МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл Увс аймгийн Тариалан суманд ажиллаж байна
2022.02.18
Орон нутгийн хөгжил

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл Увс аймгийн Тариалан суманд ажиллаж байна

Тэрээр хийхээр зорьж буй ажлуудаа Тариалан сумын иргэдэд танилцуулж, эхлүүлсэн ажлаа “Эхлэл” хэмээн нэрлэж,зах зухаас нь дэлгэн үзүүлэхээр тойрогтоо буюу Увс аймагт ажиллаж байна.

Увсад ч, улсдаа ч иргэдийнхээ орлогыг нэмж, ажлын байрыг ахиу болгоно хэмээн “Шинэ замаар цуг урагшилна” гэсэн уриан дор иргэдийнхээ итгэлийг хүлээсэн УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл хэтдээ Монголын хөдөөг өөрчлөх эрс шинэчлэлийн модель болох Тариалан суманд эхний уулзалтаа хийжээ.

Түүний хийсэн ажлуудаас дурдвал: Чацаргана, жимс жимсгэний “Эх цэцэрлэг” байгуулагджээ.

Увсын чацаргана улс даяар алдаршиж улам олон хүн сонирхон тарихын хэрээр үр сорт, хортон шавьж, хураалт-хадгалалт тэргүүтэй олон олон сорилтуудтай нүүр тулсан байна. Экспортод хүрэхийн тулд эхлээд энэ сортын бодлого хэрэгжүүлэх шаардлагатай хэмээн УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл онцолжээ.

Үүн дээр эрс шинэчлэлт хийхээр орон нутгийн удирдлагууд олон ажлууд хийж байгаагийн нэг нь Тариалан суманд байгуулагдсан чацаргана, жимс жимсгэний “Эх цэцэрлэг” юм.

Арвин жимс өгөх, асуудалгүй тарьц, суулгацыг нийлүүлэх “Эх цэцэрлэг”-ийг зургаан га газарт байгуулжээ. Чацарганы элит сортын Чуйская болон Элизавета чацарганы суулгацууд эхний ээлжинд энд байршсан байна.

Тариалан сумын арвайн ургац 300 тонноос 800 тоннд хүрлээ

Тариалан сумынхан арвайг мөнх цаст Хархираан бэлдээ олон зууны туршид тарьж ургуулан, тээрэмдэн боловсруулж ирсэн түүхэн уламжлалтай. Энэ онцлог бүтээгдэхүүнийг онцлон орчин үежүүлэх оролдлогыг өнгөрсөн жилээс УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл эхлүүлжээ.

Энэ нутгийнхан жилдээ 300 тонн арвай хурааж, Увс аймагтаа голдуу борлуулж байжээ. Гэвч хотод борлуулж эхлэхэд ижил төстэй бусад аймгийн арвайгаас хоёр дахин бага үнэтэй, борлуулалт багатай гэх бэрхшээл гарч байсан байна. Тиймээс үүний шалтгааныг олж судалж, арвайн үрийг сольж, сумын удирдлагууд ч сум хөгжүүлэх сангийн зээлээ энэ ажил руу хандуулж, тал талдаа анхаарсны дүнд энэ жилийн ургацын хэмжээ 800 тонн хүрч бараг гурав дахин өссөн байна.

Хууралт, тээрэмдэлтийн технологи дээр ч, савлагаа, дизайн дээр ч анхаарч ажиллаж байгаа ажээ. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Торгон түрүү" хоршоогоор орж, арвай дээрх ажлуудтайгаа танилцжээ. Цаашид тэрээр арвайн хэрэглээ болон зориулалтыг хөгжүүлж, хэрэглэгч зах зээлээ тэлж, эко, эрүүл хүнсийг түгээнэ хэмээлээ.

Тариалан сумынхан эрдэнэшишийн даршаа задлав

Нүүдлийн, эрүүл-эко, хэдэн мянган жилийн түүхтэй гэж бид мал аж ахуйгаа ярьдаг. Гэвч нөгөө талд нь бэлчээрийн даац хэтэрч  мал нь ч, үүнийг дагаад малчдын орлого ч өсөх боломжгүй циклд ороод удаж байна. Газар тариалан ч мөн ялгаагүй. Эрчимтэй эрс шинэчлэх олон шийдэл МАА-д, ХАА-д, Монголын хөдөөд хүлээгдэж байна.

Энэ шинэчлэлт өөрчлөлтийг хөдөлгөх хүч нь махны экспортод бий. Махаар “ангасан” асар том зах зээл, хэрэглэгч биднийг тойрон оршиж байна.  Гэтэл бид 60 сая мал, хэдэн зуун мянган га тариалангийн эргэлтийн талбайтай ч эвээ ололгүй байсаар байна.

Тарьсан тэжээлээрээ малаа бордож махны гарцаа нэмэгдүүлж,  малчид орлогоо, улс уул уурхайн бус экпортоо өсгөх боломж бидэнд бий. Мал аж ахуй, газар тариалан хоёр талбайгаа булаацалдаж сөргөлдөх биш эвлэж нэгдэн холбогдож илүү үнэ цэнэ үүсгэж, экспортод гарах хэрэгтэй. Махаа экспортод гаргахын тулд шийдэх ёстой хэд хэдэн асуудал бий. Гарал үүсэл тодорхой, эрүүл ахуйн шаардлага хангасан, нийлүүлэлт жигд, тогтвортой, улирлаас хамааралгүй байх ёстой гэх мэт. Энэ бүхэн алсуураа тэжээлтэй, тэжээлийн үйлдвэрлэлтэй холбогддог.  Иймээс нөөц боломж, уламжлал, газар зүйн байршлын давуу тал зэргийг харгалзаад “Шинэ Хөдөө Увс” төслийн хүрээнд, аймаг, орон нутгийн удирдлагын манлайллаар эрдэнэшишийг энэ жил 10 га талбайд тариалж, 60 тонныг хураан авч, даршилснаа задалжээ.

Удахгүй эрдэнэшишийн тэжээлийн цех жигдрэн ажиллаж, энд даршилсан эрдэнэшиш тэргүүнүүдийг эргүүлэн савлаж эхлэх гэнэ. Эрдэнэшишийн дарш, тэжээл, экспорт гэх мэт үгс холын биш болж, үүгээрээ малаа бордож, эхний үр дүнгүүдээ үзэж эхлэхэд тун ойрхон болжээ.

ШИНЭ МЭДЭЭ