Манай улсад санал тоолох 1000 машиныг оруулж иржээ
Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд санал тоолох автомат машиныг мэдээлэл технологийн мэргэжилтнүүдэд танилцууллаа.
Танилцуулгыг нээж УИХ-ын гишүүн Д.Энхбат үг хэлсэн юм. Тэрбээр «Санал тоолох машиныг өмнө нь хэд хэд үзсэн. Харин мэргэжлийн хүмүүст хандаж хэлэхэд программын сертификатын асуудлыг болон тооллогын системийн аудитын асуудалд анхаарлаа хандуулахыг хүсье. Санал тоолох ажиллагаа нууцлалтай явагдах хэдий ч СЕХ-нд ирээд нэгтгэхдээ нууцлал нь задарна. Тэгэхээр нууцлалын асуудлыг сайжруулах талаас нь бодолцож үзээрэй» гэж холбогдох х үмүүст нь захиж байлаа.
Харин СЕХ-ны дарга Н.Лувсанжав «Манай байгууллагын зүгээс одоогоор санал тоолох машины техникийн үзлэгийг хийж байна. Энэ машин дэлхийн стандартад нийцсэн, АНУ зэрэг олон оронд хэрэглээд баталгаажсан юм билээ. Манай хуулинд санал тоолох машинуудыг шалган туршиж гэрчилгээжүүлэхээр заасан. Энэ дагуу ТЕГ, СЕХ, МШХХГ-ын мэргэжилтнүүд ажиллаж байгаа. Ер нь сонгууль болоход богино хугацаа үлдлээ. Бид иргэддээ энэ машины талаар бодит мэдээлэл өгөх ёстой. СЕХ-ны зүгээс сонгуулийг автоматжуулахын төлөө ажиллаж байна» гэлээ.
Мөн энэ үеэр санал тоолох автомат машины тоног төхөөрөмжийг нийлүүлж байгаа АНУ-ын «Доминион Воүтинг Системс» компанийн Монголын сонгуулийн төслийн менежер Даллас Ньюби сонгуулийн үйл ажиллагаанд ашиглах техник, тоног төхөөрөмж, программ хангамжийн талаар товч танилцуулсан юм. Тэрбээр «Одоогоор 1000 гаруй машин Монголд орж ирээд байна. Бид шалгалт хийж байгаа бөгөөд саналын хуудсан дээр өөр өөрөөр тэмдэглэсэн хувилбарыг хэрхэн тоолж байгааг шалгасан.
СЕХ-той сонгуулийн үед алдаа гарвал ямар арга хэмжээ авах талаар зөвлөгөө өгч байгаа» гэсэн мэдээллийг өглөө.