Хүүхэд төрсөн цагаасаа 18 нас хүртлээ бүрэн хамгаалагдаж байна
2016.02.25

Хүүхэд төрсөн цагаасаа 18 нас хүртлээ бүрэн хамгаалагдаж байна

Монгол Улс Хүүхэд хамгааллын тухай хуультай болсонтой уялдуулан тус хуулийг сурталчлан таниулах нийтлэл хүргэж байна.

Энэ хууль  хүүхдийн эрхийг төрсөн цагаас нь эхлэн 18 насанд хүртэл нь хамгаалахад үйлчилнэ. Монгол Улсад оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүний хүүхдэд нэгэн адил хамаарна.

Хүүхдийг үл хайхрах, хүүхэдтэй холбоотой эрх, үүргээ урвуулан ашиглах, бэлгийн дарамт үзүүлэхийг хуулиар хориглож байна.

Хүүхдийг хамгаална  гэдэг энгийн мөртлөө нийгэмд хамгийн их зөрчигдөж байна. Тиймээс төр хүүхдийг бүрэн хамгаалалтандаа авч, тэднийг дараах байдлаар хамгаалахыг хуульчилж өгчээ.

-Хүүхдийн үзэл бодол, итгэл үнэмшлийг хүндэтгэх
-Хүүхдийн хувийн шинж чанар, нас, хөгжлийн онцлогийг харгалзан үзэх
-Хүүхэдтэй хүнлэг бус, хэрцгий хандахгүй, нэр төр, алдар хүндийг нь гутаахгүй байх
-Хүүхдийг өөрийн санал, хүсэлтээ илэрхийлэх, өөрт нь ашигтай мэдээлэл авах боломжоор хангах
-Хүүхдийн  ашиг сонирхол, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавих
-Хүүхдэд тохирсон мэргэжлийн, мэргэшсэн цогц үйлчилгээ үзүүлэх
Хүүхдийг хамгаалах анхдагч орчин нь гэр бүл, хамгаалах нэн тэргүүний үүрэгтэй хүмүүс бол тэдний эцэг, эх нь. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдийг эрүүл, сайн хүн болгон өсгөн бойжуулах эрхэм үүрэгтэй төдийгүй хүүхдийнхээ санал, хүсэлтийг сонсох замаар тэдний өмнөөс шийдвэр гаргах ёстой.

Хүүхдийн хамгийн дотны зөвлөх, сайн чиглүүлэгч нь ээж, аав нь бөгөөд та бүхэн хүүхдийг бие даасан, нийгмийн өмнө хариуцлага хүлээх чадвартай бие хүн болгон төлөвшүүлэх үүрэгтэй.

Хүүхдээ сурч боловсрох, эрүүл  саруул өсгөн бойжуулахад онцгой анхаарч, тэднийг үргэлж урамшуулан дэмжиж байх хэрэгтэй. Хүүхэд тэр тусмаа бага насны хүүхэд өөрийгөө хамгаалах чадваргүй байдаг учраас эцэг, эхчүүд хүүхдээ аливаа хүчирхийлэл, дарамтад өртөхөөс байнга хамгаалж байх үүрэгтэй.

Хүүхэд хамгааллын чиглэлээр төрөөс явуулж буй гол бодлого нь эцэг эх, асран хамгаалагчдад хүүхдээ асран хамгаалахад дэмжихэд оршиж байна. Ингэхдээ эцэг эхчүүдэд энэ талын мэдээлэл өгөх, хүүхдээ хамгаалахад дэмжиж туслах, хэрэв энэ үүргээ биелүүлж чадахгүй бол төр өөрийн хамгаалалтад хүүхдийг авах, хүүхдийн төлөө авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээнд хяналт тавина гэж хуульд заажээ.

Хүүхэд хамгааллын чиглэлээр төрөөс явуулж буй гол бодлого нь эцэг эх, асран хамгаалагчдад хүүхдээ асран хамгаалахад дэмжихэд оршиж байна
Хүүхдийн сурч боловсрох эрхийг хязгаарлахыг хориглоно

Хүүхдэд боловсрол олгож буй сургалтын байгууллагын багш, ажилтнууд хүүхдэд бие махбодийн шийтгэл хүлээлгэхгүй байх үүрэгтэй бөгөөд тэд бие биенээ харилцан хүндэтгэсэн, шударга ёсонд нийцсэн аргаар сургах үүрэг хүлээжээ. Тиймээс цэцэрлэг, сургуулийн орчинд хүүхдийг үзэн ядах, ялгаварлан гадуурхах, хүчирхийлэх явдлыг үл тэвчиж, хүүхдээр албадан хөдөлмөр эрхлүүлж болохгүй юм.

Хүүхдийн бие, сэтгэцийн эрүүл мэнд бүрэн хамгаалагдсан

Тиймээс хүүхэд эрүүл мэндийн тусламж, эмчилгээ үйлчилгээ, мэдээллээр хангагдах бүрэн эрхтэй гэсэн үг. Төр хүүхдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхдээ ялгаварлалгүй хандах бөгөөд үйлчилгээ үзүүлэхээс санаатайгаар татгалзах, хүүхдийн биед шинжлэх ухааны туршилт хийх эрхгүй.

Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Хөдөлмөрийн хуулийн дагуу 14 ба түүнээс дээш насны хүүхэд хөдөлмөр эрхэлж болно. Ингэхдээ хүүхэд өөрийн эрхэлж буй хөдөлмөрт дүйцэх цалин, хөлс авах эрхтэй. Гэхдээ хүүхдийн аюултай, тэвчишгүй хөдөлмөрийг энд дурдаагүй болно.

Хүүхэд нас, бие, сэтгэхүйн хөгжлийн түвшиндээ тохирсон тоглоомоор тоглох, чөлөөт цагаа өнгөрүүлэх эрх нь хуулиар хамгаалагдаж байна

Тиймээс төр, иргэн, аж ахуйн нэгж байгууллага, эцэг эх нь хүүхдийн биеийн тамир, урлаг, соёлын арга хэмжээнд оролцуулах үүрг хүлээж байна. Гэхдээ хүүхдийг ашиг хонжоо олох болон бусад хууль бус зорилгоор ашиглаж болохгүй. Интернэт тоглоомын төвүүдийн үйл ажиллагааг хянах эрх нь Засгийн газарт бий.

Хүүхдийг хамгаалахад хэвлэл мэдээллийн хэрэгсэл тодорхой үүрэг хүлээнэ. Хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, нэр төрд халдахуйц нийтлэл, кино, видео тоглоом, цахим мэдээллээс бүрэн хамгаалагдсан учраас телевиз, радио, сонин, цахим хуудас зэрэг ОНМХ-ээр нэвтрүүлэхээс эхлээд дүрс, авиа бичлэг, зураг хэлбэрээр хүүхдэд үзүүлэх, худалдах, түрээслэх, тараахыг хориглож байна.

Хүүхдийн хувийн нууц ч бас хуулиар хамгаалагдаж байна

Хүүхдийн хувийн нууц ч бас хуулиар хамгаалагдаж байна. Үүнд хүүхдийн аман болон бичгээр харилцсан харилцаа, сурлагын дүн, өвчний түүх болон хувийн ашиг сонирхол нь хөндөгдөх бусад мэдээллийг нууцлах ёстой.

Хүүхэд тамхи, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бусад хортой бодис хэрэглэхээс хамгаалагдаж байна. Тиймээс энэ төрлийн хууль бус үйл ажиллагаанд хүүхдийг татан оролцуулахгүй байх, эдгээр төрлийн бодис бүхий орчинд хүүхдийг байлгахыг хориглож байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ч бусад хүүхдийн адил бүхий л орчин, нөхцөлд хамгаалагдаж байна.

Тэд өөрсдөд нь зориулсан боловсрол, эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээг ижил тэгш, ялгаварлалгүй авдаг байхыг хуульд тусгажээ.

Хүүхдийн хамгааллын хүрээнд мөрдөгдөж буй эдгээр заалтууд тус бүрийг зөрчигдөж байгааг мэдсэн тохиолдол бүрийг иргэн та цагдаагийн байгууллага, багийн Засаг дарга, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газарт нэн даруй мэдэгдэх үүрэгтэй. Энэ дагуу мэдээллийн үнэ төлбөргүй, 24 цагийн утас ажиллах бөгөөд зөвхөн зөрчлийн мэдээлэл бус шуурхай зөвлөгөө, тусламжийн мэдээлэл авах боломжтой юм байна.

Хүүхэд хамгааллын талаарх бодлогыг хэрэгжүүлэхэд төрийн байгууллагуудын чиг үүргийг энэхүү хуульд тусгажээ. Тэр дундаа Сум, хорооны хүүхэд гэр бүлийн хөгжлийн төв, байгууллагын нийгмийн ажилтан нь гэр бүл болон бусад орчин дахь хүүхдийн эрх ашиг хэрхэн зөрчигдөж байгааг судлан тогтоох, нөхцөл байдлын үнэлгээ гаргах, холбогдох шатны байгууллагад энэ тухайгаа мэдэгдэх үүрэгтэй.

Хүүхэд хамгааллын тухай хууль зөрчсөн этгээдэд хариуцлага хүлээлгэх юм 

Ийнхүү хүүхдийн эрхийн зөрчилд хүлээлгэх захиргааны хариуцлагыг Зөрчлийн тухай хуулиар, ял шийтгэлийг Гэмт хэргийн тухай хуулиар тодорхойлж, Хүүхэд хамгааллын тухай хууль зөрчсөн этгээдэд хариуцлага хүлээлгэх юм .

Хүүхдийг үл хайхрах гэж хүүхдийг халамжлах, хүмүүжүүлэх болон бие, сэтгэл, оюун ухаан, нийгмйн хэрэгцээг хангах үүрэг хүлээсэн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хүүхэд хамгаалагч нь энэ үүргээ санаатай болон болгоомжгүйгээр биелүүлэхгүй байхыг хэлнэ.

Хүүхэдтэй холбоотой эрх, үүргээ урвуулан ашиглах гэж хүүхэдтэй зүй бус харьцах гэдэгт санаатайгаар хүүхдэд бие махбодь, оюуны болон сэтгэл санааны хохирол учруулсан үйлдэл, эсвэл эдгээр аюулд өртсөн хүүхдийг эцэг эх, асран хамгаалагч нь хамгаалаагүй, хүүхдийг аливаа хэлбэрээр хүчирхийлсэн, түрэмгийлсэн, тарчлаан зовоосон, гутаан доромжилсон аливаа үйлдлүүд орно.

Тиймээс эцэг эх, асран хамгаалагч, эрүүл мэнд, боловсролын байгууллагын ажилтан таниас эхлээд төр, хувийн хэвшлийн бүхий л байгууллагын албан хаагчид та бүхэн хүүхдийг хамгаалж, тэднийг хамгаалахад идэвхтэй оролцоно уу.

 

3ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Д.Амараа Хууль батлагдахаас өмнө хүүхдийн хамгаалагдах эрх зөрчигдсэн нь эрүүгийн болон зөрчлийн шинжтэй гэж үзэхээс наана хүүхэдтэй зүй бус харьцах явдалд хариу арга хэмжээ авахгүй орхигдох нь их байсан. Энэ хуулиар хүүхдэд хамаатай бүх салбарт хүүхдийг хаана, хэн, яаж хамгаалах тухай тусгасан. Өөрөөр хэлбэл хүүхэд хамгааллын үйлчилгээний процессыг цэгцэлж, Монгол Улсад хүүхэд хамгааллын бие даасан тогтолцоог бий болгоход эхний том алхам болсон гэж бодож байна.

2016.04.15

Б.Бурмаа Өмнө нь хүүхдийг үрчлэхдээ үрчлэгчийн гэрт хэд хоног байлгаад үрчлүүлдэг байлаа. Гэвч зарим гэр бүл энэ хүүхдийг буцаая хэмээн авчирч хүүхдийн сэтгэл зүйд хүнд цохилт болдог тохиолдол цөөнгүй байлаа. Харин энэ хуулиар асралт гэр бүлийн хувилбарт үйлчилгээг бий болгож хангалттай хугацаанд хүүхэд тухайн гэр бүлдээ дасан зохицох боломжийг бий болгосон нь зүйтэй.

2016.04.15

П.Цэвээн Хүүхэд хамгааллын хууль нь Хүүхдийн эрхийн хуулийг хэрэгжүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн эсрэг хүчирхийллийн бүх хэлбэрийг таслан зогсоох зорилготой процессын хууль болсон. Ингэхдээ гэр бүл, боловсрол, эрүүл мэнд, нийгэм гээд бүх орчинд хүүхэд хамгааллыг тус тусад нь тодорхойлж өгсөн ач холбогдолтой.

2016.04.15