У.Мэндбаяр: 70 насалсан ч би өглөө болгон дасгал хийдэг
Тээврийн ахмад настан У.Мэндбаяртай ярилцлаа. Түүнийг Монголын хамгийн идэвхтэй ахмадуудын нэг гэж хэлж болно.
- Та өнөөгийн нийгэмд өмнөхөөсөө сайхан амьдарч чадаж байна уу?
Өнөөдрийн ардчилсан нийгмийг би хувьдаа муулаад байхыг хүсдэггүй. Гэхдээ сайшаагаад байхаар юм ч алга. Дундын гэсэн л дүн тавина. Ахмадуудаас өөрсдөөс нь шалтгаалах зүйл их бий. Манай ахмадууд өөрсдийгөө гаргуунд нь хаячихдаг. Эмч нар болохоор насны доройтол гэсэн ганцхан онош тавьдаг. Ахмадын дундаж наслалт жаран хэдтэй л байдаг. Энэ бол хөгжингүй орнуудад залууд тооцогддог.
Ахмадууд өөрсдөө яавал өөдрөг сэтгэлтэй байж идэвхтэй амьдрах вэ, яавал эрүүл байх вэ гээд хичээл зүтгэл гаргавал төр халамжилсангүй, эм тариа хэрэгтэй хэмээн бахираад суух шаардлага байхгүй. Байнгын өвчин, зовлон тоочоод байвал үр хүүхдийнх нь хүмүүжилд муугаар нөлөөлнө шүү дээ.
Ахмадын амьдралыг хүндрүүлж буй нэг асуудал бол тэдний үр хүүхдийн ажилгүйдэл, архидалт, ядуурал зэрэг нийгмийн хурц асуудлууд. Гэр бүл нь орлогогүй учраас ахмадууд тэртэй тэргүй бага тэтгэврээрээ зээл авдаг. Тэгэхээр эхлээд залуучуудаа боловсролтой, ажилтай болгох нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй.
Үнэндээ Монголын ахмадууд гадаадын нэгэн том орны тосгоны хүн амын тоотой тэнцэнэ. Ийм байхад цөөн хэдэн ахмадаа олигтой харж хандахгүй байгаа арчаагүй төрийн шинж.
Юун түрүүнд хүнийхээ төлөө ажиллаж сурмаар байна.
Ахмадууд том компаний захирлын ресторанд хоол идэх мөнгөөр голоо зогоодог.
Тэтгэврийн зээл бол банк төрийн мөнгийг ашиглаад мөнгө хүүлээд сууж байгаа хэлбэр. Өөр юу ч биш.
- Ахмадын сэтгэл түвшин амьдралыг хангах түлхүүр юунд байж болох вэ? Төр үүнийг хийх үү? Эсвэл цаг хугацааны асуудал уу?
Юун түрүүнд хүнийхээ төлөө ажиллаж сурмаар байна. Хуулийг чанд сахиулах ёстой. Хороон дээр нийгмийн ажилтан, зохион байгуулагч, хэсгийн ахлагч гээд олон нийттэй ажиллах ёстой хүмүүс бий. Юу хийгээд байдгийг нь мэдэхгүй. Элдвийн хөнгөлөлт, тусламж ирлээ л гэдэг. Би өдий 70 наслахдаа нэг ч удаа хоолны талон авч үзээгүй.
Шат шатны байгууллага хүнийхээ төлөө ажилладаг байвал нийгмийн амьдрал аяндаа зүгширнэ.
Түүнээс гадна рашаан сувилал, эмнэлэг зэрэг ахмадад зориулсан байгууллагууд төрийн өмчид байх ёстой.
- Та одоо юу хийж байна?
Би Такси баазад 30 гаран жил ажилласан. Байнга 24 цагаар ажиллаж, хүүхдүүд маань хүртэл 24 цагийн цэцэрлэгт явдаг байлаа. Тэдэнтэйгээ захиагаар л харьцана.
Одоо би Такси баазын ахмадын хорооны даргын ажилтай. Эхэндээ ахмадуудаа өмөөрөөд даргатай их маргадаг байлаа. Үр дүнд нь ахмадуудаа жилд хоёр удаа цуглуулж уулзуулдаг болсон. Социализмын үед авч чадаагүй шагнал, урамшууллыг нь авч өгсөн.
Би ид хийдэг дөчин хэдхэн насандаа олон хүүхэдтэй гээд тэтгэвэртээ гарчихсан. Р.Гончигдоржийн л хийсэн ажил. Хорлож байгаа юм шүү. Тэтгэвэрт гараад голоо зогоох төдий л амьдарч байна. Эхэндээ 20 жил барьж хувьдаа авсан “24” машинаараа таксинд явдаг байсан.
Мэдээж тэтгэврийн мөнгөөр амьдрахгүй. Аз болж бурхан надад бариа засал хийх авьяас заяасан. Гэхдээ байр хөлслөх гэхээр түрээс нь дийлддэггүй. Дуудлагаар бариа хийдэг гэх үү дээ.
- Ахмадын нийгмийн хамгааллын хуулийн талаар та хэр мэдэх вэ?
Мэднэ. Хуулиндаа зааснаар ямарваа төрийн байгууллагын Ахмадын холбоо нь өрөөтэй, цалинтай, фондтой байх ёстой. Гэтэл аль нь ч алга.
Хуулинд өөрчлөлт орвол юун түрүүнд ахмад хүн хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлмээр байна. Миний хувьд жолоочийн хүүхэд жолооч, хулгайчийн хүүхэд хулгайч гэгчээр манай хоёр хүү хоёулаа жолооч.
- Тань шиг хөдөлгөөний идэвхтэй хүний хувьд нэг өдөр чинь яаж өнгөрдөг вэ?
Би өглөө босоод ёс жаягийн таван дасгал хийдэг. Дараа нь ач, зээ нараа ундална. Тэгээд л бариа заслаа хийхээр гадагшаа гарна. Ганц хоёр хүнд бариа хийж байтал орой болно. Хариад оройн хоолоо хийж идчихээд л унтдаг.
- Бариагаар хэр мөнгө олдог вэ?
Тусгай байртай хүмүүсийн хувьд 25 мянгаар барьдаг. Харин би 10 мянгаар барьдаг. Чамлахаар чанга атга гэдэг шүү дээ.
- Бариа заслын эмнэлэгт ажилд орох гэж үзсэн үү?
Үзээгүй. Угаасаа намайг авахгүй.
- Амьдралын зөв маягийг хэвшүүлэхийн тулд ахмадуудад та ямар зөвлөгөө өгөх вэ?
Ном, сонинтой нөхөрлө, дасгал сургууль хий. Бодлоо өөрчил. Муу бодлыг толгойноосоо авч хая. Сайныг нь авч үлд. Үр хүүхдээ загнаж чичлэх хэрэггүй. Аль болох өөдрөгөөр амьдралаа авч яв.
Өнөөдөр залуу, хөгшин ялгаагүй бүгдээрээ бөөн бухимдал.