Спортын цогцолборын төслийн барилгын ажил үргэлжилж байна
2021.06.21
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Спортын цогцолборын төслийн барилгын ажил үргэлжилж байна

УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Степпе Арена” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Мөрөөдөл биелэх-Мөсөн өргөө” төсөл, мөн нийслэлийн өмчит “Улаанбаатар Спорт менежмент” ХК-ийн захиалгаар хэрэгжүүлж буй “Зүүн Азийн Залуучуудын наадам-2023”, “Олон Улсын Залуучуудын ногоон наадам-2025”-ыг хүлээн авах Спортын цогцолборын төслийн барилгын ажилтай Монгол Улсын ерөнхийлөгчийн хамт танилцаж, мэдээлэл авчээ.

Тэрээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа дараах мэдээллийг бичсэн байна.

Улсын төсвөөс хараат бусаар, үндэсний аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй тус төслийн барилга угсралтын ажил үндсэндээ дуусаж, дотоод засал, мөсөн шалыг тавих ажил эхэлсэн байна. Төслүүдийн хүрээнд 3,500 хүртэлх хүний багтаамж бүхий Монголын анхны битүү дээвэртэй спортын ордон, төрөл бүрийн спортын тэмцээнийг зохион байгуулах зориулалттай, 2,100 хүний багтаамж бүхий спортын цогцолбор, 10 замтай усан спортын ордон, хөл бөмбөгийн талбай, техникийн төвийг цогцолбор хэлбэрээр нэг байршилд барьж байгуулж байна.

Бүтээн байгуулалтын ажлууд дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас удааширч, хэсэг хугацаанд саатсан ч өнөөдрийн байдлаар ажил хэвийн үргэлжилж байгаа талаар төслийг хэрэгжүүлэгчид Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулж байлаа.
Биеийн тамир, спортын салбарын материаллаг баазыг бэхжүүлэх нь хүүхэд залуусын дунд спортын соёлыг дэлгэрүүлэх, эерэг хандлагатай, тууштай, хөдөлмөрч залуу үеийг бэлтгэх, спортын хүмүүжлээр дамжуулан шилжилтийн насны хүүхдүүдийн дунд гарч буй гэмт хэргийн тохиолдлыг бууруулах, хорт зуршлаас ангид байлгах зэрэг үр нөлөөтэй.

Залуусын зүгээс ч спортын салбарыг төрөөс бодлогоор дэмжих, чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрүүлэх боломжийг бүрдүүлсэн материаллаг баазыг бий болгох талаарх санал хүсэлтийг олон удаа ирүүлж байсан ч өнөөг хүртэл дорвитой арга хэмжээ авааагүй байсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга залуусын хөгжлийг дэмжих эдгээр төслүүдийг амжилттай хэрэгжүүлж дуусгах нь онцгой чухал байгааг тэмдэглэж, бодлогын дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг захилаа.

Тус ордон нь Олон улсын олимпын хорооны баримтлах стандарт буюу 60х30 метрийн хэмжээстэй мөсөн гулгуурын талбай, тамирчид, шүүгчдийн хувцас солих өрөө, хэвлэл, мэдээллийн ажилтнуудын өрөө, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх өрөө зэрэг зөвхөн уралдаан, тэмцээнд зориулсан 10 гаруй өрөө, тасалгаатай.

“Мөсөн ордон”-той болсноор мэргэжлийн хоккей, уран гулгалт зэрэг өвлийн спортын төрлүүдийг Монгол Улсад хөгжүүлэх суурь тавигдахаас гадна тусгай зориулалтын шал дэвссэнээр бүх төрлийн танхимын спортын уралдаан, тэмцээн, соёл, урлагийн болон хурал, зөвлөгөөн зэрэг бусад үйл ажиллагааг зохион байгуулах боломжтой юм. Төслийг хэрэгжүүлэгчид тус ордныг 2021 оны долдугаар сард багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

ШИНЭ МЭДЭЭ