Д.Бямбасүрэн: Байгууллагууд ахмадуудаа жилд нэг удаа шинжилгээнд хамруулаад өгчих хэрэгтэй
Урлагийн ахмад, СТА, дуучин Д.Бямбасүрэнтэй ярилцлаа.
- Тэтгэвэрт гарснаар таны амьдрал яаж өөрчлөгдөв?
Хэцүү шүү дээ. Гэхдээ хүн болгон хэцүүг тоочоод байвал бас хэцүү. Тэтгэвэр бага ч гэсэн болж бүтэхээрээ амьдарч л байна. 300 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Цэргийн ансамблд дуучнаар ажиллаж байгаад наснаасаа эрт тэтгэвэрт гарсан. 2000-2007 оны хооронд тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэвэр ерөнхийдөө бага. Хэдийгээр жинхэнэ цэргийн хүн биш, дуучин байсан хэрнээ дөнгөж дөчин хэдэн насандаа тэтгэвэрт гарчихсан. “Тэтгэврийн” гэсэн тодотголтой болчихоор ажиллах боломжгүй. Ялангуяа урлагийн хүмүүс тэтгэвэрт гараад зүгээр сууна гэдэг бэрхшээлтэй. Түүнээс гадна насандаа хүрээгүй тэтгэвэрт гарсан учир 2010 оныг хүртэл ахмадын хөнгөлөлтүүдийг эдэлж чадаагүй. Автобусанд үнэгүй явж ч чаддаггүй байлаа.
Би ахлагч цолтой. Ахлагч цолтой эмэгтэй хүн цэргийн байгууллагад 20 жил ажилласан бол тэтгэвэрт гаргадаг. Тэгэхээр цэргийн байгууллагад урлагийн ажил хийдэг хүний хувьд цэргийн тэтгэвэр гэдэг зүйл их тохиромжгүй гэж боддог.
- Одоогоор та юу хийж байна вэ?
Чөлөөт уран бүтээлч л хийж байна даа. Хилийн цэргийн ансамблд хамт ажиллаж байсан хүмүүстэйгээ нийлээд уран бүтээлээ хийдэг. Ерөнхийдөө зүгээр сууж чаддаггүй. Бид чинь дуулахаас өөр ажил хийж чадахаасаа өнгөрсөн шүү дээ.
- Манай улс Үндсэн хуулиараа хүний эрхийг тал бүрээр нь тунхаглачихсан. НҮБ-ын суурь зарчмуудад ч гэсэн ахмад настан өөрийн хэр хэмжээнд хөдөлмөр эрхлэх, шаардлагатай эрүүл мэндийн үйлчилгээг авах, хүндлүүлэх эрхтэй гээд заачихсан. Гэтэл манайд байдал эсрэгээрээ байна. Энэ талаар таны бодлыг сонсъё?
Монголд тэтгэвэрт гарна гэдэг насны бөгсөнд эдлэх ялнаас өөрцгүй.
Үүнийг би биеэрээ мэдэрсэн. Дуучин хүн дөч гараад туршлага суугаад, дуулах арга барилаа бүрэн олдог. Гэтэл яг ийм үед маань тэтгэвэрт гаргачихсан. Дуулдаггүй юмаа гэхэд ядаж зааж сургах ажил хийж болно шүү дээ. Цагаан сар, Ахмадын баяр хоёроор л байгууллагаас уридаг, хоол иддэг. Тэтгэвэрт гарсан ч хөдөлмөрийн чадвартай, асар их туршлагатай хүмүүс маш олон.
- Төрөөс ахмадуудаа хангалттай халамжилж чаддаггүйн шалтгааныг та юу гэж бодож байна вэ?
Хүн болгонд хүрч ажиллаж чадахгүй байна. Хэдийгээр хуулиндаа заачихсан ч гэсэн ахмад болгон хөнгөлөлт эдэлж, рашаан сувилалд амардаггүй. Тэгээд бас ахмадууд өөрсдөө хуулиа мэдэхгүй байна. Миний бодлоор 80 орчим хувь нь эдлэх ёстой эрх, хөнгөлөлтөө авч чаддаггүй.
Хүн 60 гараад ирэхээр аргагүйн эрхэнд өвчин хууч хэлж эхэлдэг. Тэр үед жинхэнэ төрийн халамж хэрэгтэй болно. Гэтэл манайд ахмадын тусгай эмнэлэг байдаг гэж сонсоогүй. Геронтологийн төв байдаг гэж дуулснаас бус чухам юу хийдгийг нь мэдэхгүй.
Хороо болгон дээр Ахмадын зөвлөл гэж байдаг. Гэхдээ Монголын ахмадын холбооноос сургалт, сурталчилгаа хийж байгаа зүйл алга.
- Таны хувьд хороотойгоо ойрхон байж чаддаг уу?
Би Чингэлтэй дүүргийн наймдугаар хороонд амьдардаг. Хороотойгоо сайн харилцаатай байдаг.
- Та ер нь ахмадын хуулийн талаар хэр мэдэх вэ?
Саяхныг хүртэл ахмадын асуудал гэж юу болохыг огт мэдэхгүй явсаар ирсэн. Ахмадын хуулийн дагуу ямар хөнгөлөлт, эрх эдэлдэг талаар ямар ч төсөөлөлгүй байсан. Харин тэтгэвэрт гарснаар зах зухаас мэддэг боллоо. Сард 50 мянган төгрөгийн хөнгөлөлттэй эмнэлгээр үйлчлүүлж болдгийг хүний амнаас сонссон.
- Хэрэв ахмадын хуульд өөрчлөлт оруулвал хамгийн түрүүнд юуг өөрчлөх хэрэгтэй вэ?
Ахмадыг эрүүл мэнд талаас нь маш сайн анхаарах хэрэгтэй. Ядаж тэтгэвэрт гаргасан байгууллага нь ахмадаа жилд нэг удаа цуглуулаад бүрэн шинжилгээнд хамруулаад өгчихье л дөө. Хүн өвчнөө хайхралгүй явсаар тартагтаа тулсан үедээ л эмч дээр очдог. Мэдээж тэтгэврийг боломжийн хэмжээнд аваачмаар байна.
Улс орныхоо төлөө амьдралаа зориулсан хүмүүсээ хайхрахгүй орхиж болохгүй. Би л гэхэд цэргийн ансамблд байхдаа 45 хоногийн турш ачааны машины тэвшин дээр явж тоглолт хийдэг байсан.
- Хөгжингүй орнуудын хувьд ахмад болно гэдэг насаараа ажилласныхаа гавьяаг эдэлж, эрх чөлөөтэй болохыг хэлдэг. Харин манайд эсрэгээрээ байна?
Монголд тэтгэвэрт гарна гэдэг насны бөгсөнд эдлэх ялнаас өөрцгүй. Манай ахмадуудын олонхи нь ганцаардмал, гундуу байдаг. Яагаад гэвэл орчин үед хүний сайн сайхан амьдралын үндэс нь эдийн засаг болчихоод байна. Миний үед л лав ахмадууд гадаадын хөгжилтэй орнуудын ахмадууд шиг амьдрахгүй.
Харин ахмадын чөлөөт цагийг өнгөрөөх төвийг дүүрэг болгон дээр байгуулчихвал зүгээр. Дуулах нь дуулаад, шатар тоглох нь тоглоно биз. Хэрэв хууль нааштай өөрчлөгдвөл том алхам болох байх. Гэтэл хууль өөрчлөх санаачлагыг төр өөрөө биш, ТББ гаргасан.
- Тэтгэврийн зээлийн тухай та ямар бодолтой явдаг вэ?
Өндөр настай хүнд тэтгэвэр өгөхгүй, батлан даагч шаарддаг нь муухай. Чиний үхэх цаг болсон учраас зээв авах эрхгүй гэж хэлж байгаагаас ялгаагүй. Тэтгэврийн зээл авахаар нэлээдгүй хэсгийг шимтгэлд авчихдаг. Тэтгэврийн зээлийг тэглэх хэрэгтэй. Миний таньдаг, дөнгөж тэтгэвэрт гарсан эмэгтэй банкнаас зээл авах гэсэн чинь батлан даагч авчир гэж хэлсэн гэнэ лээ. Тэр хүн чинь арай ч үхэх болоогүй биз дээ.