http 6
"Нэг ч хүүхдийг ЭЕШ-аас хоцроохгүй. Халдвартай, сэжигтэй, эрүүл хүүхдүүдийг тусад нь оруулахаар 3 төрлийн анги бэлдсэн"
2021.06.21
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

"Нэг ч хүүхдийг ЭЕШ-аас хоцроохгүй. Халдвартай, сэжигтэй, эрүүл хүүхдүүдийг тусад нь оруулахаар 3 төрлийн анги бэлдсэн"

Элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хүргэлээ.

"ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн нэг ч хүүхдийг шалгалтаас гадуур үлдээхгүйг хариуцлагатайгаар мэдэгдье"

Тэрбээр “Боловсролын үнэлгээний төвийн зарим албан тушаалтан хариуцлагагүй, ойлгомжгүй мэдэгдэл хийснээс болж иргэдийн дунд бухимдал үүсээд байна.

Тодруулбал, тавдугаар сарын 20-ноос өмнө Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл дуусаж, 40,420 хүүхэд шалгалтад орохоор бүртгүүлсэн бөгөөд хэн, аль сургууль дээр очиж шалгалтаа өгөх нь тодорхой болчихсон. Дээрх хүүхдүүдээс 2,000 орчим нь коронавируст халдварын сэжигтэй тохиолдол болсон бөгөөд 1,500 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Би Боловсрол, шинжлэх ухааны сайдын хувиар хэлэхэд, энэ жил Элсэлтийн ерөнхий шалгалтад орохоор бүртгүүлсэн бүх хүүхдэд боломж олгоно. ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн нэг ч хүүхдийг бид шалгалтаас гадуур үлдээхгүйг хариуцлагатайгаар мэдэгдье.

Харин халдвар авсан тухайн хүүхдүүдийг энэ жил шалгалтад орж чадахгүй тул ирэх жил хүртэл хүлээхээс өөр аргагүй гэсэн ойлгомжгүй мэдэгдэл хийсэн БҮТ-ийн тэр албан тушаалтанд хариуцлага тооцно" хэмээн хэллээ.

"Халдвар авсан хүүхдүүдээс байгаа газар нь ЭЕШ авах боломжийг туршиж байна"


Үргэлжлүүлэн "Бид улсын хэмжээнд ЭЕШ авах 48 төвийг бэлдсэн. Нэг ангид 15-аас дээшгүй хүүхдийг оруулах бөгөөд тухайн төвүүдэд гурван төрлийн анги бэлдсэн.

Тодруулбал,

1. Халдваргүй хүүхдүүд шалгалт өгөх боломжтой анги,

2. Тухайн өдөр өндөр халуунтай буюу халдварын сэжигтэй хүүхдүүдийн шалгалт өгөх анги,

3. Коронавирусийн халдвараар өвчилсөн хүүхдүүдийг шалгалтын төвүүд дээр авчирч, шалгалтад оруулах танхим бэлдсэн байгаа.

​Түүнээс гадна, сэжигтэй эсвэл халдварын улмаас гэртээ эсвэл эмнэлэгт эмчлүүлж байгаа хүүхдүүдэд Ipad хүргэж өгөөд хяналтын камерын тусламжтайгаар байгаа газар нь ЭЕШ авах боломжийг туршиж байна.

Хэрвээ энэ туршилт амжилттай болбол бид ирэх долоо хоногт нэвтрүүлнэ.

ЭЕШ улс орон даяар нэг өдөр болдог тул нэг ч хүүхэд хоцрох ёсгүй. Иймд хэрвээ хүүхдүүдийн дунд халдвар илүү өсөж, УОК-оос хөл хорио тогтоох эрсдэл үүсвэл ЭЕШ-ыг хойшлуулахаас өөр аргагүй” гэдгийг нэмж хэллээ.

ШИНЭ МЭДЭЭ