Ц.Бадамханд: Тэтгэвэрт гарсны дараа халтуур хийх гэж үзсэн ч санаснаар болдоггүй юм байна лээ
Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны иргэн, 72 настай ахмад Ц.Бадамхандтай ярилцлаа.
- Та улсад хэдэн жил ямар ажил хийж байсан бэ?
Би Төмөр замын их барилгад 27 жил засал чимэглэл хийсэн.
- Хэзээ тэтгэвэрт гарсан бэ?
1999 онд тэтгэвэртээ гарсан.
- Хэдэн төгрөгний тэтгэвэр авч байна?
320 мянгыг авдаг.
- Таны бодлоор улс маань ахмадаа хэр халамжилж байна вэ?
Манай хорооноос ахмадаа сайн харж үздэг. Хороон дээр ахмадын зөвлөл гэж бий. Даргатай. Эндхийн ахмадууд өдөр болгон очиж хөл гараа хөдөлгөж дасгал хийдэг газартай (фитнесс танхим). Манай төмөр зам ч бас баяр болохоор дуудаж гарын бэлэг, мөнгө төгрөг өгдөг. Цагаан сар, Төмөр замын баяр, Ахмадын баяр, Наадмаар урьдаг.
- Нууц биш бол хэдийг өгдөг вэ?
Нэг баяраар 12 мянган төгрөг өгдөг.
- Улсаас таньд өгч буй мөнгө амьдралд тань хүрэлцэж байна уу?
Би ам бүл цөөтэй. Хүүхдүүд тусдаа гарчихсан. Нэг зээтэйгээ амьдардаг. Наддаа болж л байна. Гэхдээ зарим ахмадуудын тэтгэвэр бага, их хэцүү харагддаг. Их хэмжээний зээл хийчихсэн, амьдрал тааруу ахмадууд бий.
- Таныхаар тэдний тааруу амьдардгийн шалтгаан юу вэ?
БЗД-ийн 10 дугаар хорооны Ахмадын зөвлөлийн танхим
Нэгдүгээрт тэтгэвэр бага, хоёрдугаарт бараа их үнэтэй болж. Мах, гурил, будааны үнэ улам нэмэгдээж байгаа болохоор тэтгэвэр их, бага авдаг гэлтгүй бүх ахмадад хүндрэлтэй боллоо. Ер нь тэтгэврийн хөгшчүүл хүссэн зүйлээ худалдаж авах боломжгүй.
Ахмадын эмнэлэг гэж тусдаа баймаар байна. Тусдаа эмнэлэгтэй болчихвол ердийн эмнэлэгт залуучуудтай холилдолгүй үйлчлүүлэх боломжтой болно. Өмнө нь би бас санаандгүй явж байгаад телевизэд яриа өгчихсөн. Тэгэхэд энэ талаар ярьж байсан.
- Та эрүүл мэндийн үйлчилгээг хангалттай авч чадаж байна уу?
Би хөнгөлөлттэй эм авч үзээгүй. Даралтын эмнээс бусдыг нь хэрэглэдэггүй. Хужирбулангийн сувилалд явдаг. Энэ жилээс хорооноос ахмадуудыг зургаан хоног үнэгүй амраадаг болсон. Надад аятайхан санагдаж байгаа.
- Төрийн байгууллагуудаар үйлчлүүлэхэд ямар нэгэн хүндрэл гардаг уу?
Зах зээл гарснаас хойш оочир дараалал гэж байхаа больсон нь сайшаалтай. Одоо бол идэж, уух нь үнэтэй ч гэсэн олон цаг зогсож ганц талх авдаг байсан үе өнгөрсөн.
- Тэтгэвэрт гарсны дараа эвгүй байв уу?
Уйтгартай байсан. Харин хороон дээр Ахмадын зөвлөл байгуулснаар очих газартай болсон. Хааяа хөгшчүүл цуглаад хөзөр тоглодог.
Гэхдээ хортой нөхцөлд ажилласан гээд эрт тэтгэвэрт гарсан хүмүүс бий. Тэдэнд хийх юм байхгүй хэцүү харагддаг. Болж өгвөл тэдэнд гар урлалын тусгай цех байгуулаад хийж чаддаг зүйлийг нь хийлгэж баймаар.
- Таны хувьд тэтгэвэрт гараад хувиараа ямар нэгэн ажил эрхэлж байв уу?
Ахмадын эмнэлэг гэж тусдаа баймаар байна.
Ямар нэгэн ажил хийж байгаагүй. Даралт ихтэй учраас ажил хийе гэж бодогддоггүй. Тэтгэвэрт гарсны дараа нэг хэсэг халтуур хийж мөнгө олъё гэж үзсэн ч бүтээгүй. Санаснаар болдоггүй юм байна лээ.
- Ахмадын нийгмийн хамгааллын тухай хуулийн талаар та хэр мэдэх вэ?
Хуулийн талаар бол мэдэхгүй.
- Ахмадын чөлөөт холбоо уг хуулийг шинэчлэхээр ажиллаж буйг та сонссон уу?
Сонсоогүй. Гэхдээ би Холбооны талаар сайн мэднэ. Бид холбоон дээр үе үе цуглаж, жаргал зовлонгоо ярьдаг. Хэцүү амьдралтай нэгэндээ тусалдаг. Баяр ёслолоор ч гэсэн биднийг харж үздэг. 40-50 хүн цугладаг байсан ч одоо цөөрч байна даа.
- Г.Баасан тэргүүнтэй хамт талбай дээр жагсаж байв уу?
Тэгэлгүй яахав. Өвлийн хүйтэнд ч, зуны халуунд ч суулт хийж байсан. Бүх юманд л орж байсан.
- Юун төлөө та тэнд очиж жагсав?
Газар шорооны төлөө бид их тэмцдэг байсан. Тэмцээд дийлээгүй. Одоо газраа ухаж, төнхөөд дуусч байх шиг байна. Одонгийн мөнгө өгөхөө больсныг эсэргүүцэж жагссан. Цалин, тэтгэврийн төлөө ч бас жагсаж явсан.
- Гэтэл та нарыг галзуу, солиотой гэж үздэг хүмүүс байна?
Гудамжны хэдэн ажилгүй авгай нар цуглачихаад донгосч байна гэх мэтээр элдвээр хэлнэ шүү. Эцэстээ бид үгийг нь тоохоо больсон. Мөнгө авчихаад жагсаж байна ч гэх шиг. Баяраар гарын бэлэг л авч үзсэн.