2016.11.11

Ж.Бат-Эрдэнэ: Нийгмийн даатгалын тогтолцоо эрүүлжинэ

Өнөөдрийн үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаанаар "Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай" хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн С.Чинзориг, Ниймгийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг нар танилцуулсан.

Энэ хуулийн төсөл нь нийгмийн шилжилтийн явцад хөдөлмөр эрхлэлтийн байдал нь өөрчлөгдөж, эрхэлж байгаа ажил үйлчилгээний онцлогоос хамааран тэтгэврийн даатгалын шимтгэлээ тухайн хугацаанд нь төлж чадаагүй малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулж байгаа юм байна.

Уг хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ үг хэллээ. 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ

"Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих хууль гэж ойлгож байна. Хувиараа хөдөлмөр эрхлэгчид, малчдын тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай МАН сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасан. МАН сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ гэхээс илүү 1990 оноос эхэлсэн нийгэм, зах зээлийн өөрчлөлтийн нөлөөгөөр үүссэн асуудлыг зайлшгүй засах шаардлага тулгарч байна.

Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш хувиараа хөдөлмөр эрхэлж буй хүмүүс нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй хуримтлал үүсгэсэн байгаа. Тиймээс уг хуулийн төслийг баталж хэрэгжүүлсэнээр нэг талаас нийгмийн даатгалын тогтолцоог эрүүлжүүлэхэд чухал ач холбогдолтой. Нөгөө талаас хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчдыг бизнес эрхэлж байна гэсэн өнцгөөс харж, энэ үүднээс нь дэмжих хуулийн төслүүдийг оруулж ирэх нь зүйтэй.

Мал аж ахуй эрхлэх, хувиараа хөдөлмөрлөх боломжоор хангах, орлогыг нь нэмэгдүүлэх, эдийн засагт оролцоход нь түлхэц болох бодлого боловсруулах хэрэгтэй гэсэн саналтай байна. Энэ нь эргээд эдийн засгийг тогтворжуулах, нийгмийн даатгалын тогтолцоо эрүүлжүүлэх юм."