Төрийн аудитын хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ
2020.04.09

Төрийн аудитын хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2020.04.09)  хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын 6 гишүүнээс  2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн аудитын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан танилцууллаа. 

Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулав. 

Монгол Улсын Их Хурал 2003 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Төрийн аудитын тухай хуулийг баталсан бөгөөд өнгөрсөн хугацаанд тус хуульд 10 удаа нэмэлт, өөрчлөлтийг оруулсан байна. Эдгээр нэмэлт, өөрчлөлтийг оруулах явцад анх батлагдсан хуулийн 58 хувь нь өөрчлөгдөж, хуулийн бүтэц, нэр томьёо, хэсэг, заалт хоорондын уялдаа алдагдсан. 

Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөд Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтад “Төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.” гэж нэмсэн.

Иймд төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх, татвар болон татварын бус орлого, байгалийн баялгийн ашиглалтаас бүрдсэн нийтийн өмчийг зохистойгоор төлөвлөх, тайлагнах, ашиглах, зарцуулах үйл ажиллагаанд тавих хяналтын эрх зүйн үндсийг тогтоох зорилгоор Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна. 

Хуулийн төсөл нь 6 бүлэг 44 зүйлтэй бөгөөд төсөл батлагдсанаар Төрийн аудитын байгууллагын аудит хийх шалгалтын үйл ажиллагааг үр дүнтэй, хараат бус, бие даасан, хууль зүй, эдийн засаг, хөндлөнгийн зүй бус нөлөөллөөс ангид байх баталгаа хангагдаж, төрийн санхүү, төсвийн хяналтыг хэрэгжүүлэх Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл санаа бодитоор хэрэгжих боломжтой болно гэж төсөл санаачлагчид үзжээ.

Мөн Төрийн аудитын олон улсын стандартыг баримтлах, шалгагдагч этгээд төрийн аудитын байгууллага хооронд үүсдэг хууль хэрэглээтэй холбоотой маргаан буурах, төрийн албан тушаалтны төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх үүргийн хэрэгжилтийг мэдээлэх боломж бий болж, төрийн аудитын төлбөрийн акт, албан шаардлагын биелэлт заавал хангагдах нөхцөл бүрдэх ач холбогдолтой 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, О.Баасанхүү,Д.Тогтохсүрэн нар асуулт асууж хариулт авлаа. Ингээд хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн ТБХ-д анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр шилжүүллээ.