2019.06.12

Ц.Цогзолмаа: Телевизүүдийн өрсөлдөх чадвар технологид суурилах ёстой.

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.06.12/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн “Өргөн нэвтрүүлгийн тухай” хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Өргөн нэвтрүүлгийн салбарын үйл ажиллагаатай холбогдох харилцааг Харилцаа холбооны тухай, Радио долгионы тухай зэрэг хуулиудаар зохицуулж байгаа бөгөөд өргөн нэвтрүүлгийн зах зээл өдрөөс өдөрт өргөжин хөгжиж, өргөн нэвтрүүлгийг зөвхөн телевиз, радио ашиглан хүлээн авахаас гадна гар утас, компьютер болон автомашины хүлээн авагчаар хүлээн авч үзэх боломжтой болж, ашиглах цар хүрээ, дахин дамжуулах компаниудын оролцоо, төлбөр зэргийг эрх зүйн хувьд зохицуулах хэрэгцээ урган гараад байна. Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд ажлын хэсгээс асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа:

"Хүн төрлөхтөний соёл иргэншлийн хөгжилд хамгийн чухал үүрэг бол оюун санааны дэвшил юм. Тиймээс аливаа улс өөрийн түүх соёл, бичиг, дархлааг хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйлдвэрлэж байгаа контентээр дамжуулж үеийн үед уламжлан үлдээдэг түүхэн үүрэгтэй. Энэ утгаар үндэсний контентээ хүссэн ч эс хүссэн ч энэ хуулийг дэмжээд явах ёстой.

Хамгийн том дайн бол үзэл суртлын дайн. Аль ч улс үндэстэн өөрийн ард түмэн, үндэстнийхээ түүхээ өнгөлж чадаж байна уу, тэр чинээгээр газар нутгийн том багаар биш түүх соёлын том жижигээр өрсөлддөг болсон. Тийм ч учраас чиглэлд телевизүүдийн соён гэгээрүүлэх, ялангуяа боловсрол, шинжлэх ухаан, танин мэдэхүйн контентуудыг түлхүү оруулах, хэл соёл түүхээ сурталчилах тал дээр анхаарах ёстой.

21-р зуун дижиталчилагдсан зуунд амьдарч байна. Тиймээс олон сувгийн ТВ-үүдийн өрсөлдөх чадвар технологийн дэвшил дээр суурилах хэрэгтэй байна. Шинжлэх ухаанч, судалгаад тулгуурласан мэдээ, мэдээллийг хойч үе хүсэж байна. Үүнийг нь ТВ-үүд өгч чаддаг болох ёстой."