Хуулийн үйлчлэх хугацааг сунгах төсөл өргөн барилаа
2021.01.19

Хуулийн үйлчлэх хугацааг сунгах төсөл өргөн барилаа

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа. 

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийг батлан, 2019 онд орсон нэмэлт, өөрчлөлтөөр уг хуулийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөхөөр шийдвэрлэсэн.

Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар дээрх хуулийн үйлчлэлд 28.1 мянган иргэн хамрагдах, тэтгэврийн даатгалын санд 42.2 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр, уг сангаас 8.8 мянган малчин хувиараа, хөдөлмөр эрхлэгчийн тэтгэвэрт 37.3 тэрбум төгрөг зарцуулахаар тодотгосон.

Харин дэлхий дахинаа тархаад байгаа коронавирус халдварын цар тахалтай тэмцэх арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд хөл хорио тогтоож, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт илжүүлсэнтэй холбоотой малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагаа доголдож орлого буурч, нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломжгүй болоод байна.

Нийгмийн даатгалын байгууллагын 2020 оны 12 дугаар сарын мэдээгээр хамрагдвал зохих иргэдийн 33 хувь буюу 9.2 мянган малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч хамрагдаж, 17.7 тэрбум төгрөгийг тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлсөн байна. Эдгээр иргэдээс 6.5 мянган иргэн Шинээр тэтгэвэр тогтоолгож, тэтгэвэрт 9.8 тэрбум төгрөг зарцуулсан байна. 

УИХ-ын 2020 оны «Коронавируст халдвар ЖОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар чиглэл өгөх тухай" 36 дугаар тогтоолын 5 дахь заалтад “Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай шийдвэр гарсан тул хуульд өөрчлөлт оруулах шаардлага бий болсон.

Иймд Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn