http 231

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Х.Булгантуяа: Төрийн түшээ хүн нийгмийг шүүмжлэх бус бурууг засах гэж л байдаг
2021.11.15
Улстөр

Х.Булгантуяа: Төрийн түшээ хүн нийгмийг шүүмжлэх бус бурууг засах гэж л байдаг

"VipExpert" сэтгүүл намрын ээлжит дугаартаа УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дэд дарга Х.Булгантуяаг "Vip зочин" буландаа урьж ярилцлаа. Монгол Улсын парламентын үйл ажиллагаа, 2022 оны улсын нэгдсэн төсөв болон улс төрч хүний мөн чанар, сонгогдсон тойрогтоо хийж буй ажлын талаар дэлгэрэнгүй ярилцсаныг хүргэж байна.


Одоогийн парламент бүрдээд нэг жил өнгөрсөн байна. Та парламентад анх удаа сонгогдон ажиллаж байгаа залуу гишүүдийн нэг. Энэ удаагийн парламентын үйл ажиллагааг хэрхэн дүгнэх вэ?

Би Монгол Улсын парламентын үйл ажиллагаатай сүүлийн долоон жилийн хугацаанд хамтран ажиллаж байна. МАН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байхаас эхлээд УИХ дахь МАН-ын бүлгийн үйл ажиллагаанд оролцож, УИХ-д болж буй асуудалд Зүүн төвийн үзэл баримтлалтай намын хувьд хуулийн судалгаа, дүгнэлт гаргаж, намаас өгсөн чиглэлээр хуулийн төсөл боловсруулах ажилд оролцдог байсан. Засгийн газрын гишүүний хувьд Сангийн дэд сайдаар ажиллаж байх үедээ хууль батлах үйл ажиллагаанд бараг бүх хуулийг батлахад Сангийн яам оролцоотой байдаг. Тиймээс өнгөрсөн парламентын хугацаанд ч УИХ-ын үйл ажиллагаанд байнгын оролцоотой явж ирсэн.

Энэ удаагийн парламентын үйл ажиллагаанд миний хувьд их сэтгэл хангалуун байгаа. Маш их ажил хэрэгч байна. Өмнө нь УИХ-ын үйл ажиллагаанд Засгийн газрын түвшнээс оролцож байхад Байнгын хороодын хуралдааныг хүлээж маш их цаг алддаг. Ирц нь бүрдэхгүй байгаагаас болж ажлаа танилцуулах Засгийн газрын гишүүдийн хувьд маш хүнд байдаг байсан. Харин энэ удаагийн парламент хуралдаанууд яг цагтаа, хариуцлагатай хандаж байна.

Төрийн байгууллагууд ч сайн цахимжсан байна. Бид цар тахлын эхний “шок”-ын үед хэн хэн нь цахимаар хуралдаж сураагүй, чадвар аль аль талдаа муу байлаа. Гэхдээ төрийн байгууллагууд цахимжиж, 2019 оноос эхлээд Сангийн яам жишээлэхэд бүх зүйлийг цаасаар, дарга нарын гарын үсэг зурагддаг байсныг ERP систем нэвтэрч, цахим хэлбэрээр явагддаг болсон. Энэ нь төрийн ажлыг маш их хөнгөлж байна.

Түүнчлэн иргэдийн хүлээлт их өндөр байна. МАН хоёрдахь удаагаа төрийн эрхийг олонх болж барьж байна. УИХ болон Засгийн газрын зааг ялгааг сайн гаргаж өгсөн. Энэ удаад Засгийн газрын гишүүдэд улс төрөөс хол хүмүүс томилогдсон. Давуу болон сул тал бий. Мэргэжлийн ажлаа сайн хийж гүйцэтгэх ч намын мөрийн хөтөлбөр, ажил албан тушаалаас хол байдаг юм байна.

Цар тахлын хөл хориотой зэрэгцэн парламент үйл ажиллагааг тасалдуулахгүй сайн ажилласан гэж дүгнэж байгаа. Гэсэн ч танхимд бус цахимаар хуралдах нь хуулийг өнгөц хэлэлцэж, парламентын мэтгэлцээн болж чадахгүй байгааг хэлэх хүн ч цөөнгүй байна. Таны хувьд…?

Парламентын нээлттэй мэтгэлцээн байгаагүй гэдэгтэй санал нийлж байна. Тухайлбал Хөдөлмөрийн тухай хууль, Улсын нэгдсэн төсөв, Төсвийн тодотгол гэх мэт томоохон хуулиудыг цахимаар хэлэлцэж, 1 гишүүн 3 минутанд үг хэлж, санал оруулах, асуулт, хариулт өрнүүлэх боломж байхгүй. Өмнө нь хуулийн заалт тус бүрээр нь хэлэлцээд, байнгын хороогоор нарийн ярилцаж, санал оруулах, чиглэлийн яам, газруудад нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлдэг байсан ч ийм нөхцөл байгаагүй. Нөгөө талдаа УИХ-д орж ирж байгаа хуулийн төслүүдэд 70 гаруй зарчмын зөрүүтэй санал, 30 гаруй найруулгын зөрүүтэй саналууд оруулж ирж баталж байна. Хоршооны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг хэлэлцэх үед маш их санал орж ирсэн. Эндээс дүгнэхэд УИХ ингэж маш нягт нямбай ажиллаж, Засгийн газраас оруулж ирж байгаа төслүүдтэй санал нийлэхгүй байна, эсвэл хуулийн төсөлд хөндлөнгийн хяналт дутагдаж байна уу даа гэж харагдсан.

ИРГЭД, ОЛОН НИЙТИЙН ЗҮГЭЭС ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛАХ ШАТАНД ОРОЛЦООГОО НЭМЭГДҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ

Цаасгүй Цахим парламент боллоо гэж УИХ-ын дарга онцлон хуулийн төслүүдийг цахим хуудсанд байрлуулан иргэд, олон нийтээс санал аваад эхэлсэн. Иргэдийн оролцоо хэр байна вэ?

Эхний ахиц дэвшил гарсан. Иргэдээс ирж байгаа саналыг хуулийн төслийн ажлын хэсэг авч боловсруулдаг. Төдийлөн иргэдийн оролцоо харьцангуй бага байна. Би өмнө нь ч Засгийн газрын гишүүн байхдаа анзаарсан зүйл бол иргэд, нийтийн оролцоо хууль боловсруулах түвшинд сул байдаг. Харин хууль батлагдаад гараад ирсний дараа ийм заалт орхигдсон, дутуу байна, цоорхойтой хууль гарлаа гэх мэт асуудал ярьж эхэлдэг. Угтаа бол хууль боловсруулах түвшинд мэргэжлийн байгууллагын санал маш чухал байдаг. Тухайлбал Улсын нэгдсэн төсвийн хууль байлаа гэхэд Эрүүл мэндийн салбарын сайд салбарынхаа хуулийг өргөн барина. Сангийн яам дээр ирээд хянагдана, танагдана. УИХ-д орж ирэхэд сүүлийн жилүүдэд энэ салбарын төсвийг танах бус нэмж баталдаг. Гэтэл Эрүүл мэндийн салбарынхаа асуудлыг хуульд дутуу оруулж ирсэн бол яах вэ? Үүнд мэргэжлийн холбоо, байгууллага, think tank-ууд, судалгааны хүрээлэн, иргэд олон нийт оролцоотой байх ёстой.

Өнөөгийн түвшинд мэргэжлийн холбоод, байгууллагууд мэргэжлийн хандаж чадахгүй байна уу даа гэж бодогддог. Томоохон хуулиудад мэргэжлийн байгууллага нь саналаа бэлдээд орж ирж байсан тохиолдол бараг байхгүй. Өнөөдрийн бодит байдал бол салбарын яаманд 4-5 мэргэжилтэн, гаднаас мөн тооны мэргэжилтэн ороод хуулийн төслийг боловсруулдаг. Ингээд УИХ-д орж ирээд байнгын хорооноос 5 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилогдон, 3-4 хүн л төслийг идэвхтэй ажилладаг. Тэгэхээр нийгэмд та бидний амьдралд нөлөөлөх нэг хууль 10 орчим хүний бүрэлдэхүүнтэйгээр бүх шатанд боловсруулагдаж, хянагдаж гарч ирж байна гэсэн үг. Энэ бол хангалттай биш. УИХ-ын гишүүд бүгдийг мэддэг мэргэн бөөдийнүүд биш шүү дээ. Иргэд олон нийтийн оролцоог хангуулмаар байдаг ч хэнд ханадахаа мэддэггүй. Мэргэжлийн холбоод нь дэндүү олон болчихсон. Аль холбоотой нь хандаж, харилцахаа ойлгодоггүй. Угтаа бол салбарын хөгжлийн төлөө холбоод хамтран ажиллах ёстой.

Та УИХ-ын гишүүнээр сонгогдсоноосоо хойш бусад гишүүдийн хамт 11 хуулийн төслийг санаачлан, тэдгээрээс 6 хуулийг нь батлуулсан байна. Энэ бол чамгүй өндөр тоо. Та 1 жилийн хугацаанд үнэхээр шаргуу ажиллалаа гэж дүгнэж болох уу?

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд сонгогдсон тойрогтоо хангалттай ажиллахад тун хүндрэлтэй байлаа. УИХ бүрдээд удалгүй байтал цар тахлаас шалтгаалан хөл хорио тогтоосон, хамгийн түрүүнд Баянзүрх дүүрэгт халдварын голомт бий болж, хорооддоо би очиж ажиллах нь бүү хэл хороодоор нь хөл хорьсон. Түүнчлэн гишүүд, улс төрчид цар тахлын ийм хүнд үед улстөржихгүй гэдэг зарчим баримталсан. Гэсэн ч тойргийнхоо иргэдэд хүнсний багц хүргүүлэх ажлыг халдвар хамгааллын дэглэмийг баримтлан хийсэн байна. Мөн Баянзүрх дүүргийн ЕБС-ийн 12 дугаар анги төгсөгчдөд зориулан цахимаар элсэлтийн ерөнхий шалгалтын сургалтыг багш нартай хамтран хийсэн. Нийт 3000 орчим хүүхэд төгссөн. Цар тахлын уршигт өртөмтгий айл өрхүүдэд хоол хүнс, халдваргүйжүүлэх бүтээгдэхүүний багцыг хүргүүллээ. Шаардлагатай төсвийн хөрөнгө оруулалтыг дэмжин ажиллаж, боловсролын салбарт илүү анхаарал хандууллаа.

Бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлд цар тахлын үед үйл ажиллагаа нь хаалттай байгаа үед сайн менежер хийх, наад зах нь орлого зарлагаа бүртгэх, цахим маркетинг хийж сурах, Хаан банктай хамтран зээл авах боломж, бүрдүүлэх материал нөхцөл шаардлагыг хангах чиглэлд сургалт хийсэн. Баянзүрх дүүрэг бол нийслэлийн хамгийн том дүүрэг. Томоохон зах худалдааны төвүүд хаагдсан тул дүүргийн хэмжээнд иргэдийн амьжиргаа хүндэрсэн.

Энэ чиглэлд анхаарч ажилласан. Гэхдээ УИХ-ын гишүүд иргэддээ бэлэн зүйл тараагаад тараагаад тэдний амьдралыг тэр чигээр нь өөд татаж чадахгүй. Эсрэгээрээ хүмүүс ажлаа хийгээд, амьдралаа сайхан авч явах хууль эрх зүйн орчныг нь бид бий болгох ёстой. Үр хүүхдүүд нь хангалттай сургууль, цэцэрлэгтэй, дарамт шахалтгүй бизнесээ эрхлэх орчинтой байх ёстой. Тиймээс би энэ чиглэлд өнгөрсөн нэг жил илүү анхаарч ажилласан.

Би санхүү, эдийн засгийн мэргэжилтэй. Тиймээс энэ мэдлэг туршлагаа ашиглах ёстой гэж боддог. Иргэд улс төрөөс хамаарахгүй тогтмол орлоготой ажлаа хийгээд сайхан амьдрах ёстой. Тиймээс банкны реформ, төсөв, төсвийн тодотгол, зээлийн хүү бууруулах стратеги гэх мэт хууль тогтоолын төсөлд анхаарал хандуулан ажилласан.

УИХ-ЫН ГИШҮҮД ИРГЭДДЭЭ БЭЛЭН ЗҮЙЛ ТАРААХААС ИЛҮҮ ТЭД АЖЛАА ХИЙГЭЭД, АМЬДРАЛАА САЙХАН АВЧ ЯВАХ ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ НЬ БИЙ БОЛГОХ ЁСТОЙ

Өнгөрөгч хаврын чуулганаар 2021 оны төсвийн тухай хуульд тодотгол хийсэн. Сангийн сайд хэлэхдээ тодотгол хийж “Бүхнийг ковидод” чиглүүлж байгаа тухай тайлбарласан. Та Сангийн дэд сайдаар ажиллаж байсан хүний хувьд тодотгол хийх зайлшгүй нөхцөл байсан уу?

Ингэхээс өөр арга байсангүй л дээ. Дэлхий даяараа 2021 оны хавар гэхэд Ковид-19-өөс салчихна гэсэн төсөөлөлтэй байсан. Олон улсын, дэлхийн томоохон байгууллагууд бүтэн нэг жилийн прогноз гаргахад тэр нь нэг их зөрдөггүй байлаа. Гэтэл цар тахлаас болж бүх юм өөрчлөгдөж, одоо 3 сар тутамд НҮБ, Дэлхийн банк, Олон улсын валютын сан зэрэг байгууллагууд бүгд прогнозуудаа өөрчилж байна. Учир нь дараагийн 3 сар байдал хэрхэхийг мэдэхгүй. Нэг жил хагасын дотор Iphone-оос ч олон хувилбартай ковид-19 гарлаа шүү дээ. Энэ хавар ковидтойгоо 1-2 жил, сая Олон улсын парламентчдын хурал дээр магадгүй 3 жил ч энэ байдал үргэлжилнэ гэж тооцож байна. Монгол Улс эхний хагас жилийн хугацаанд цар тахалд хамаг зүйлээ зориулсан. Вакцин ч үгүй үе таарсан. Иргэд, нийгмийн амьдралд ч хатуу туссан. Харин одоо бол дархлаажуулалтаа 1, 2, 3-р тундаа ихэнх иргэд хамрагдаж байна. Энэ цаг үед эдийн засгаа аажим аажмаар нээгээд, цар тахалтай зэрэгцэж амьдрах стратеги руу дэлхий даяараа орж эхэллээ.

Вакцинаа хийгээгүй байж эдийн засгаа аварна гэж ярих боломжгүй цаг үед бид байсан. Цөөн хүн амтай улсын хувьд иргэдийн амь нас уу, амьжиргаа юу гэдэг сонголтын өмнө очсон амаргүй цаг үед 2021 оны төсөвтөө тодотгол хийсэн. Эхлээд иргэдийнхээ амь насыг, дараа нь амьжиргааг нь дээшлүүлж болно гэсэн бодлого баримтлан халамжийн бодлогыг хэрэгжүүлсэн. Тухайлбал Монгол Улсын Ерөнхий сайдын хэлж байгаагаар Хүүхдийн мөнгөнд 1,4 ихнаяд төгрөгийг зарцуулж байна.

2022 оны нэгдсэн төсөв энэ намрын чуулганаар батлагдана. Манай улс цар тахлын дараах эдийн засгаа сэргээх чиглэлд хэрхэн анхаарч, төсөвтөө тусгах хэрэгтэй вэ?

2021 онд үнэхээр хүнд байсан. Бараг л борц болчихсон байсан эдийн засагт өчүүхэн жаахан нийгмийн хүлээлт гэхэд л эдийн засгийг маш хүчтэй сэргээнэ. Хүмүүсийн ихэнх нь дархлаажуулалтынхаа 2-3 тунд хамрагдчихлаа. Ер нь цар тахалтайгаа зэрэгцэн амьдрах юм байна гэдгийг дэлхий даяараа хүлээн зөвшөөрчихлөө. Гэлээ гээд бүх бизнес, үйл ажиллагааг задгай тавьж чадахгүй ч гэсэн бизнесийг аажим аажмаар хэвийн горимд орно. 2021 оныг бодвол 2022 оны эдийн засгийн төлөв сайн гарна. 2020 онд цар тахал эхэлж байхад дэлхийн эдийн засгийн таамаглал 2021 оны хавар цар тахлаас сална. 2022 онд буцаж сэргээд, 2023 оноос 2019 оны нөхцөл байдал руугаа шилжинэ гэж харж байсан. Гэтэл одоо 2022 ондоо ч цар тахалтайгаа амьдрана гэхээр 2023 онд 2019 оны нөхцөл байдал руугаа шилжих үү гэдэг эргэлзээтэй. Хүмүүс хуримтлалаа идчихсэн байна. Бизнесүүд өсөх мөнгөө үйл ажиллагаандаа зарцуулаад нэмээд өрөнд орсон байна. Хүүхэд залуус ч маргаашийн талаарх хүсэл тэмүүлэл, мөрөөдөл хүнд байна. Маргааш ч бизнес маань хөл хорионд орж, хаагдах болов уу гэсэн эргэлзээ байсаар байна. Таван жилийн дараа байдал сайжирна гэж харж байгаа ч ойрын 1 жилийн дотор алсын хараа хувь хүн, бизнесүүдэд ч байхгүй болжээ. Ямар ч байсан алхам алхмаар урагшаа явж байна. Дампуурчихгүй байх юмсан гэхээс биш бизнесээ тэлэх юмсан гэж ярьж байгаа зүйл алга.

Дэлхий даяараа 2021 оны хавар гэхэд цар тахлаасаа салаад эхний 3 сар бол эдийн засаг буцална гэж үзэж байсан. Учир нь маш их хорио, дэглэм, хязгаарлалттай байсан учраас хүн бүр худалдан авалт хийж, үйлчилгээ авч, аялж зугаална гэж тооцсон. Үүний дараа цар тахал дахиад нэмэгдээд иргэд худалдан авалтаа татна. Олон улсын зүгээс юу гэж зөвлөж байсан бэ гэвэл эхний 3 сарын борлуулалтаа харж, эрсдэл хийж болохгүй. Энэ бол түр зуурынх гэж байсан. Сая ч 9 сарын хичээл эхлэхийн өмнө бид ямар их худалдан авалт хийв, зун амралт, зугаалгаар хөдөө, гадаа их явцгаасан. Гэхдээ цар тахал байсаар байна. Улам бүр хувилбар, эрсдэл нь нэмэгдсэн байгааг бид анхаарах ёстой.

2022 ОНЫ УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙГ ӨНГӨТЭЙ, ӨӨДРӨГӨӨР ХАРЖ БОЛОВСРУУЛЖ БАЙГАА Ч ХЭТ ӨӨДРӨГ, ХЭТ МУУГААР БИШ ДУНДЖААР НЬ ТӨСӨӨЛЖ ХИЙХ ЁСТОЙ

Мэдээж 2022 оны улсын нэгдсэн төсвийг өнгөтэй, өөдрөгөөр харж боловсруулж байгаа байх. Гэхдээ хэт өөдрөг, хэт муугаар биш дунджаар нь төсөөлж хийх ёстой. Сайн талууд байна. Дэлхийн зах зээлийг харахад Монгол Улсын экспортын гол нэийн бүтээгдэхүүний үнэ өндөр байна. Дэлхийн зэсийн экспортын гол тоглогч болох Чили, Перу зэрэг улс засаглалын маш хүнд байдалд шилжлээ. Маш их популист шийд гаргаж, том хөрөнгө оруулагчдаа хөөж гаргасан. Энэ нь ардчиллын зарчмаар явж байгаа Монгол Улсын хувьд давуу тал болж байгаа. Дэлхий даяар логистик гацлаа. Япон, АНУ-ын тээврийн зардал өмнөхөөсөө 5 дахин өссөн. Тэгэхээр энэ цаг үед давуу талаа ашиглаж чадвал төсвийн орлого сайн бүрдэх боломж бий.

УИХ дахь МАН-ын бүлгийн Дэд даргын хувьд таны өмнө улстөрийн өндөр хариуцлага бий. Өнгөрөгч хаврын чуулганы хугацаанд Монголын улс төрд өлсгөлөн, сонгууль гэх мэт олон үйл явдал өрнөлөө. Та үүнд ямар дүгнэлт хийх вэ?

Энэ цаг үед олон нийтийн сэтгэл зүй их тавгүй байна. Долоо хоногоор ч ажил амьдралаа төлөвлөх боломжгүй байгаа үед буруутгах ч аргагүй. Гэхдээ үүнийг улс төрийн зорилгоор ашиглаж болохгүй. Нэг хүн солигдлоо гээд ч байдал сайхан болдоггүй. Хамгийн ихээр төр, засаг нь солигдсон улс гэвэл бид. Тийм байсан бол хамгийн сайн сайхан л явах ёстой байсан биз. Гэтэл дэлхийн улс орнууд аль болох тайван, тогтвортой байдлыг хичээж байна. Хүний амьдралд олон хувьсагч байж болдоггүйтэй адил олон өөрчлөлтийг зэрэг хүлээн авах боломжгүй. Иргэд нь амьдралынхаа энэ олон өөрчлөлт, шийдвэртэй нүүр тулж байхад төр засаг нь дэнжигнээд байж болохгүй шүү дээ. Тиймээс 2020 оны сонгуулиар ард түмэн МАН-д олонх болох саналыг өгсөн болов уу гэж бодож байгаа. Илүүтэй бидэнд урагшаа хараад асуудалд ажил хэрэгчээр хандаж явах л хэрэгтэй байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд ч би хууль, бичиг цаас боловсруулах, асуудалд бодитойгоор хандаж ажилласан маань би УИХ-ын гишүүн учраас ажил хэрэгчээр хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой гэж бодож ажилласан. Тэрнээс биш гадаа гарч хүмүүсийн бухимдал дээр дөрөөлж нэгийг нөгөө рүү нь турхираад байх нь зохисгүй. Бид УИХ гэдэг бол бие биен рүүгээ муу муухайг шидсэн, нэгнээ шордсон, ард түмнийг зөв бурууд уриалсан ойлголт сэтгэл зүйг төрийн түшээд нь бий болгож болохгүй. Английн парламент хоорондоо мэтгэлцэхдээ хүртэл “эрхэм ноён та..” гэж хэлдэг.

АРД ТҮМНИЙГ ЗӨВ, БУРУУД УРИАЛСАН ОЙЛГОЛТ, СЭТГЭЛ ЗҮЙГ ТӨРИЙН ТҮШЭЭД НЬ БИЙ БОЛГОЖ БОЛОХГҮЙ

Хоёр янзын улстөрч байдаг гэж би боддог. Констрактив буюу Бүтээлч, Дистрактив буюу үймүүлэн бусниулагч. Бусниулагч байх амархан. Хүний ажлыг шүүмжлэх хэрнээ сайжруулах 5 санал бичээд өг гэхээр чаддаггүй. Хэрвээ чадахгүй бол шүүмжлэх хэрэггүй. Өнөөдөр монголоор дүүрэн шүүмжлэл байна шүү дээ.

Төрийн түшээ хүн бол нийгмийг шүүмжлэх гэж бий болоогүй. Төрийн түшээ бол бурууг засах гэж л байдаг. Бурууг ингэж засъя гээд тоо, судалгаатай гаргаж ирэх ёстой. УИХ-ын гишүүн бүхнийг мэддэг хүн биш. Би УИХ дээр мэдэхгүй зүйлээ судалдаг, мэддэг хүнээс нь асууж, мэдээлэл солилцдог, олон улсын туршлага, бичиг цаас уншдаг. Хэрвээ ингэж чадахгүй бол кноп дарагч л болно.

Би өнөөдөр нийгмээс нэг зүйл асуумаар санагддаг. Тогтвортой тайван хөгжлийг хүсэж байна уу, аль эсвэл хүчтэй реформыг хүсээд байна уу? Яг иргэдтэй уулзаад асуухаар та нар ажлаа тогтвортой хийгээд, бид ч тайван амгалан ажиллаж амьдармаар байна гээд байдаг. Гэснээ нөгөө талдаа реформ хиймээр байна гэдэг. Реформ хийнэ гэдэг бол нийгмийн бүх зүйлийг өөрчлөх тухай асуудал шүү дээ.

2020 оны сонгуульд дэвшүүлсэн МАН-ын мөрийн хөтөлбөр гэж бий. Засгийн газар, УИХ ч үйл ажиллагаа, баталж буй хууль, тогтоолоо уг мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад чиглүүлж байна. Нэг жилийн хугацаанд мөрийн хөтөлбөрийн биелэлт ямар хэмжээнд байна вэ?

Мөрийн хөтөлбөрийг боловсруулахад би гар бие оролцсон хүний хувьд хэрэгжилтэд маш их ач холбогдол өгдөг. Мөн хэрэгжүүлэхийн төлөө бид өөрсдөө л зүтгэхгүй бол боловсруулах гэж ажиллах хэрэггүй болно. МАН уг мөрийн хөтөлбөрийг боловсруулах ажил нэг жил гаруй өрнөсөн. Монгол Улсын Засгийн газар мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг жил тутам дүгнэдэг. Түүнээс гадна УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргын хувьд УИХ-ын гишүүдээс дүгнэлт авч мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар дүгнэлт гаргасан. Засгийн газар жил бүрийн дүгнэлтдээ маш сайн үнэлгээ өгдөг. Харин миний хувьд мөрийн хөтөлбөр, амлалтын хэрэгжилт гэдэг бол иргэдийн хэрхэн үнэлж байгаагаар л дүгнэгдэнэ.

Цаашид Засгийн газар өөрсдийн ажлыг дүгнэлээ гэхэд, УИХ, байнгын хороо, салбарын мэргэшсэн гишүүд нэг дүгнэнэ, иргэдийн оролцоо үүн дээр байдаг бол бүр сайн юм. Ер нь бол 100% хэрэгжиж, биелдэг мөрийн хөтөлбөр гэж байхгүй. Ядаж 50% хэрэгжиж, иргэд энэ хэмжээнд дүгнэж чадаж байвал Монгол Улсын хөгжилд тэр хэмжээгээр хөгжил ирнэ.

Цар тахлын үед хэрэгжүүлэх боломжгүй зүйлс байгаа ч бодлогын хувьд, хууль эрх зүйн хувьд хийж хэрэгжүүлэх бүрэн боломжтой зүйлс их байна. Жишээлбэл, Зөвшөөрлийн тухай хууль хэлэлцэгдэж байгаа. Энэ хуулийн маш их хүнд суртал, иргэдийн өмнө тулгарах бэрхшээлийг байхгүй болгох, төсөв мөнгө шаардахгүй хийж болох ажил. Хямрал сайн зүйл гэсэн үг бий. Цар тахлын үеийн энэ хямралтай нөхцөл байдал бид өөрсдийгөө эргэн харах, алдаагаа дахин харах боломж олгодог. Монгол Улс ч эдийн засгаа сэргээх чиглэлд Монголын төр онцгой анхаарч эхэллээ. Дэлхий дахин great reset буюу их шинэчлэл хийгдэж байна. Цар тахлын зогсонги байдлаас гарахдаа дэлхий буцаад ногоон болж, оролцоог хангасан байдлыг бий болгоно гэж байна. Бид өмнө нь Монголбанкинд бүртгэлтэй хар түүхийг хааж, бизнесүүдэд өмнөх алдааг орхиод шинээр ажиллах боломжийг олгохоор боллоо. Энэ бол давуу тал юм.

УИХ-ЫН ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫГ САЙЖРУУЛАХ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН БАРЬСАН

УИХ-ын гишүүний чухал ажил нь хууль, эрх зүйн орчинг иргэддээ ээлтэй, боловсронгуй болгох байдаг. Та санаачлан, батлуулсан хуулиуд хэрхэн хэрэгжиж байгаад хяналт тавьж, олон нийтэд сурталчлан таниулах чиглэлд ямар ажил хийж байна вэ?
Энэ тал дээр хяналт, шалгалт нилээд сул байна гэж би харж байгаа. Өнгөрсөн хугацаанд цахимаар хуралдахад хуулийн хэрэгжилтийн араас хяналт шалгалт хийхэд бэрх байсан. Засгийн газар хэрэгжүүлж байгаа тухайгаа цаасан дээр бичээд танилцуулах нэг өөр. Харин УИХ-ын гишүүд очиж газар дээр нь шалгаад танилцахад өөр байдаг. Зуны саруудад бид хэд хэдэн хяналт, шалгалтын ажил хийж, Боловсролын салбарт хийгдэж байгаа бүтээн байгуулалтын гүйцэтгэлийн ажлуудтай танилцаж, хяналт, шалгалт хийсэн.

Мөн УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогтоор ахлуулан УИХ-ын хяналт, шалгалтын чиг үүргийг нэмэгдүүлэх “Монгол Улсын Их хурлын хяналт, шалгалтын тухай” бие даасан хуулийн төслийг өргөн барьсан. Парламентын хяналт, шалгалт АНУ-ын парламентад маш хүчтэй хэрэгждэг. Холбогдох байгууллагын хүмүүсийг дуудан ирүүлж, бараг шүүх хурал шиг хийдэг. Парламент маш их эрх мэдэлтэйгээр хуулийн болон үйл ажиллагааны хэрэгжилтийг тодруулж, хянаж, шалгадаг. Энэ утгаараа УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийг боловсруулсан.

Миний хувьд УИХ-ын Тогтвортой хөгжлийн дэд хорооны даргаар ажиллаж байна. Монгол Улсын 2030 он гэхэд ядуурлыг тэг болгоно гэж НҮБ-аас том амлалтыг авчихсан. Үүний хүрээнд хийгдэх ихэнх ажлууд цар тахлаас үүдэн хойш тавигдаж байгаа ч өнгөрсөн нэг жилийн хугацаанд стратеги төлөвлөгөө, бодлого боловсруулах чиглэллд илүү анхаарч ажилласан.

Намрын чуулган эхэлж байна. Энэ удаагийн ээлжит чуулганаар таны анхаарал хандуулж байгаа гол хуулиудынхаа талаар мэдээлэл өгнө үү?

Бид өмнө нь батлагдсан хууль, тогтоолынхоо хэрэгжилтэд маш сайн анхаарах ёстой. Ялангуяа Засгийн газар солигдоход өмнөх сайдын хэрэгжүүлж байсан ажил дараагийн сайдын үед зогсчихдог, эсвэл мэдээлэл муутайгаас болж хэрэгжихгүй байх тохиолдол элбэг байна. Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд бид Олон улсын байгууллагуудаас маш их төсөв, санхүүжилт авсан. Үүний араас үр дүн, хэрэгжилтийг нь хянах зайлшгүй шаардлагатай. Энэ бүх зээл манай улсын нэр дээр өр болоод бичигдээд л явж байгаа.

НАМРЫН ЧУУЛГАН ИРГЭДИЙН БИЗНЕС ЭРХЛЭХ, ХӨРӨНГӨ ОРУУЛАХ ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ САЙЖРУУЛСАН ЧУУЛГАН БОЛООСОЙ ГЭЖ ХҮСЭЖ БАЙНА

Мөн намрын чуулганы хугацаанд бизнес, хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлд маш олон хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж батлах гэж байна. Миний хувьд эдгээр хуулиас хэд хэдэн том хуулийн төслүүдийг ахлан ажиллаж, заримд нь ажлын хэсэгт ажиллаж байна. Тухайлбал Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хууль, Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль, Виртуал хөрөнгө, үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль, Боловсролын тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Актив удирдлагын тухай хуулийн төслүүдийн ажлын хэсэгт ажиллаж байна. Мөн 2022 оны төсвийн тухай хууль хэлэлцэх үед ажлын хэсэгт орж ажиллана. Энэ намрын чуулган бол Нэгдүгээрт, иргэдийн бизнес эрхлэх, хөрөнгө оруулах хууль эрх зүйн орчинг сайжруулсан чуулган болоосой гэж хүсэж байгаа. Хоёрдугаарт, өмнө нь батлагдсан томоохон хууль, баримт бичиг, эрх зүйн орчин, авсан зээл тусламжийн гүйцэтгэлийн араас хяналт тавьж ажиллана. Үүнтэй холбоотойгоор УИХ-аас аравдугаар сарын 04-ний өдөр Тогтвортой хөгжлийн зорилтын дээд хэмжээний чуулга уулзалтыг хийх гэж байна. УИХ-ын дарга, Ерөнхий сайд, НҮБ-ын суурин төлөөлөгч, НҮБ-ын төв оффисын гол эдийн засагчид оролцоно. Өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, үр дүнг энэ үеэр ярих болно. Монгол Улсын ядуурлыг бууруулах нь зөвхөн НҮБ-ын зорилт бус бидний зорилт юм. Тиймээс үүнд өндөр ач холбогдол өгөх ёстой.

Түүнчлэн хөрөнгө оруулалтыг татах зорилгоор Монгол Улсын Засгийн газар АНУ-ын Засгийн газартай Ил тодын гэрээ байгуулсан байдаг. Гэрээний үндсэн дээр гадаадын хөрөнгө оруулалтай холбоотой хууль, эрх зүйн орчны өөрчлөлтийг УИХ-д өргөн барихаас өмнө орчуулж, гадаадын хөрөнгө оруулагчдад танилцуулах үүрэг хүлээдэг. Энэ хангалттай хэрэгжихгүй байна. Хөрөнгө оруулагчид энэ мэдээллийг авч чадахгүй байсаар хууль батлагдаад гадаадын хөрөнгө оруулагчдад ээлгүй эрх зүйн орчин бүрдээд байна гэдэг. Энэ байдлыг өөрчлөн сайжруулах чиглэлээр УИХ-аас ахлан томилогдож ажиллаж байна.

Монгол Улс цар тахлын хатуу хорио, хязгаарлалттай үе намжиж, үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт нээгдэхэд хэн илүү сайхан хөрөнгө оруулалтын орчинг бий болгосон бэ гэдэг тэмцээн дэлхий даяар болно. Монгол Улс үүнд бэлдэх ёстой. Ядаж гол хуулиудаа орчуулж, нэг цэгт төвлөрүүлсэн, бизнесийн орчинд том биш ч маш төвөгтэй жижиг заалтуудаа, тухайлбал бизнесийн виз, аялалын виз олголт гэх мэт шалгуурууд, хуулийн зохицуулалтаа хөнгөвчлөх алхмаа бид хийх ёстой. Тиймээс холбогдох хуулийн төслүүдийн ажлын хэсэгт орж ажиллаж байна.

ШИНЭ МЭДЭЭ