http 6
Боловсролын зээлийн төсвөөр хүүхдийн 100 мянгыг олгожээ
2021.06.11
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Боловсролын зээлийн төсвөөр хүүхдийн 100 мянгыг олгожээ

Боловсрол, шинжлэх ухааны яам төсвөө цахим хэлбэрт шилжүүлж буйтай холбоотойгоор өнөөдөр /2021.6.11/ мэдээлэл хийлээ.


БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН:

-“Засгийн газрын "Цахим үндэстэн" хөтөлбөрийн хүрээнд төрийн байгууллагыг цахим болгох нь хамгийн том зорилго юм. Боловсролын салбар анх удаа буюу бусад салбараасаа түрүүлж цахимаар төсвөө эхлүүлэх үйл ажиллагаа болж байгаад баяртай байна. Өнөөдөр төрийн албан хаагчийн 50 хувь нь буюу 100,000 орчим төрийн албан хаагч боловсролын салбарт ажилладаг.

Нөгөө талаар боловсролын салбарт зарцуулж буй хөрөнгө нь Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий зургаан хувьтай тэнцэх хэмжээний буюу 1.7 их наяд төгрөг. Манай салбарт хийгдэж байгаа 300-400 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт нь Монгол Улсад нийт төсвөөр хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын 60-70 хувийг эзэлдэг. Тиймээс боловсролын салбарын төсвийн шинэчлэлт нь Монгол Улсын төсвийн шинэчлэлтийн томоохон хэсгийн нэг юм.

БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН САНХҮҮЖИЛТ НИЙТ ОЮУТНУУДЫН 5 ХУВЬД Л ХҮРДЭГ

-Боловсролд зарцуулж байгаа мөнгө сургуульд суралцаж байгаа хүүхдүүдийн мэдлэгт нөлөөлж чаддаггүй. Төрийн өмчит ерөнхий боловсролын 870 сургууль,  1100 цэцэрлэг байна. Тиймээс боловсролын хүртээмж дээр анхаарч ажиллах болно.

Мөн их, дээд сургуулийн төгсөх курсын оюутнуудаас гомдол, санал ихээр ирж байна. Тухайлбал, Боловсролын зээлийн сангийн буцалтгүй тусламж болон бусад тэтгэлгээр суралцаж байгаа оюутнуудын төлбөрийн асуудал дээр анхаарах зайлшгүй шаардлага үүссэн. Тиймээс Боловсролын зээлийн сан санхүүжилтийг өөрчилнө. Нэгдүгээрт гадаадын их дээд сургуульд суралцаж буй 100 гаруй оюутны сургалтын төлбөрт жилд 12-15 тэрбум төгрөг зарцуулагддаг. Ердөө 100 гаруй хүүхдэд зарцуулдаг энэ жишгийг өөрчлөх төлөвлөгөөтэй байгаа. Боловсролын зээлийн сангийн хүртээмж Монгол Улсад суралцаж буй 147 мянган оюутны таван хувьд л хүрч байгаа. Цаашид зээлийн сангийн төсвийн зарцуулалтыг шударга, ил тод болгохоор ажиллаж байгаа.

БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТӨСВӨӨР ХҮҮХДИЙН 100 МЯНГАН ТӨГРӨГИЙГ САНХҮҮЖҮҮЛЖ БАЙГАА

Боловсролын зээлийн санд жилд 30-35 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай байдаг ч Covid-19 халдвартай холбоотойгоор эдийн засгаа дэмжих хөтөлбөрийн хүрээнд 2021 онд хүүхдийн 100 мянган төгрөгт татагдсан. Ингэснээр 2020-2021 онд батлагдсан төсвийн 11 тэрбум төгрөг нь Боловсролын зээлийн сангаас татагдсан. Ийнхүү санхүүжилт танагдаж,  хөгжлийн бэрхшээлтэй, өндөр онооны тэтгэлгээр суралцдаг болон гадаадад сурдаг хүүхдүүдийн сургалтын төлбөрийн санхүүжилт хасагдсан.

Гэсэн ч бид буцалтгүй тусламжаар суралцдаг 6000 орчим оюутанд 5.6 тэрбум төгрөг буюу шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэж олгохоор болсон. Тэтгэлэг төлөгдөөгүй байгаа оюутнуудад сургуулийн зүгээс ямар нэгэн дарамт үзүүлж, диплом барьцаалахгүй байхыг хүссэн мэдэгдэх хуудсыг явуулсан байгаа.

Мөн өнөөдрөөс Ерөнхий боловсролын сургууль төгсөх 33 мянган хүүхдийн давтлагыг зогсоож байгаа. Энэ жилийн тухайд 40 орчим мянган хүүхэд ЭЕШ өгнө. Энэ жилийн элсэлтийн шалгалт өвөрмөц хэлбэрээр явагдах онцлогтой байгаа. Учир нь нийт хичээлийн 60 орчим хувь нь цахимаар орсон. Тиймээс хөнгөвчилсөн хэлбэрээр шалгалтын агуулгыг боловсруулж, цахим хэлбэрээр орж буй хичээлийн сэдвийн хүрээнд шалгалт авах болно. Энэ жилээс эхлээд мэргэжил сонголт болон сэтгэлзүйн зөвлөгөөг өгч эхэлсэн нь мөн Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хийж буй томоохон шинэчлэлтүүдийн нэг юм. Цаашид ЭЕШ-ыг хоёр удаа авахаар болж байгаа.

ШИНЭ МЭДЭЭ