Насжиж буй Дэлхий
Дэлхийн хүн амын дунд ахмадын эзлэх хувь өсч байгаа ч ахмадын эрх зүй, нийгмийн хамгааллын асуудал олон оронд зөрчигдөж байна
2014.10.31

Насжиж буй Дэлхий

Сүүлийн 10 жилд дэлхийн хүн амын нэгэн чухал үзүүлэлт болох насжилтын тоонд том өөрчлөлт орсон. Шинжлэх ухааны судалгаанаас харахад хүн төрөлхтний түүхэнд хүмүүсийн төрөх нь ч их, нас барах нь их байжээ.

Гэхдээ өнөөдөр байдал өөр болсон. НҮБ-ын Нийгэм, эдийн засгийн газрын тооцоолсноор төрөлт, нас баралтын тоо буурснаас манай гариг амьдрагч 10 хүн тутмын нэг нь 60 болон түүнээс дээш настай болжээ. Хэрэв энэ хандлага хэвээр байвал 2050 он гэхэд Дэлхийн таван оршин суугч тутмын нэг нь 60 болон түүнээс дээш наслах аж. Харин 2150 он гэхэд уг үзүүлэлт гурван хүн тутмын нэг гэсэн түвшинд хүрнэ. Түүнээс гадна ахмад настнуудын дундах өндөр настай хүмүүсийн эзлэх хувь өсч байгаа бөгөөд 11 хувьтай байна. Харин 2050 он гэхэд 19 хувьд хүрнэ.

Үүнтэй зэрэгцээд хөгжингүй болон хөгжиж буй орнуудад “Ахмадын дэмжих коэффициент” багасч байгаа нь ирээдүйд нийгмийн тогтолцоо, засгийн газрууд ахмад үеийнхнээ хайхрахгүй болоход  хүргэж мэдэхээр байна.

Хүн ам зүйн уг асуудал дэлхийн хүн ам, ялангуяа Засгийн газруудын өмнө урьд нь тулгарч байгаагүй хүнд асуудлыг тавив. Эмзэг байдлаасаа болж ахмадууд ялгаварлан гадуурхалт, үл ойшоох харилцааны бай болдог. Түүнчлэн даяарчлал, технологижилтын орчин үед ахмад хүмүүс ямар ч ашиггүй гэсэн таагүй хандлага бий. Тиймээс ахмад настны эрх, тэдний нийгэмд гүйцэтгэх чадах үүргийн талаар анхаарал хандуулах шаардлага зайлшгүй тулгарч байна.

Ахмад настны эрхийг хамгаалал, оролцоо, харилцаа  гэсэн үндсэн гурван хэсэгт хувааж авч үздэг. Хамгаалал гэдэгт бие махбодийн болоод сэтгэл санааны аюулгүй байдлыг хамруулна. Харин оролцоо гэдэг бол ахмадууд нийгмийн амьдралд идэвхтэй үүрэг гүйцэтгэж, хувь нэмрээ оруулах нөхцөл байх ёстой гэсэн үг. Харилцааны хувьд ахмадууд чухам хэн бэ, юу хийж чадах вэ гэдэг дээр үл ялгаварлах, үл дорд үзэх, эерэг хандлага нийгэмд тогтох ёстой гэсэн шаардлага байдаг.

Настай хүн энгийн хүмүүсээс илүү халамж шаарддаг учраас нийгэмд ашиг тус багатай гэж үзэж болохгүй. Орчин тойрон нь сэтгэлгээндээ ийм бодлыг хэвшүүлчихвэл ахмад настнууд доромжлох, ялгавартай хандах, зарим тохиолдолд харгис харилцах үзэгдлийн золиос болдог.

Хүмүүсийн сэтгэлгээнд сөрөг хандлага давамгайлдагаас болж ахмад настнууд нийгмийн амьдралд хүссэнээрээ оролцож чаддаггүй.

Ахмадын талаарх суурь зарчмуудыг НҮБ-ын дүрэм, Хүний эрхийн түгээмэл тунхаглал зэрэг олон улсын баримт бичгүүдэд тусгасан байдаг. Суурь зарчмуудын нэн түрүүнд хангамжийн асуудал тавигддаг. Өөрөөр хэлбэл ахмад настан түүнд шаардлагатай хүнс, ундны ус, орон байр, хувцас, эрүүл мэндийн үйлчилгээний хангамж авах эрхтэй. Энэхүү эрх олон оронд байнга зөрчигддөг. АНУ шиг өндөр хөгжилтэй орнуудад ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан эрүүл мэндийн үйлчилгээний хөтөлбөрүүд байдаг ч зардал нь улам л өсч байна. Эрүүл мэндийн үйлчилгээ авах эрх, хангалттай амьдралын түвшинтэй байх эрх хоёр нягт холбоотой. Олонхи оронд уг систем маш муу ажилладаг.

Тиймээс НҮБ-аас ахмад настнуудын хэвийн амьдралыг хангахад чиглэсэн 18 суурь зарчмыг боловсруулсан. Эдгээр зарчмыг таван хэсэгт хувааж болно. Энэ нь бие даасан байдал, оролцоо, халамж, дотоод нөөц боломжоо ашиглах, нэр төр юм.

Бие даасан байдал гэхээр ахмад настан орлого авчрах ямар нэгэн ажил эрхлэх, мэргэжлийн сургалтанд хамрагдах, хүсэл сонирхол, цаг үеийн өөрчлөлтөд нийцэхүйц нөхцөлд амьдрах эрхтэй гэсэн үг. Түүнчлэн энэ хэсгийн нэг чухал зарчим бол ахмад настнууд тэтгэвэрт гарах хугацаа, хэлбэрийг тогтооход оролцох эрхтэй гэж заасан явдал юм.

Оролцоо гэсэн хэсэгт ахмад настны нийгмийн амьдралд өмнөхийн адил идэвхтэй оролцох, залуу үетэйгээ мэдлэг, туршлагаа хуваалцах эрх ордог. Нийгмийн зүгээс мэдлэг, туршлагыг нь сонирхохгүй болохоор ахмад настнууд өөрсдийгөө гадуурхагдсан, ашиггүй болсон мэтээр мэдэрч гутардаг. Энэ нь тэдний сэтгэл зүй, эрүүл мэндийн байдал, улмаар цаашдын амьдралд сөргөөр нөлөөлдөг. Түүнчлэн ахмадууд өөрсдийн холбоо, хөдөлгөөн байгуулах эрхтэйг НҮБ-аас тунхагласан.

Хамгийн гол нь ахмад настнууд тухайн нийгмийн үнэт зүйлсэд нийцсэн халамж, анхаарлыг гэр бүл, нийгмээс авах эрхтэй. Үүнтэй холбоотой ахмадууд бие махбод, сэтгэл санааны хэвийн үйл ажиллагааг хангахад чиглэсэн эрүүл мэндийн үйлчилгээг тогтмол авч байх нь чухал.

Эцэст нь ахмадууд нас, хүйс, арьс өнгө, угсаатны харьяалал харгалзалгүй, тахир дутуу байхаас үл хамааран нэр төртэй байж бие махбодийн болон сэтгэл санааны дайралтад өртөхгүй байх эрхтэйг НҮБ-ын суурь зарчимд тусгасан байдаг.

Ахмадын нийгмийн хамгааллын талаархи зарим орны туршлага

Ахмадын эрх ашгийг хамгаалах хамгийн хүчирхэг хэрэгсэл бол хууль. Ахмадын эрх зүйн асуудал Европын орнуудын хууль тогтоомжид нарийн тусгагдсан байдаг.

1991 онд Герман улсад бие даасан байдлаа алдсан хүмүүст гэрт нь очиж туслах хууль гарчээ. Уг хуулийн гол давуу тал нь тусламж авах нь бие даах чадваргүй ахмадуудын жинхэнэ эрх болж хувирсанд байгаа юм. Харин халамжилж, тусалж буй хүмүүс ядарсны улмаас эсвэл хувийн асуудлаар ажлаасаа дөрвөн долоо хоногийн чөлөө авах эрхтэй. Даатгалын компаниуд тусламж хэрэгтэй хүмүүст нийгэм, эрүүл мэндийн тусламж авахад нь зориулж 400 хүртэлх маркийн мөнгөн тусламж өгдөг ажээ.

Өтөлж буй дэлхий

Харин Голландчууд улсаас байгуулсан мэргэжлийн болон хувийн даатгалын компаниудаар дамжуулаад ахмадад зориулсан нийгмийн халамжийн тогтолцоогоо өргөтгөжээ. Ингэхдээ эрүүл мэндийн албан даатгалыг хариуцдаг байгууллага нь ахмад настныг асарсан эмчийн цалинг олгоно. Мөн тухайн ахмадад шаардлагатай эмийн зардлыг ч бас гаргадаг байна. Нидерландын иргэдийн энэхүү давуу тал нь Ардчиллыг өдөр тутмын амьдралаа болгосонд оршино шинжээчид үзэж байна.

Их Британы хувьд нийгмийн хамгааллын тогтолцоо нь таван суурь хууль дээр үндэслэсэн. Хуулийг төгөлдөржүүлснээр дараах давуу талууд бий болов. Ахмадын асаргаа сайжрав. Эрүүл мэндийн үйлчилгээнд орчин үеийн анагаах ухааны ололтуудыг ашиглах болов. Ахмадад зориулсан эмнэлгийн үйл ажиллагаа сайжрав. Мэргэжлийн эмч нарын тоо өсч, нэг эмчид ногдох ахмад өвчтөний тоо багасав. Түүнчлэн сувилагчдын тоо нэмэгдэж, гэрээр очиж үйлчилдэг эмнэлгийн ажилтнууд олширчээ. Их Британий нэг том ололт бол эмнэлгийн, рашаан сувилалын үйлчилгээг ахмадад шаардлагатай түвшинд өгч чаддаг болсонд оршино. Мөн ахмадууд өөрсдийн халааснаас мөнгө гаргахаа болив. Бие даах чадвараа алдсан ахмадын хувийн эрх, эрх чөлөөг хүндэтгэх үүднээс ямар халамж авах сонголтоо хийх боломжийг бүрдүүлжээ. Түүнээс гадна тухайн ахмадыг төлөөлсөн хүн түүний эрхийг шаардах боломжтой болжээ.

Швед улс ахмадын нийгмийн хамгааллын тогтолцоог  сайжруулахын тулд улсыг хамарсан, шинжлэх ухааны үндэслэлтэй тусгай судалгаа явуулжээ. Улмаар тусгай хөтөлбөр хэрэгжүүлж биелүүлэх үүргийг коммун хэмээх төрийн байгууллагад даалгажээ.

Коммун өндөр настнуудын бие даасан байдлыг туйлын хэмжээнд хангахын тулд олон чиглэлт төлөвлөгөөтэй, төрөл бүрийн үйлчилгээг үзүүлдэг. Үүнд тээврийн хэрэгслийн хөнгөлөлт ч хамаарна. Шведийн судлаачдын тооцсоноор 1997 онд Коммуны ахмадад зориулсан төсвийн 27 хувийг ахмадын боловсролд, 26 хувийг өндөр настан, тахир дутуу хүмүүсийг асрахад зориулжээ.

Швед улс хүчтэй нийгмийн хамгааллын бодлого явуулсны үр дүнд тэтгэвэртэй ахмадуудын дунд явуулсан судалгаагаар тэдний 94% амьдралынхаа нөхцөлд сэтгэл хангалуун, харин 78% нь тэтгэвэрт гарснаар тэдэнд хандах хандлага өөрчлөгдөөгүй гэж хариулжээ.

Шведтэй адил нийгмийн хамгааллын систем Дани, Норвеги, Исландад байдаг. Ялангуяа Дани улсын хувьд нийгмийн хамгааллын бодлогоос улс төрийн бодлогоос дээгүүрт тавьдаг.