М.Ванчин: Ахмадын хуулинд залуу үе маань ч гэсэн саналаа оруулаасай
Vip76.mn сайтаас шийдлээ хүлээсэн олон асуудлыг хөндөн олон нийтэд хүргэж, иргэдийн дуу хоолойгоос эхлээд эрдэмтэн судлаач, иргэний нийгмийн байгууллага, хууль хэрэгжүүлэгчид, санаачлагчдын байр суурийг тухайн асуудалд хандуулан сайн засаглалыг хөгжүүлэхийг зорьдог билээ. Энэ ч утгаараа "Хэлэлцүүлэг" буландаа Ахмадуудад тулгамдаад буй асуудлыг хөндөн, хууль эрх зүйн орчныг нь хэрхэн тааламжтай болгоход юу хэрэгтэй байгааг хөндлөө. Энэ ч үүднээс ахмадуудын дуу хоолойг хүргэж байна. Холбооны салбарт олон жил ажилласан М.Ванчинтай ярилцлаа.
-Сайн байна уу. Та нас сүүдэр хэд хүрч байна вэ. Ямар мэргэжилтэй хүн бэ?
Радио холбооны инженер мэргэжилтэй. Энэ мэргэжлээр 1962-1972 он хүртэл холбоондоо ажиллаад, сүүлийн хорин жил Засгийн газрын хэрэг эрхлэх газарт ажилласан. Улсад нийтдээ 40 гаруй жил ажилласан.
-Хэдэнд онд тэтгэвэрт гарсан бэ. Таны одоо хэдэн төгрөгийн тэтгэвэр авч байна?
Би 1991 онд тэтгэвэрт гарах ёстой байсан ч Засгийн газраас ажиллаж бай гээд дахин дөрвөн жил ажилласан. Тэгээд 64 насандаа тэтгэвэрт гарсан. Би 2012 он хүртэл 200 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаад сүүлийн хоёр жилд 400 мянга гаруй төгрөг авч байна.
-Та тэтгэвэрт гарснаас хойш юу хийж байна вэ?
1995 онд тэтгэвэрт гарснаас хойш Орбитын холбооны станцын харуулын ажлыг хийгээд таван жил болсон. Дараа нь сонины зарын дагуу хувь байгууллагын хүүхдийн зусланг харахаар Санзайд хоёр жилийн гэрээ хийгээд ажилласан. Гэрээгээ дуусгаад 2003 онд Симба трейдэд таван жил харуул хийсэн. 2008 онд Хэвлэлийн биржид жижүүр хийсэн. 2009 оноос 80 насандаа гэртээ суусан л даа.
-Та одоо биеэ дагаад амьдарч байгаа юу. Энэ ахмадын хотхонд хэзээнээс хойш амьдарч байна вэ?
Энэ оны зургаан сард ирсэн. Эхнэр, охин хоёртойгоо амьдарч байгаа. Би нийт таван хүү, ганц охинтой. Том охин маань 60 нас хүрсэн. Тэтгэвэртээ гарсан.
-Ахмад руу чиглэсэн ямар хөтөлбөр, үйл ажиллагаа явуулаасай гэж боддог вэ?
Би өөрийн эрүүл мэндийг боддог учир их хөдөлгөөнтэй ажил хийхийг боддог. Улс бол сайн харж үзэж байгаа. Ахмадын тэтгэврийг өгч байна гэж боддог.
Сая ахмадын эмнэлэгтэй боллоо гэж телевизээр үзлээ. Одоо бага багаар сайжрах гээд л явж байгаа юм уу гэж хардаг. Түүнээс өмнө уг нь ахмадын гэсэн тодотголтой олон газар байгууллага, холбоо байсан юм билээ. Тэр бүр сайн ажилладаггүй учир бидний хэдэн ахмад мэддэггүй өнгөрдөг байсан.
-Танай Ахмадын хотхонд ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулдаг уу. Ахмадууд амьдрахад таатай байж чаддаг уу?
Саяхан ахмадуудын дунд шатар даамны тэмцээнийг зохион байгуулсан. Ахмадын хотхоныг нийслэлээс зориуд төрийн өмчит үйлдвэрийн газар байгуулсан нь зөв гэж боддог. Гэхдээ бас түрээсийн болохоор хөгшид бидний саналаар бол үр хүүхэддээ үлдээх хүсэлтэй байгаа. Тиймээс хувьчлах талаас нь шийдэж болмоор юм шиг санагдддаг.
Энд одоо 300 гаруй ахмадуудыг түрээсээр дулаахан тохилог байранд амьдруулж байна. Зарим ахмадууд үр хүүхэдтэйгээ хамт амьдардаг. Бүр ганцаараа байдаг хөгшид ч бий. Ганц ахмад гэлгүй бас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бас оруулсан байгаа нь сайн хэрэг. Ийм ажлыг ихээр зохион байгуулаасай гэж боддог.
Хэн дуртай нь ордоггүй юм билээ. Үнэхээр зорилтот бүлэгтээ чиглэсэн арга хэмжээ, шалгуурыг тавьж орон сууцанд оруулсан юм уу гэж боддог. Их талархалтай явдаг.
-Ахмадуудад тулгарч буй асуудлыг хэрхэн яаж шийдэх ёстой вэ?
Хамгийн түрүүнд л хуультай болох хэрэгтэй. Би үүнийг үнэхээр их дэмжиж байгаа. Тиймээс цогц хуультай болох нь хамгийн зөв арга. Үүнээс л ахмадуудад тулгарч буй асуудлыг шийдэхэд дөхөм болох болов уу. Би өмнөх 2007 онд батлагдсан хуулийг ерөөсөө мэддэггүй байсан.
Харин одоо шинэ хуультай болж, тэрийгээ олон нийт болон ахмадууд сайн сурталчилж өгөөсэй гэж хүсч байгаа. Түүнээс гадна нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээ улам сайжирч, рашаан сувилалд явуулж өгөхийг хүсч байна. Хамгийн гол нь хэрэгжүүлж байгаа хүмүүс нь сэтгэлтэй хандаж, ахмадуудыгаа амьд дээр нь сайн харж үзээсэй гэж боддог.
-Та олон нийтэд хандаж юу хэлэхийг хүсч байна вэ?
Залуу үедээ хандаж нэг зүйлийг хэлмээр байна. Хүн бүр л байгалийн жамаар ахмад болно. Ахмадын хуулийн асуудал болон ахмадын хөгжлийн бодлогод залуу үе маань ч гэсэн саналаа оруулаасай гэж бодож байна.