “төөрөгдүүлэх худал мэдээлэл цахим орчинд тархахаас сэргийлэх зорилгоор цахим орчинд зохицуулалт хийх журмыг цагдаагийн төв байгууллага, харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран баталж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгох”-оор төсөлд тусгаад байгаа хэмээн Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаартар хариулт өглөө.

Цар тахлын үеэр гадаад улс орнуудад байгаа, эх орондоо ирэх хүсэлтэй байгаа түүнчлэн тухайн улс орондоо үлдэж буй иргэдтэй холбоотой ямар зохицуулалтыг тусгасан болохыг гишүүд тодруулж байсан. Үүнтэй холбоотой асуудлыг Засгийн газар, Улсын онцгой комиссын бүрэн эрх хэмээх бүлэгт тодорхой тусгасан гэдгийг Ж.Энхбаяр гишүүн танилцууллаа. Төсөв, санхүүгийн хувьд төсвийн ерөнхийлөн захирагчийн оронд урсгал болон хөрөнгийн зардал хооронд зохицуулалт хийх хэлбэрээр төсвийн онцгой бүрэн эрхийг олгохоор төсөлд тусгасан байна.

Түүнчлэн төслийн 15.2-т хандивын асуудлыг тусгаж, хандивын тодорхой хэсгийг Засгийн газрын тусгай санд төвлөрүүлж, цар тахалтай холбоотой гадаадын улс орнуудадаас тогтоосон хөл хорио, хилийн хязгаарлалтын улмаас эх орондоо буцах боломжгүй болсон, санхүүгийн хүндрэлд орсон иргэдээс тодорхой шалгуурыг хангасан зорилтот бүлэгт тусламж үзүүлэх зохицуулалтыг тусгасан байна.  Гадаад улсад байгаа иргэдийг татан авах асуудлыг Улсын онцгой комисс хариуцан зохион байгуулахаар төсөлд тусгасан бөгөөд гадаад улсад байгаа Монгол Улсын иргэн буцаж ирэх хүсэлт гаргасан тохиолдолд тухайн улс дахь өвчний тархалт, эрсдэл, холбогдох шинжилгээ хийлгэсэн эсэх, шууд нислэгийн боломж зэрэг бусад нөхцөл байдлыг харгалзан татан авах ажлыг үе шаттай зохион байгуулах аж. Төслийг баталснаар гадаад улсад байгаа Монгол Улсын иргэд тухайн улс дахь Монгол Улсын Элчин сайдын яам, консулын газартаа цахимаар бүртгүүлэх бололцоо бүрдэх юм байна.

Ингэснээр тодорхой асуудлыг хөнгөвчлөх ач холбогдолтой гэдгийг Х.Нямбаатар гишүүн хэллээ. Өнөөдрийн байдлаар гадаад улсад байгаа 9000 гаруй Монгол Улсын иргэн эх орондоо эргэн ирэх хүсэлт гаргаад байгаа юм байна. Аж ахуй эрхлэгчдийн нөхцөл байдал хүндэрч буйг Ж.Бат-Эрдэнэ гишүүн дурдаад, ажлын байрыг хамгаалах, дотоодын үйлдвэрлэлээ дэмжих, хүнс, хөдөө аж ахуй, мал аж ахуйн үйлдвэрлэлийн уялдаа холбоог хангах гэх зэрэг эдийн засгийн тогтвортой байдлыг хангахтай холбоотой ямар зохицуулалт туссан талаар тэрбээр лавлаж, төсөл санаачлагчдаас хариулт авсан юм.

Иргэдийн сахилга батыг хангах, үүрэгжүүлэх, хэвлэл мэдээллийн үнэн бодит байдлыг хангахад анхаарах шаардлага бий гэдгийг гишүүд хэлж байв. Түүнчлэн Улсын Их Хурлын сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой зохицуулалтын талаар лавлаж, хариулт тайлбар авсан.

Хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хуулийн төслийн хамт батлагдах ёстой Улсын Их Хурлын шийдвэрүүдийн төслүүдэд санал өгөх ажлаа түргэвчлэхийг Засгийн газарт анхааруулж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Олон улсын парламентын холбооны цахим хурлын талаарх товч мэдээлэл танилцуулсан юм. Бүс нутагт байдал харьцангуй тогтворжиж байгаа хэдий ч дэлхий даяар халдварын тоо 3 саяд дөхөж байгаа хэдий ч энэ нь оргилдоо хүрээгүй байгааг холбогдох талаас анхааруулж байгааг хэллээ. Цар тахлын халдварын хоёр дахь “давлагаа” Ази, Номхон далайн бүсэд орж ирэх эрсдэл өндөр байгаа хэмээн үзэж байгаа бөгөөд Монгол Улсын Их Хурал энэ үед эдийн засгаа хамгаалах, сэргээх, идэвхжүүлэх, ажлын байрыг хадгалах чиглэлээр шийдвэрийн төсөл боловсруулж, цогц хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг онцолсон.

Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм. Төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлсэн Ө.Энхтүвшин гишүүн зарим мэдээллийг өгөв. Тодруулбал, Засгийн газар, Улсын онцгой комиссын зүгээс гадаад улс орнуудаас иргэдээ татан авах ажлыг тогтмол зохион байгуулж байгааг тэрбээр тэмдэглэсэн. Ойрын хугацаанд 282 иргэнээ ОХУ-аас татан авсан, БНХАУ-аас 50 орчим иргэн татан аваад байгаа бол 04 дүгээр сарын 30-нд БНСУ руу тусгай үүргийн нислэг илгээж тус улсад байгаа болон гуравдагч улсаас дамжин ирж буй иргэдээ татах авах, улмаар Европ руу тусгай үүргийн нислэг зохион байгуулах зэрэг ажлыг төлөвлөөд байгааг дуулгасан юм.

Хууль хоорондын уялдааг хангах шаардлага бий гэдгийг Д.Тэрбишдагва гишүүн хэлж байсан бол иргэдийн хүнсний хүртээмжийг анхаарах, эмзэг бүлгийн иргэдэд анхаарал хандуулах шаардлага бий гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол тэмдэглэж байв. Цар тахлын үед нийгмийн дархлааг өндөр байлгах шаардлага байгаа тул Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байгаачлан өвчилсөн хүмүүсийг гадуурхахгүй байхтай холбоотой арга хэмжээг авч хэрэгжүүлэх саналыг Б.Саранчимэг илэрхийлж байлаа. Иргэдийн зарим эрхийг хязгаарлах шаардлагын дагуу үүнийг хуулиар зохицуулах шаардлага үүссэн гэдгийг Улсын Их Хурлын дарга хэлж байв.

Тухайлбал бөөндөө цуглах, нийтийн хоолны газруудын үйл ажиллагааг хязгаарлах, хоорондын зай барих зэрэг хүний эрхийн асуудалтай холбоотой зохицуулалтуудыг хуульчлахын зэрэгцээ Засгийн газар, холбогдох байгууллагуудад тодорхой эрх олгон, Хөдөлмөрийн хуулиар тэтгэвэртээ гарсан эмч, эмнэлгийн ажилтнуудыг ажиллуулах, тэдний нийгмийн асуудал, цалин хөлстэй холбоотой зохицуулалттай холбоотой олон улсын туршлагад тулгуурлан шийдвэрлэхээр төсөлд тусгаад байгаа гэлээ.

Ийнхүү гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 69.1 хувь нь төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн тул Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харъяалах Байнгын хороонд шилжүүллээ.