Б.Энх-Амгалан: Хүүхдүүдийн тархинд нөлөөлж байгаа гадны контентыг хязгаарлах ёстой
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.06.12/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн “Өргөн нэвтрүүлгийн тухай” хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Өргөн нэвтрүүлгийн салбарын үйл ажиллагаатай холбогдох харилцааг Харилцаа холбооны тухай, Радио долгионы тухай зэрэг хуулиудаар зохицуулж байгаа бөгөөд өргөн нэвтрүүлгийн зах зээл өдрөөс өдөрт өргөжин хөгжиж, өргөн нэвтрүүлгийг зөвхөн телевиз, радио ашиглан хүлээн авахаас гадна гар утас, компьютер болон автомашины хүлээн авагчаар хүлээн авч үзэх боломжтой болж, ашиглах цар хүрээ, дахин дамжуулах компаниудын оролцоо, төлбөр зэргийг эрх зүйн хувьд зохицуулах хэрэгцээ урган гараад байна. Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд ажлын хэсгээс асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:
"Монгол Улс хүн амынхаа тоонд харьцуулбал дэлхийд байхгүй олон буюу 142 телевиз үйл ажиллагаа явуулж байна. Энэ хууль гарснаар энэ олон эмх замбараагүй мэдээллийн сувгийн тоо цөөрөх үү?
Контентын чанар хэрхэн сайжрах вэ? Хүүхдүүддээ үзүүлмээргүй байгаа гадаадын хүчирхийлэл, зөөлөн соёлын бодлогыг шингээсэн, хүүхдийн эмзэг тархинд хүчээр суулгаад байгаа контентууд үргэлжилэх үү? Өөрчлөгдөх үү?
Хууль гарснаар одоогийн телевизүүдийн программын бодлого өөрчлөгдөх үү? Тэгэхгүй бол захиалгатай, иргэдийг буруу мэдээлэлд хөтөлсөн сурвалжлага, нэвтрүүлгүүд явж байна. Та бүхэн харж байгаа байх төрийн ордны хонгилоор бөөнөөр гүйж байгаад тэгсэн гэнэ үнэн үү? та тэгэх үү? гэж асуудаг. Тэгээд сонсож авсан зүйлээ эфирээр цацахдаа тасдаад тавьчихдаг. Бүтэн хариулт биш. Энэ арилах уу?
Энэ олон сувгуудаас сонгож үзмээр байна. Түгждэг баймаар байна. Бүгдийг нь үз. Эсвэл нэгийг нь ч бүү үз гэсэн бодлого барих юм. Ийм байж болох юм уу?"
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан хуулийн төсөлтэй холбоотой асуулт асууж, хариулт авсны дараа саналаа хэллээ.