Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 48.9 хувьтай байна
2022.08.17
Улстөр

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 48.9 хувьтай байна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны наймдугаар сарын 17-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

“Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн явцыг энэ оны хагас жилийн байдлаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт эхний хагас жилийн байдлаар 48.9 хувьтай байна. Хөтөлбөрийг эрчимжүүлэх зорилгоор удирдлага, зохион байгуулалтаас хамаарч удаашралтай байгаа зорилт, арга хэмжээг энэ оны жилийн эцсийн зорилтот түвшинд хүргэх, санхүү, хөрөнгө оруулалтаас шалтгаалан удаашралтай байгаа зорилт, арга хэмжээг улсын төсвөөс гадна гадаадын зээл, тусламж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт татах замаар хэрэгжүүлэх боломж, нөхцөлийг судалж, шийдвэрлэхийг даалгалаа. Мөн УИХ-д 2022 онд өргөн мэдүүлэхээр заасан хууль тогтоомжийн төслүүдийг энэ онд багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн УИХ-д өргөн мэдүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болгосон юм.  

“Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө” нь манай улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй 100 хувь уялджээ. Уг төлөвлөгөө 6 бүлэг, 23 зорилго бүхий 300 төсөл, арга хэмжээтэй батлагдсан бөгөөд энэ оны эхний хагас жилийн байдлаар биелэлт 47.6 хувьтай байна. Төсөл, арга хэмжээний биелэлтийн тайланд тухайн жилийн ажлын гүйцэтгэлд зарцуулсан хөрөнгийн хэмжээ, шалгуур үзүүлэлтийг хангасан байдал, гаргасан үр дүнг тодорхой тусган бүрэн тайлагнаж байхыг Засгийн газрын гишүүд, холбогдох агентлагийн дарга нарт даалгалаа.

ШИНЭ МЭДЭЭ