Хууль зөрчсөнийг нь тогтоовол тангараг өргөсөн ч эргүүлэн татна
УИХ-ын гишүүн Р.Бурмаа
2015.05.21

Хууль зөрчсөнийг нь тогтоовол тангараг өргөсөн ч эргүүлэн татна

УИХ-ын гишүүн Р.Бурмаагаас Сонгуулийн санхүүжилтийн талаарх тодруулгыг авлаа. Тэрбээр,Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч юм.

-Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсэг санхүүжилтийн асуудал дээр нэгдсэн ойлголтод хүрсэн гэж сонссон. Яг ямар ойлголтод хүрсэн юм бэ?

Сонгуулийн хуулийн өөрчлөлтөөр сонгуулийн болон улс төрийн намын санхүүжилт гэж хувааж байгаа. Мөн хандивын асуудал дээр хувь хүний нэр хаяг, бүх хандивын хэмжээ түүнд тавих хяналтыг тодорхой болгосон. Өөрөөр хэлбэл, дан ганц Сонгуулийн ерөнхий хороо хяналт хариуцдаг байсан бол аудитын байгууллага хяналт тавьж ажиллах юм.

Өмнө нь намууд өөрийн гаргасан хөрөнгөө тайлагнах шаардлагагүй байсан. Харин хандив өгсөн хүмүүсийнхээ тайланг гаргаж өгдөг байсан, Тэгвэл хуулийн өөрчлөлтөөр хувиасаа гаргасан хөрөнгийг холбогдох тайлбартайгаар тайлагнана.

-Сонгуулийн санхүүжилтийг олон нийтэд ил тодоор тайлагнах уу?

Тийм ээ, нийтэд ил тод явна. Аудитын дүгнэлт өөрөө вэб сайтад ил тод явдаг. Нөгөөтэйгүүр, сонгуулийн санхүүжилтийн хандив болон зарцуулалт шилэн дансаар явна. Дараагийн нэг чухал заалт нь сонгуулийн зардлыг багасгасан. Тухайлбал, сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өөрсдийн үнэ ханшийг тогтоодог. Тэгэхээр аль нэг нэр дэвшигчийг дагнасан мэдээлэл явуулахыг хориглож, тэнцвэртэй дагнасан мэдээлэл явуулахаас гадна сурталчилгааны самбарыг үнэ төлбөргүйгээр намуудад тэгш хуваарилахаар тусгасан.

Ингэснээр нэр дэвшигч, намуудад тэгш боломжийг олгох юм. Мөн хувийн болон арилжааны телевизүүд дагнасан биш эфирийн тогтсон цагт хуваарилалтаа хийгээд явна. Үүнээс гадна сонгуулийн зардлын тайлангаа хугацаанд нь гаргаж өгөөгүй, намын санхүүжилтээ худал мэдээлсэн бол тухайн намыг бүртгэж авахгүй байх зохицуулалтыг оруулж байгаа.

Хэрвээ энэ нь сонгуулийн дараа тогтоогдох юм бол нэр дэвшигч тангараг өргөсөн байсан ч мандатыг нь хүчингүй болгож эргүүлэн татна. Мөн буруутайг нь тогтоогоод дахин сонгууль явуулахаар болбол холбогдох зардлыг тухайн нэр дэвшигчээс гаргуулах зэргээр Сонгуулийн хуульд хариуцлагын тогтолцооны босгыг өндөрсгөсөн. Өөрөөр хэлбэл сонгуулиар хууль зөрчвөл нэр дэвшигчийн эргэж улс төрд орох карьер нь хаагдах юм.

-Намуудад УИХ-д авсан суудлын нь хэмжээгээр төсвөөс мөнгө олгодог. Үүнийг яаж зохицуулахаар болж байгаа вэ?

Сонгуулийн дараа намуудын авсан санал болон суудлынх нь хэмжээгээр улсын төсвөөс мөнгө олгодог ч зориулалтыг нь тусгаж өгөөгүй. Зориулалт байхгүй учраас татвар төлөгчдийн мөнгийг хэрхэн зарцуулсан нь тодорхойгүй байдаг. Намууд ч төсвөөс авсан мөнгөнийхөө зарцуулалтын тайланг гаргаж өгдөггүй. Үүнээс үүдэлтэйгээр авлигад хамгийн их өртдөг.

Нөгөө талаас намдаа хандив өгсөн хүмүүст зориулж албан тушаал, тендерээр буцааж хариу барьдаг жишиг тогтсон нь нууц биш. Тиймээс татвар төлөгчдийн халааснаас гарч байгаа мөнгө бүрийг хэрхэн зарцуулж байгаад хяналт тавиад явах, эргээд тайлагнадаг байх ёстой гэсэн зарчмыг баримталж байна.

Тухайлбал, улс төрийн намуудад улсын төсвөөс өгч байгаа мөнгийг хэрхэн зарцуулах талаар ард иргэд, судлаачидтай уулзаж ярилцдаг болно. Ингэснээр улсын төсвөөс гарч байгаа мөнгийг хаана, хэрхэн зарцуулах нь тодорхой болох юм. Өнөөдөр УИХ-д суудалтай намуудад улсын төсвөөс санхүүжилт олгож байгаа.

Цаашид улс хэмжээнд суудал авч чадаагүй ч тодорхой дэмжлэг үзүүлээд явна. Жишээ нь, таван хувийн босгоо давж чадаагүй ч дөрвөн хувийн дэмжлэг авсан намуудад дэмжлэг үзүүлэх санхүүжилт олгох нь зүйтэй юм байна гэж үзсэн.

-Ажлын хэсэг дүгнэлтээ хэзээ УИХ-д танилцуулах вэ?

Ажлын хэсэг хоёр зүйл дээрээ ойлголцолд хүрэх юм бол УИХ-д танилцуулна. Нэгдүгээрт, сонгуулийн систем дээр гурван намын бүлэг өөр, өөрсдийн саналаа нэгтгээгүй байна. Хоёрдугаарт, МАН-ынхан орон нутаг, УИХ-ын сонгуулийг нэг өдөр явуулах саналыг хэлж байгаа. Хэрвээ энэ хоёр асуудалд ойлголцолд хүрээд нэгтгэж чадвал УИХ-д өргөн барих боломжтой.