Сонгуулиар хууль зөрчвөл дахин улс төрд оруулахгүй
УИХ-ын гишүүн Р.Бурмаа
2015.05.21

Сонгуулиар хууль зөрчвөл дахин улс төрд оруулахгүй

Сүүлийн жилүүдэд сонгуулиас сонгуульд зарцуулах зардлын хэмжээ хэд дахин өсч, сонгуулийн үр дүнг мөнгөөр шийдэх ч нөхцөл байдал үүссэн. 2008 оны УИХ-ын сонгуульд долоон тэрбум төгрөг зарцуулж байсан бол 2012 оныход 37 тэрбум болж зардал өссөн нь үүний нэг жишээ.

Зардал өсөхийн хэрээр сонгуулийн санхүүжилтийг хууль бусаар олох, хандив нэрээр авлига авах зэрэг нь нэмэгджээ. Мэдээж мөнгөгүйгээр сонгууль явуулах боломж үгүй. Гэвч хэрхэн, хэр хэмжээний мөнгө зарцуулах зэрэг асуудлыг зохицуулах зайлшгүй шаардлагатай. Тиймээс УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо "Сонгуулийн санхүүжилт” нэртэй хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт АТГ, Сонгогчийн боловсролын төв төрийн бус байгууллага оролцсон юм. Хэлэлцүүлгийн үеэр АТГ-ын Судалгаа шинжилгээний ахлах ажилтан Ц.Шинэбаяр "Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлига” сэдвээр илтгэл тавьсан.

Тэрээр улс төрийн хүрээнд өндөр төвшний авлига түгээмэл байгааг судалгааны үндсэн дээр тайлбарлав. Эрх баригч, албан тушаалтны дунд байгаа авлигыг ийнхүү нэрлэдэг бөгөөд ялангуяа эрх баригч намуудын дунд авлига газар авсныг дуулгалаа.

Энэ хэвээр цааш үргэлжлэх нь авлига ердийн үзэгдэл болоход ойрхон байгааг ч анхааруулсан юм. Тиймээс авлигыг багасгахын тулд одоо байгаа улс төрийн тогтолцоог өөрчлөх, төрийн албыг мэргэшсэн тогтвортой байлгахад анхаарах ёстой юм байна.

Мөн албан тушаалд танил тал хувийн ашиг сонирхлоор томилгоо хийдгийг зогсоох, улс төрд компаниудын нөлөөллийг багасгах, хариуцлагын тогтолцоог сайжруулах хэрэгтэйг санууллаа.

Харин шинээр боловсруулж байгаа Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөлд сонгуулийн санхүүжилтийн талаар хэрхэн тусгасныг ажлын хэсгийн ахлагч Р.Бурмаагаас тодрууллаа.

-Шинэ хуульд улстөрийн намуудын сонгуулийн санхүүжилтийг хэрхэн зохицуулж байгаа вэ?

Сонгуулийн хуульд'санхүүжилтийн талаар нэлээн нарийвчилж тусгасан. Улс төрийн санхүүжилтийг намын болон сонгуулийн гэж хоёр хувааж байгаа. Тухайлбал, сонгуулийн үеэр авч болох хандивын нийт хэмжээг нарийвчлан заасан.

Хандивлагчийнхаа нэр хаяг, хэмжээг тодорхой мэдээлэх үүрэгтэй болгож, сонгуулийн зардалд тавих хяналтыг нарийн болгосон. Өмнө нь Сонгуулийн ерөнхий хороо зардалд хяналт тавина гэж нэр төдий ажил болгодог байсныг болиулж аудитын байгууллага хянахаар заасан.

Мөн тухайн нэр дэвшигч тойрогтоо зарцуулах санхүүжилтийн хэмжээг зааж өгнө. Хувиасаа гаргасан хөрөнгөө, машин тэрэг,' хүн хүч дайчилснаа ч тайлагнана. Энэ нь аль ч байгууллага, хэвлэл мэдээлэл олж мэдэж болохоор олон нийтэд ил байх юм. Үүний тулд вэб сайттай байна.

Хандив болон бусад зарцуулалт шилэн дансны хуулийн дагуу явна. Дараагийн гол зохицуулалт нь сонгуулийн зардлыг багасгасан явдал. Сонгуулийн сурталчилгааг илүү өндөр үнээр хийхгүй байх, аль нэг нам, нэр дэвшигчийг дагнан сурталчлахгүй зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагад хамаатай заалт ч орсон.

-Энэ заалтуудыг зөрчвөл хүлээлгэх хариуцлагын талаар хэрхэн тусгасан бэ?

Сонгуулийн зардлын тайлангаа цаг хугацаанд гаргаж өгөөгүй эсвэл худлаа тайлагнасан бол тухайн намыг Сонгуулийн хороо бүртгэж авахгүй байх, сонгуулийн үеэр хууль зөрчсөн нь тогтоогдвол тангараг өргөсөн байсан ч мандатыг хүчингүй болгохоор заасан байгаа. Бас эдийн засгийн хөшүүрэг ч байгаа.

Хэрвээ хууль зөрчсөнөөс болж дахин сонгууль явуулах хэмжээнд хүрвэл тухайн зардлыг буруутай этгээдээр төлүүлнэ. Дахин сонгууль явуулахад улсын төсөв, бусад нэр дэвшигчээс их хэмжээний зардал гардаг шүү дээ. Үүнийг буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ гэсэн үг. Мөн мөнгө тарааж сонгогдсон бол улстөрд дахин орох карьерийг нь хаана.

Цаашдаа сонгуулийг аль болох бага зардлаар, зөв өрсөлдөх боломжийг хангах ёстой. Үүний тулд нэр дэвшигчдийн тараах материалыг нэгдсэн журмаар гаргаж хүн бүхэн материал тарааж айлын хаалга тогшиж явдгийг болиулна. Сурталчилгааны самбарыг үнэ төлбөргүй байршуулах газрыг ч зааж өгнө. Сонгуулийн дараа намд улсын төсвөөс мөнгө өгдөг.

Зориулалтыг нь заадаггүй учраас юунд зарцуулсан нь мэдэгддэггүй. Тиймээс татвар төлөгчийн мөнгө бүрийн араас хяналт тавьдаг, тэд ч тайлагнадаг байх үүрэгтэй. Хэрвээ тайлагнахгүй бол намын дараагийн санхүүжилтийг олгохгүй байх, удаа дараа зөрчвөл тухайн намыг татан буулгах хүртэл арга хэмжээ авах зохицуулалтыг хийнэ. Их хэмжээний хандив өгсөн хүндээ албан тушаал, тендер өгдөг байдлыг зогсооно.

-Сонгуулийн хуулийн ажлын хэсэг дүгнэлтээ хэзээ УИХ-д өгөх вэ?

Хоёр зүйл дээр тохирвол бусад нь бэлэн болсон. Нэгд, сонгуулийн тогтолцоон дээр УИХ дахь гурван намын бүлэг өөр саналтай байгаа. Үүнийгээ нэгтгэж чадвал Сонгуулийн хуулийг өргөн барихад бараг бэлэн. Мөн МАН орон нутгийн болон УИХ-ын сонгуулийг тусад нь явуулах ёстой гэж үзэж байгаа. Энэ хоёроос бусад зүйл заалт дээр намууд саналаа нэгтгэсэн