Д.Батцогт гишүүн, уул уурхайн сайд Д.Ганхуягт асуулга тавилаа
УИХ-ын гишүүн Д.Батцогт
2013.02.06

Д.Батцогт гишүүн, уул уурхайн сайд Д.Ганхуягт асуулга тавилаа

Асуулга тавих тухай

Ховд аймгийн Дарви, Цэцэг сумдын нутагт орших Хөшөөтийн нүүрсний уурхайг Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Мо Эн Ко” компани эзэмшиж байгаа бөгөөд орон нутгийн иргэд, төрийн бус байгууллагуудын зүгээс уг ордыг стратегийн ордод хамруулах асуудлаар удаа дараа шаардлага, хүсэлтээ илэрхийлсээр ирсэн ба тойргоос сонгогдсон гишүүний хувьд уг асуудалд анхаарч байна.

Анх 2006 онд Ховд аймгийн нутагт байрлах Хөшөөтийн нүүрсний уурхайн төслийг “Хэнсүл” компани санаачилжээ

Гэтэл Хөшөөтийн нүүрсний уурхайг стратегийн ордод оруулахтай холбогдуулан тус ордын үйл ажиллагаа зогсоод байгаа билээ. Үүнтэй холбогдуулан нутгийн иргэдийн өдөр тутмын амьдралд хүндрэл учирч байгаа тухай өргөдөл, санал хүсэлт ирэх боллоо. Нутгийн иргэдийн Хөшөөтийн уурхай дагасан аж амьдрал зогсонги байдалд ороод зогсохгүй уурхайн үйл ажиллагаа зогсосноос үүдэн олон арван уурхайчин ажилгүй болжээ. Үүнтэй холбогдон УИХ-ын гишүүн надад сонгогчдоос маань цаашид уурхайн хувь заяа хэрхэх талаар асуултыг удаа дараа ирүүлсээр байгаа ба уг ордын талаар Засгийн газар, харъяа яамнаас ямар арга хэмжээг хэдий хугацаанд авах гэж байгаа талаар зохих мэдээлэл авах шаардлагатай байна.
Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн долдугаар зүйлийн 7.1.13, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн Уул, уурхайн сайд Д.Ганхуяг Танд дараах асуулгыг тавьж байна. Үүнд:

1. Дээр дурдсанчлан одоо Хөшөөтийн уурхайн талаар яам, Засгийн газраас ямар бодлого баримталж байна вэ?

2. Уг ордыг стратегийн орд газрын жагсаалтанд оруулах үйл явц аль шатандаа явж байна вэ?

3. Хөшөөтийн уурхайг ойрын хугацаанд сэргээн ажиллуулах талаар хийж байгаа ажил байна уу. Орон нутгийн иргэдийн амьжиргааны гол эх үүсвэр болсон уг орд ажиллахгүй байгаагаас хүндхэн нөхцөл байдал үүсээд байна. Уурхайн ажиллаж эхлэх тодорхой хугацааг сонгогчид маань нэхэж байна. Ер нь Хөшөөтийн уурхайг Засгийн газар болон Уул уурхайн яамны талаас зогсоосон юм уу, эсвэл Мо Эн Ко компанийн зүгээс ажлаа зогсоосон юм уу. Үүнд хариулт өгнө үү?
4. Хөшөөтийн уурхайд түшиглэн байгуулахаар төлөвлөсөн 36 мегаваттын цахилгаан станцын төсөл, тооцоо, техник эдийн засгийн үндэслэлийг танилцуулна уу. Жилд 8.0 сая тонныг олборлох боломжтой гэж мэдэгдэж байгаа уг уурхайн нөөцийг 85.7 сая тонн гэж үзвэл аравхан жилийн дотор нөөц нь дуусахаар байна. Гэтэл ийм ордыг түшиглэн цахилгаан станц барих нь эдийн засгийн хувьд үр ашигтай төсөл мөн үү?
5. Уурхайн олборлолтын улмаас байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах талаар хийгдээд байгаа болон цаашид хийгдэх ажлын талаар тодорхой мэдээлэл өгнө үү.
Асуулгын хариуг Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасан хугацаанд бичгээр ирүүлж, улмаар Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд сонсгохыг Танаас хүсье.
Хувийг: Засгийн газрын хэрэг эрхлэх газарт.
Хүндэтгэсэн
Улсын Их Хурлын гишүүн Д.БАТЦОГТ