Түүх, соёл уламжлал, хүүхэд, танин мэдэхүйн нэвтрүүлэг бэлтгэхэд төрөөс дэмжлэг үзүүлнэ
2019.12.04

Түүх, соёл уламжлал, хүүхэд, танин мэдэхүйн нэвтрүүлэг бэлтгэхэд төрөөс дэмжлэг үзүүлнэ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2019.12.03) хуралдаанаар Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэж дэмжсэнийг чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн.

Хуулийн төсөлд Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ нь радио, телевизийн газрын дамжуулах үйлчилгээ, олон суваг дамжуулах үйлчилгээ, олон нийтийн радио, телевизийн үйлчилгээ, арилжааны радио, телевизийн үйлчилгээ гэсэн төрөлтэй байхаар тусгаж, түүний үйл ажиллагааны онцлог зохицуулалт болох хэт төвлөрөл үүсэхээс сэргийлэх, эзэмшлийн ил тод байдлыг хангах, үндэсний нэвтрүүлэг хөгжүүлэх сангийн зохицуулалт, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид, радио, телевизийн газрын дамжуулах үйлчилгээ эрхлэгчид, хөтөлбөрт тавигдах ерөнхий шаардлага болон зар сурталчилгаа, архив, олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчид тавигдах шаардлага зэрэг зохицуулалтуудыг тусгасан байна.

Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн танилцуулав. Өнгөрсөн хугацаанд ажлын хэсэг гурван удаа, ажлын дэд хэсэг найман удаа хуралдаж хуулийн төслийн талаарх саналаа нэгтгэн нэгдсэн шийдэлд хүрсэн байна. Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй 59, найруулгын гурван санал гаргажээ. Мөн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар зарчмын зөрүүтэй 7 санал гаргасан байна.

Ингээд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын саналуудаар нэг бүрчлэн санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн юм. Тухайлбал, төслийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтыг “өргөн нэвтрүүлэг” гэж радио, телевизийн хөтөлбөр бэлтгэх, тэдгээрийг нэгтгэн харилцаа холбооны сүлжээ, төхөөрөмжөөр нэг цэгээс олон нийтэд нэгэн зэрэг хүргэхийг” гэж, 4.1.5 дахь заалтыг “радио, телевизийн үйлчилгээ” гэж өөрийн редакцид хөтөлбөр бэлтгэн харилцаа холбооны сүлжээнд холбогдож, олон нийтэд түгээх үйлчилгээ” гэж, 4.1.7 дахь заалтыг “арилжааны радио, телевиз” гэж хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай, ашгийн төлөө үйл ажиллагаа эрхлэх радио, телевизийн үйлчилгээ” гэж тус тус өөрчлөн найруулахыг дэмжив.

Мөн өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн үйлчилгээний тусгай зөвшөөрлийг зөвхөн хуулийн этгээдэд олгох, ингэхдээ тусгай зөвшөөрлийг нээлттэйгээр сонгон шалгаруулах, харин гадаадын хөрөнгө оруулагч бүхий хуулийн этгээдэд радио, телевизийн газрын сүлжээний болон өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгохыг хориглохоор тогтов.

Төслийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийг хуулийн этгээд нь радио, телевизийн газрын сүлжээний үйлчилгээ, олон суваг дамжуулах үйлчилгээ, өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн үйлчилгээ гэсэн үйлчилгээний гурван төрлөөс зөвхөн аль нэг тусгай зөвшөөрлийг нь эзэмшиж болохоор өөрчлөн найруулахыг дэмжив. Төрөөс өргөн нэвтрүүлгийн хөгжлийг дэмжих, радио, телелизийн үндэсний бүтээл үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сангаар дамжуулан өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг ард иргэдэд алслагдсан, сүлжээ хүрээгүй газарт хүртээмжтэй хүргэх, үйлдвэрлэхэд өртөг өндөр үндэсний түүх, соёл, уламжлал, хүүхэд, танин мэдэхүйн нэвтрүүлэг бэлтгэж хүргэх, өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн бүтээл үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлэх санал дэмжигдлээ.   

Мөн төслийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсгийг “Төрийн өмчийн радио, телевизийн газрын сүлжээний ашиглалтыг төр хариуцах бөгөөд Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз болон өргөн нэвтрүүлгийн радио, телевизийг энэ хуулийн 29.1.5-д заасныг баримтлан үнэ төлбөргүй дамжуулна” гэж, төслийн 23 дугаар зүйлийн 26.6.5 дахь хэсгийг “өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн хөтөлбөрт эзлэх үндэсний түүх, соёл, уламжлал, хүүхэд, танин мэдэхүйн нэвтрүүлэг” гэж өөрчлөн найруулахаар болов. Түүнчлэн радио, телевизээр дамжуулах аливаа хэлбэрийн зар сурталчилгааны хязгаарлалт, хөтөлбөрийн ивээн тэтгэлт, төлбөрт, захиалгат, теле-худалдааны нэвтрүүлгийн талаарх зохицуулалт хийхтэй холбогдсон журмыг Зохицуулах хороо баталж, хэрэгжилтэд хяналт тавих, радио, телевиз  эрхлэгчид нь Зар сурталчилгааны тухай хуулиар хязгаарласан сурталчилгаа бэлтгэж, нэвтрүүлэхийг хориглох саналыг дэмжлээ.   

Дараа нь хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан ажлын хэсгээс гаргасан найруулгын саналууд болон уг хуулийн төсөлтэй хамт өргөн барьсан Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэлээ.