2021.01.26

Д.Ганбат: Ард түмнээ бодож байгаа бол хувийн хэвшлээс биш төрийн банкнаасаа эхэл

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдлаа. хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Ж.Сүхбаатар нараас 2020.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн "Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. 

Төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Д.Ганбат: 

Ямар дэглэмтэй үед хурал хийж байгаагаа санаж байна уу? Ард түмэнд ийм үлгэр дуурайлал үзүүлж болж байгаа юм уу? Энэ танхимд хэдэн хүн байна вэ? Энэ хариулж байгаа гишүүдийг харахаар тэр онцгой байдлын шаардлага нөхцөлийг хангаж байна уу? Аюулгүй байдлын байнгын хорооны даргаа та үүнд анхаар. 

Энэ попуудын эрин үе дуусах болоогүй юу? Бусад улс оронд дуусчихаад байна. Та бүхэн энэ улс орныг самарч байна шүү. Монгол Ардын намынхан. Гадаа юу болж байна вэ? Оюутолгойн амыг барих ээлжит хэрэг явж байна. Хуульзүйн сайд нь оччихсон тэгнэ, ингэнэ гээд л. Энэ хуулийг санаачилж байгаа нөхдүүдээс асуухад нэгдүгээрт мөнгө хүүлэлтээс ард түмнээ хамгаална гэж байна. Энийг ковидгүй үед хамгаалахгүй юм уу? Мөнгө хүүлэлтийг өмнө зөвшөөрөөд байсан юм уу? Энийг юу гэж үзэж байна вэ?

Санхүүгийн системийг унагах, дампууруулах юм биш үү? Гурван гишүүн санхүүгийн системийг гайхалтай сайхан болгож байна гэсэн. Сүүлдээ гурван дээрэмчин болоод дууссан. Иймэрхүү байдлаар цаашлахгүй ээ. Ломбард бол хувийн хэвшил. Тэнд алдаа оноо байгаа. Заавал тэр доороос эхэлдэг нь ямар хэрэг байгаа юм бэ? Төрийн банкнаас эхлэхгүй яасан юм бэ? Төрийн банкыг та нар идэж, уугаад дээрэмдээд явчихдаг. Хөгжлийн банкнаас ЖДҮ-г нь идчихдэг. Тэд нарыг зохицуулах хэрэгтэй. Ингэж эхлээгүй байж бага руу нь дайраад эхэлдэг. Энэ болж байгаа юм уу? 

Ардчилсан намын хариуцлагатай гишүүдийн бүлэгт байгаа хүний хувьд бид бүхэн ээлж дараагаараа өлсгөлөн зарлаад эхэлбэл энэ улс орон юу болох юм бэ? Бид нар тэгэхгүй. Тийм байдал руу битгий оруулаарай. Одоо болих хэрэгтэй. Ийм маягаар явбал бага хурлаа хий. Намынхаа гишүүдийг цуглуул. Энэ УИХ тарсан нь дээр.