ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ хуулийн төслүүд өргөн барив
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ
2015.05.11

ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ хуулийн төслүүд өргөн барив

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Хүүхдийн эрхийн тухай хуулийн төсөл болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ өнөөдөр /2015.05.11/ өргөн барилаа.

Хуулийн төсөл өргөн барих үеэр Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ “Монгол Улсын Үндсэн хуулийн 16.11 дэх хэсэгт гэр бүл эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалах үүрэгтэй гэсэн заалт бий. Мөн Монгол Улс 1990 онд Хүүхдийн эрхийн тухай конвенцид нэгдэн орсон. Гэвч боловсролын орчноос бусад орчинд хүүхдийн эсрэг хүчирхийллийг хуулиар хориглоогүй” хэмээн танилцуулав.

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль нь 20 гаруй жил хэрэгжиж байгаа материаллаг шинжтэй хууль бөгөөд хүүхдийн хамгаалагдах эрхийн хэрэгжилтийг хянах, шаардлагатай үйлчилгээ үзүүлэх арга зам, зохицуулалт, хариуцлагын тогтолцоог нарийвчлан тодорхойлсон хуулийг шинээр батлан гаргах шаардлагатай болсон хэмээн үзэж Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслийг боловсруулсан гэлээ.

Эдгээр хуулийн төслүүдийг Монголын хүүхдийн байгууллагын 90 жилийн ойг тэмдэглэж буй энэ өдрүүдэд УИХ-д өргөн барьж байгаа нь онцлогтой болохыг хуулийн төслийг өргөн барих үеэрээ УИХ-ын даргад танилцуулсан юм хэмээн Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.