Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцлээ
2016.12.06

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцлээ

 Өдрийн хуралдаанаар Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан юм.

Нийгмийн шилжилтийн явцад хөдөлмөр эрхлэлтийн статус нь өөрчлөгдөж, эрхэлж буй ажил, үйлчилгээний онцлогоос хамааран тэтгэврийн даатгалын шимтгэлээ тухайн хугацаанд нь төлж чадаагүй  малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахааар УИХ-ын гишүүн С.Чинзориг хуулийн төслийг боловсруулсан байна.

Энэ хуулийн үйлчлэлд 1995 оноос энэ хууль хүчин төгөлдөр болсон өдөр хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан болон хувиараа хөдөлмөр эрхэлж байсан 15-60 насны иргэн хамаарахаар тусгажээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асууж тодруулах гишүүн гараагүй бөгөөд гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явууллаа.

Гишүүдийн гаргасан “Ерөнхий боловсролын сургууль, коллеж, их, дээд сургуулийн өдрийн ангид суралцсан хугацаа малчнаар ажилласан жилд хамаарахгүй”, “малчин болон хувиараа хөдөлмөр эрхлэгчийн өөр ажил эрхэлсэн хугацаа малчин хувиараа хөдөлмөр эрхлэгчээр ажилласан хугацаанд хамаарахгүй” гэж өөрчлөн найруулах саналууд дэмжигдсэн. Байнгын хорооны хуралдаанаар ийнхүү хэлэлцээд чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтов.

Дараа нь Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Дээд боловсролын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Гантулга МУИС-ийн захирлын томилгоотой холбоотой үүсээд байгаа асуудлын талаар тодруулж, асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэх талаар даруй арга хэмжээ авах нь зүйтэй гэсэн байр суурьтай байлаа. Тэрбээр их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрийг эргэн харах талаар ч саналаа илэрхийлсэн. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг хуулийг дагаж мөрдөх хугацааны талаар тодруулсан бөгөөд хууль санаачлагчид хуулийг баталсан өдрөөс нь дагаж мөрдөхөөр төсөлд тусгасан талаар мэдээлсэн юм. Дараа нь УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн гаргасан зарчмын зөрүүтэй нэг саналын томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн бөгөөд байнгын хорооны санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.