Инновацийн тэтгэлэг хүртсэн докторуудад сайдын нэрэмжит шагнал гардуулав
2022.12.26
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Инновацийн тэтгэлэг хүртсэн докторуудад сайдын нэрэмжит шагнал гардуулав

Инновацийн тэтгэлэг хүртсэн докторуудад нэрэмжит шагналаа гардуулан өглөө. 2011 оноос эхлэн үе үеийн сайдууд шинэлэг, бүтээлч санаа дэвшүүлсэн залуу судлаач, докторуудыг шалгаруулан тэтгэлэг гардуулж ирсэн уламжлалтай.

Өнөөдрийг хүртэл нийт 126 судлаач энэхүү тэтгэлгийг хүртээд байна

Энэ онд эрдэм шинжилгээний хүрээлэн, их дээд сургууль, хувийн хэвшлийн байгууллагаас нийт 52 судлаач төслөө дэвшүүлжээ. Үүнээс 10 залуу судлаачийн төсөл шалгарч, ийнхүү өнөөдөр тэтгэлгээ гардан авлаа. Эдгээр 10 доктор тус бүрд 10 сая төгрөгийн тэтгэлэг олгож, “Батламж”-ийг гардуулав.

Эдгээр докторуудад олгосон эко цул модон цомыг Монгол оронд зонхилон ургадаг Хавтаг навчит хус, Эгэл нарс, Сибирь шинэс болон Сибирь хуш модоор үелэн нааж ШУТИС-ийн Ой мод, сургалт, судалгааны хүрээлэнд хийжээ. Энэ нь ойн хаягдал, үхмэл модоор экологийн цэвэр бүтээгдэхүүн гарган авах туршилт судалгааны ажлын үр дүн юм.

ИННОВАЦИЙН ТЭТГЭЛЭГ ХҮРТСЭН ДОКТОРУУД:

  • ХААИС-Мал эмнэлгийн Хүрээлэн, Бумдүүрэн Түвшинтулга “Цусны улаан эсэд шимэгчлэгч Babesia microti-гийн лабораторийн омог ялган тодорхойлж, оношлуурын эсрэгтөрөгчид ашиглах нь”
  • АШУҮИС-ийн Анагаах ухааны сургууль-Эмнэлзүйн лабораторийн тэнхим, Пүрэвдорж Нарангэрэл “Мэдээгүйжүүлгийн дараах танин мэдэхүйн бууралтын оношилгоонд цусны сийвэнгийн aβ42 болон p-tau биомаркеруудыг ашиглах нь”
  • ШУА-Хими, химийн технологийн хүрээлэн, Александр Ариунаа “Хаягдал усанд агуулагдах хортой хүнд металлын бохирдлыг цэвэрлэх технологи”
  • ШУА-Газарзүй-Геоэкологийн хүрээлэн, Эрдэнэгэрэл Ариунболд “Цөлийн хээрийн бүсийн доройтсон газарт зонхилон тархах зарим сөөг, сөөгөнцөр, өвслөг ургамлын экологи-биологийн онцлог, тэдгээрийг нөхөн сэргээлтэд ашиглах боломж”
  • АШУҮИС-ийн Эм зүйн сургууль, Дарамзав Отгонсүрэн “Мөнгөжүүлсэн нано бөөм агуулсан пластыр эмийн хэлбэр гарган авах технологийн судалгаа”
  • “Витафит милк” ХХК, Хандсүрэн Оюун-Эрдэнэ “Lactobacillus casei zhang” ашигтай бактери агуулсан пробиотик дринк үйлдвэрлэх инновацийн судалгаа”
  • ШУА-Биологийн Хүрээлэн, Дамба Идэрбат “Сансрын дамжуулагчийн үр дүнг ашиглан шувууны томууг тандах боломж”
  • ШУТИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухааны сургууль, Эрдэнэцогт Бат-Эрдэнэ “Байгалийн битумыг замд ашиглах боломж”
  • ХААИС-Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Мягмаржав Ууганзаяа “Генийн инженерчлэлийн аргаар сайжруулсан царгасны т1 удмын фенотип, шимт чанар, зарим үзүүлэлтийн судалгаа”
  • ШУА-Тархи, сэтгэл судлалын хүрээлэн, Бумандорж Булгантуяа “Архинаас үүдэлтэй танин мэдэхүйн бууралтыг сайжруулах бэлдмэл гарган авах инновацийн төсөл” тус тус шалгарлаа. Эрдэмтэн докторууддаа баяр хүргэе.

ШИНЭ МЭДЭЭ