Сонгууль будилаантуулахаар зэхэж байна гэв
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийх үеэр намын дарга Н.Алтанхуяг цахим үнэмлэх хэвлэлт болон бэлдэц, хурууны хээ таних тоног төхөөрөмж тойрсон асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хамтарсан Засгийн газарт Тэргүүн шадар сайдын алба хаших хугацаанд нь Улсын бүртгэлийн ерөнхий газар эрхлэх асуудлынх нь хүрээнд харьяалагддаг байв. Харин одоо дээрх газар нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын мэдэлд шилжсэн билээ.Сүүлийн өдрүүдэд сонгууль болохоос өмнө иргэний цахим үнэмлэх хэвлэж, иргэдэд тараах боломжгүй болсон тухай Хууль зүй, дотоод хэргийн сайд мэдэгдэх болсон. Бодит байдал ийм биш, сонгуулийг будилаантуулахын тулд энэ мэтээр хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байна гэж Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг мэдэгдлээ. Учир нь бэлдэц байхад иргэний ухаалаг үнэмлэх хэвлэх ажлыг эхлүүлэхгүй байгаа. Дээр нь иргэний үнэмлэх хэвлэх компанийг тендэргүйгээр шууд шалгаруулсан гэх PR-ыг хүчтэй цацах болсон. Гэвч энэ ажил нь улсын нууцад хамаарч байсан учраас шууд гэрээгээр компанийг шалгаруулахаас арга байгаагүй. Дан ганц Тэргүүн шадар сайд дангаараа шийдээгүй, Сангийн яам болон Тагнуулын ерөнхий газраас зөвшөөрөл авч байж, “Бодь электроникс” компанид цахим үнэмлэх хэвлэх гэрээг байгуулах эрх олгосон гэж тайлбарлалаа. Сайд Ц.Нямдоржийн хоёр дахь хорлон сүйтгэх ажиллагаа нь хурууны хээ таних машиныг Сонгуулийн ерөнхий хорооны мэдэлд шилжүүлэх тухай шийдвэр аж. Уг нь хурууны хээ таних машин нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт байж гэмээнэ цахим үнэмлэхийн техникийн үзүүлэлтэй нэгдэнэ гэж үзэж, дээрх газрын өмчид байлгах шийдвэрийг гаргаж байжээ. Сонгуулийн ерөнхий хороо ч тухайн үед нь хүлээн зөвшөөрч байсан. Одоо болохоор энэхүү машиныг Сонгуулийн ерөнхий хороонд шилжүүлэх шийдвэр гаргаад байгаа.
Мөн нэг ноцтой зүйл нь, өнгөрсөн 2008 оны сонгуулиар гарсан хамгийн том будилаан бол нэг иргэн хэд, хэдэн удаа санал өгсөн явдал. Ийм будилаан гол төлөв аймаг, нийслэлд болдог. Үүнийг нь мэдсээр байж, Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүтцийн өөрчлөлт хийх нэрийн дор зарим албадыг дүүрэгт шилжүүлсэн явдал нь бас л булхай луйвар хийх гэсэн арга зальтай нь холбоотой гэлээ. Одоо цаашид яах вэ, будилаан гаргахгүй байх боломж бий гэж хэлж байна. Гол нь цахим үнэмлэх хэвлэх ажлыг нэн даруй эхлүүлж, хүн ам ихээр суурьшдаг, нийслэл, 21 аймагтаа эхэлж тараах ёстой. Сумын иргэд биенээ таньдаг тул энэ талын зөрчил харьцангуй бага гардаг. Хоёрт, сонгуулийг цахим үнэмлэх ашиглан хийж чадах хүнийг Хууль зүйн сайдаар томилох ёстой гэж мэдэгдлээ.