Хүн болсных орон сууцанд амьдарч үзэх юм сан гэж боддог
“Хэрэв чи өнгөрсөн рүүгээ гар буугаар буудвал ирээдүй чам руу их буугаар буудна” гэсэн үг бий. Энэ настантай ярилцаад сууж байхад бид ахмад үедээ хэтэрхий халамжгүй хандаж, нийгмийн амьдралаас гадуур орхижээ гэсэн харуусал өөрийн эрхгүй төрж байлаа. Насаараа улсын хар бор ажил хийж, 16 хүүхдийн эх болж, ач, гучийн тоо 100 давж, 76 насыг зооглосон ч өдий болтол гавьяагаа эдэлж, сэтгэл санаа түвшин амьдарч чадаагүй сууна. Ингээд Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны настан П.Ичинхорлоотой гуайн яриаг хүргэе. Тэрээр их ядардаг учир удаан ярих боломж байсангүй.
- Ичинхорлоо гуай та улсад хэдэн жил, ямар ажил хийж байв?
Трактор, комбайны жолооч, дизельчин, түгээгч, цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан. 1957 онд Архангайн Цэнхэрмандалд төгссөн. Төгсөөд Бургалтайн сангийн аж ахуйд ирээд хоёр жил болж байтал татан буугдсан. Дараа нь Төв аймгийн Баян-Чандманы Замтын нэгдэлд ирсэн. 1961 онд Сэргэлэн суманд ирж ажилласан. Харамсалтай эхний гарааны маань 10-аад жил өдий болтол тооцогдож чадаагүй л байна. Архиваар шүүлгэж үзтэл Замтын нэгдэл гэж байхгүй байна гэсэн хариулт ирсэн.
Миний бие 16 хүүхэд төрүүлсэн. Ач, зээ, гучийн тоо 100 давчихлаа. Заримыг нь би танидаггүй. Одоо 76 настай.
- Та одоо хэдэн төгрөгний тэтгэвэр авч байна вэ?
207 мянган төгрөг авдаг. Олон жил улсад ажилласан гэхэд бага. Тэтгэврийг хувилж нэмж болохгүй гэж ахмадууд олон жил тэмцсэн. Саяхан жаахан нэмсэн.
- Тэтгэвэр бага гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой. Гэхдээ настангуудад маань мөнгөнөөс гадна хэрэгтэй зүйл олон байдаг. Таны бодлоор төр засаг маань настангуудаа хэр зэрэг халамжилдаг вэ?
Би Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд амьдардаг. Хорооноос бие тань яаж байна, сэтгэл санаа тань ямар байна гэж их асуудаг. Идэвхтэй байдаг болохоор хорооныхон намайг сайн дэмждэг. Урлагийн хамтлагт оруулж өгсөн. Би өөрөө хааяа шүлэг бичдэг. Бусдыгаа хөгжөөхийн тулд энд тэнд амралтад очихоороо янз бүрийн дүрд хувирч үзнэ.
Гэхдээ ахмадад зориулсан эмнэлгийн үйлчилгээ их муу байна. Эм авъя гэхээр бөөн мөнгөний хэрэг гардаг. Би өрх толгойлсон настай эмэгтэй. Хүүхдүүдтэй амьдаръя гэхээр бэрхшээлтэй. Наад зах нь хүн болсон хойно зурагт үзэх гэнэ. Гэтэл чих хатуу болохоор зурагтын дуугаа чанга тавих хэрэгтэй болдог. Тэгэхээр хүүхдүүдэд төвөгтэй. Ганцаар амьдарсан нь дээр байдаг юм. Түүнээс гадна хоол унд нь таардаггүй. Өөрийн гараар хоолоо бэлдээд сурчихсан учир орчин үеийн элдвийн халуу ногоотой, хурц хоолнуудыг идэж чаддаггүй. Шөлтэй хоол, сүүтэй цайтайгаа байхад л болдог. Тэгээд ч би эцгийнхээ, ханийнхаа гал голомтыг авч явах ёстой хүн.
- Таны нэг өдөр яаж өнгөрдөг вэ? Тэтгэвэрт гарснаас хойш юу хийж байна?
Би зүгээр сууж чаддаггүй хүн. Өглөө зургаан цагт босдог. Нүүрсээ савлахаас эхлээд ажил ундарна шүү дээ. Хөршийнхөө үнсийг хүртэл асгаад өгдөг. Хашаан дотор хог байхыг харж тэсдэггүй. Ер нь орчин үеийнхэн орчин тойрондоо, байгальдаа хайр гамгүй хандаж байгаад их харамсдаг. Манай хань олонтой гэмгүй явсан болохоор би найз нөхөд, танилуудтайгаа инээж наргиж явахыг боддог. Гэртээ ганцаар ганхирч суухад элдвийн зүйл бодогдоно шүү дээ. Харин хүнтэй ярьж хөөрж байвал цаг амархан явдаг. Жишээ нь өөртэй чинь ярьж байхад сэтгэл санаа сэргээд сайхан л байна.
Үхэхээсээ өмнө орон сууцанд амьдарч үзэх юмсан гэж боддог. Газар аваагүй. Айл айлын хашаа дамжаад л амьдарч явна.
- Хэрэв ахмадын хуулийг өөрчилвөл юуг өөрчлөөсэй гэж та бодож байна?
Мэдээж настай хүмүүс барилга дээр ажиллаж чадахгүй. Гэхдээ ажиллая гэсэн чин хүсэл байна. Элгээ эвхээд зүгээр сууна гэдэг бидэнд хэцүү. Ядаж мод тариад, тэрийгээ арчлаад байж чадна. Тэгэхээр Ахмад настнуудад хөдөлмөр эрхэлж жаахан ч гэсэн мөнгө олох боломжийг бий болгоосой гэж бодож байна.
Дээр үед монголчууд малынхаа ашиг шимээр их сайхан зүйл хийдэг байсан. Гэтэл одоо эсгийгээ ч олигтойхон хийж чадахаа байсан. Ахмадууд үүнийг хийж чадна ш дээ. Настай хүн ажил хайгаад очихоор хамгийн түрүүнд хэд хүрсэн бэ гэж асуудаг. Нас өндөр гэвэл хүлээж авахгүй гэдэг. Яг л малын шүдийг татаж цаазалж байгаа юм шиг ахмадуудыг ялгаварладаг.
- Та эмнэлэгт очоод хүссэнээрээ эмчилгээ авч чадаж байна уу?
Эмч дээр очихоор таны нас дээр гарсан учир нь бие муудах нь аргагүй гэсэн ухааны юм хэлдэг. Тэгэхээр нь миний дургүй хүрдэг. Тангараг өргөсөн эмч хүн настай ч байсан хүнийг эмчлэх ёстой биз дээ? Тэгж хүнийг сэтгэлээр унагах ямар хэрэг байна? (хоолой нь зангирав). Ядаж ийм тийм эм уу, тэгж ингэ гэж хэлвэл настай хүний сэтгэл санаа тайвширч хоёр өдрийн нас ч гэсэн нэмэгдэнэ биз дээ?
- Та нийгэм болж буй үйл явдлуудаас юунд хамгийн их санаа зовдог вэ?
Төр засаг маань дотроо учраа олохоо больж, ард түмнээ хуурсанд хамгийн их санаа зовдог. Залуу үе маань гадаадын орноос зөвийг нь аваад бурууг нь гээгээсэй гэж боддог. Түүнээс гадна гудамжинд согтоод хэвтэж буй залуу хүнийг харахад сэтгэл өөрийн эрхгүй өвддөг.