Л.Энх-Амгалан: Ярьдаг биш хийдэг сайд байхыг эрхэмлэнэ
2021.05.25
Улстөр

Л.Энх-Амгалан: Ярьдаг биш хийдэг сайд байхыг эрхэмлэнэ

2021 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн кабинетэд хамгийн туршлагатай, “хор” нь арилсан сайд томилогдсон нь Лувсанцэрэнгийн Энх-Амгалан байлаа. Тэрээр УИХ-ын гишүүнээр 3 удаа сонгогдсон. Ингэхдээ УИХ-ын дэд даргаас эхлүүлээд байнгын хорооны даргаар ажиллаж байсан гээд төр, хууль батлах системд арвин туршлага хуримтлуулсан нь түүнийг Боловсрол, шинжлэх ухааны салбарыг удирдах сайдаар томилогдоход хүн бүр “хорошо” хэмээн хүлээн авсан.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БШУ-ын Сайд Л.Энх-Амгалан /2021.01.30/

Тэрээр ажлаа авсан даруйдаа салбарынхаа өмнө тулгамдаж байгаа асуудлууд руу шуурхайлан орж, цар тахлын үед боловсролын системд доголдоод байгаа олон асуудлыг шат дараатайгаар шийдвэрлэж байна. 

БОЛОВСРОЛЫГ НАМЧИРХАЛ, УЛСТӨРЖИЛТӨӨС АНГИД УДИРДАНА

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан ажлаа авсан даруйдаа Монголын Их дээд сургуулийн ректор захирлуудтай уулзлаа. Нэг сайд ирээд өмнөх сайдын гаргасан шийдвэрийг өөрчилдөг, улстөрждөг, салбараа ялгаж харьцдаг байж таарахгүй. Энэ байдал боловсрол, шинжлэх ухааны салбарт байх ёсгүй. Шийдэх ёстой бол заавал хууль хүлээхгүйгээр тушаал гаргаад явна. Хувийн их дээд сургуулийн алдаа оноог нийтээр нь хавтгайруулж харлуулдаг. Холбогдох хууль журам бусад хөтөлбөр, төслөөс хасдаг биш чанартай сургуулиудыг бодлогоор дэмжинэ. Энэ нь төрийнх энэ нь хувийнх гэж ялгаж харьцахгүй.

Кембриджийн боловсролыг хуулах биш Кембридж хүлээн зөвшөөрөхүйц Монгол стандарт бий болгох. Оюутны хөгжлийн зээлийн санг өөрчлөхгүй бол ЖДҮ шиг болж мэдэхээр болсон байна шүү. Сургуулийн газраа зарсан захирлуудыг шууд хална. Төрийн өмчийн сургуулийн 104 тэрбум төгрөг арилжааны банкуудад байршуулсан байна. Та нар ломбард биш. Мөнгө хүүлээд сууж болохгүй. Төрийн мөнгө төрийнхөө саванд байх ёстой. Эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашина гэсэн юм. 

Түүний энэ шийдвэртэй, зоригтой үг салбарын том толгойднуудад ташуур өгч, иргэд, оюутан залуус болон салбарын төрийн албан хаагчдад урам зориг өгсөн явдал болсон. 

ЁС СУРТАХУУНТАЙ, ХҮНЛЭГ, ЭНЭРЭНГҮЙ МОНГОЛ ХҮНИЙГ ТӨЛӨВШҮҮЛЭХ ЗАРЧИМ БАРИМТЛАНА

Мэдээж хүнд тархины боловсрол хэрэгтэй. Үүнтэй зэрэгцээд зүрх сэтгэлийн боловсролын чиглэл рүү дэлхий нийт явж байна. Тиймээс боловсролын багц хуулийн хамгийн гол үзэл баримтлалын зарчим бол МОНГОЛ ХҮНИЙГ ТӨЛӨВШҮҮЛЭХ, ёс суртахуунтай, хүнлэг, энэрэнгүй хүн болгох боловсролын тогтолцоо Монгол Улсад хэрэгтэй. Тиймээс Боловсролын ерөнхий хуулийг буцаан татаж, үндэсний хэмжээний хэлэлцүүлэг хийсний дараа дахин УИХ-д өргөн барина гэсэн юм. Тэрээр сайдаар томилогдохдоо улстөрөөс ангид байна гэж ярьчихаад хамгийн том даргыг сайд томилно гэдэг заалт оруулж таарахгүй. Хамгийн түрүүнд бидний хийх ажил бол Боловсролын ерөнхий хууль юм гэж онцолсон. 

 

МОНГОЛ ТӨР ШИНЖЛЭХ УХААНДАА, ЭРДЭМТЭДДЭЭ ИТГЭХ ЦАГ БОЛСОН

Боловсрол, шинжлэх ухааны яам бол дан ганц боловсролын асуудал бус Монгол Улсын шинжлэх ухааны салбарыг ч хамтатган удирдаж, бодлогыг зангидаж байдаг. Дэлхий биднээс шинжлэх ухааны ололт, инновац, мэдээллийн технологиороо хол тасраад явж байна. Тиймээс салбарын сайд эрдэм шинжилгээ, судалгааны бүх хүрээлэнд биечлэн очиж ажиллана гэдгээ хэлсэн. Манай Улсын эдийн засаг шинжлэх ухаанжаагүй, шинжлэх ухааны салбар нь эдийн засагжаагүй байна. Судалгаа амьдралд хэрэгжиж, эдийн засагт үр өгөөжтэй байх хэрэгтэй. Цаашид мөнгө дутсан гэхээсээ илүү байгаа мөнгөө оновчтой, үр дүнтэй зохион байгуулахад анхаарна. Шинжлэх ухаан, технологийн санд хадгалагдаж буй улсын төсвийн санхүүжилтээр хийгдсэн судалгаа, төсөлт ажлын үр дүн, тайланг олон нийтэд ил тод, нээлттэй болгоё гэж хэлж байсан. 

Цаашлаад эрдэм шинжилгээний ажилтны дундаж цалин 800-960 мянган төгрөг байгаа ийм бага цалин үнэлэмжтэй байхад шинжлэх ухааныг хөгжүүлнэ гэж ярихгүй. Эрдэм шинжилгээний ажилтны үнэлэмжийг дээшлүүлэх чиглэлд ахиц гаргана гэж хэлсэн. Үүнийхээ дагуу Математик, тоон технологи, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, Түүх, угсаатны зүй, Хэл зохиол, Археологийн хүрээлэн, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэн, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцаж, хүрээлэнгүүд хоорондын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, удирдлага, хүний нөөц, цалин үнэлэмжийн асуудлыг эргэн харж, тогтолцоог нь өөрчлөх, эрдэм шинжилгээний ажилтнуудын академик ур чадварыг дэмжих, шинжлэх ухааны салбарын санхүүжилтийн асуудлыг тодорхой болгож, төрийн мөнгийг шинжлэх ухааны салбарынхан, судлаачиддаа зарцуулж, эцэст нь үр дүнг улс хүртэх юм гэдгийг хүрээлэнгүүдэд ажиллах үеэрээ сайд онцлон хэлж байсан. 

Төрийн ажил залгамж чанараа хадгалж, өнгөрснөөсөө суралцаж, ирээдүйгээ төлөвлөдөг байх ёстой. Л.Энх-Амгалан сайд ч туршлагатай төрийн түшээгийн хувьд боловсрл, соёл, шинжлэх ухаан, спортын салбарыг сүүлийн 20 жил удирдаж байсан сайд нартай уулзаж, хариуцлага үүрч, салбарынхаа бодлогыг зангидаж явсан хүмүүсийн хуримтлуулсан туршлага, арга барил, хийж амжуулсан ололт, амжаагүй зорилт, өнөөдрийн бодлогын алдаа оноог хамтдаа сууж, нүүр тулж ярилцсан юм. 

Уулзалтаар энэ салбарт хулгайлагдсан, хууль бус зарагдсан өмч, хөрөнгө их байгаа, төсвийн хөрөнгө зарцуулалт зэргийг нээлттэй ярилцсан юм. Боловсрол, шинжлэх ухааны яам, Аудитын ерөнхий газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын хамтарсан ажлын хэсгийг байгуулсан. Энэ ажлын хэсгийн үндсэн зорилго бол өнгөрсөн 10 жилийн байгууллагын өмч, хууль бусаар зарагдсан газрын асуудлыг шалгах юм. 

ЯРЬДАГ БИШ ХИЙДЭГ САЙД БАЙХЫГ Л ЭРХЭМЛЭНЭ

Л.Энх-Амгалан сайд өөрийн ажилдаа бусдын үнэтэй санал, мэргэн зөвлөмжийг сонсож, тусган, хэрэгжүүлж ажиллахыг эрмэлдэг. Тиймдээ ч өөрийн цахим хуудастаа “ЯРЬДАГ БИШ ХИЙДЭГ САЙД БАЙХЫГ Л ЭРХЭМЛЭНЭ” хэмээн онцолсон байдаг. Тэрээр өөрийн хувийн цахим хуудаст хийсэн ажлынхаа талаар мэдээлэл оруулахаас гадна мэдээлэл бүхний дор бичсэн саналыг уншиж, ажилдаа тусгахыг хичээдэг байна. Яамны ажилтан, газрын дарга нар, эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчид, эрдэмтэн судлаачдынхаа саналыг эндээс хардаг болсон байна.

Зарим захирлуудын газрын асуудал, өндөр төлбөртэй хувийн сургуулиудын хувьсах зардлыг олгохгүй байх шийдвэр, шинжлэх ухааны технологийн сангийн төсвийн зарцуулалтын зэрэг хэд хэдэн асуудлыг Л.Энх-Амгалан сайд хурцаар дэвшүүлж гаргаж ирсэн. Энэ асуудлууд бүгд ажил хэрэг болж байгаа бөгөөд маш олон зөрчил илэрч байгаа аж. Дагаад сайдын тушаал, шийдвэрүүд ч гарсан. Цаашид ч асуудлыг цэгцэлсэн шийдвэр, тушаалыг зоригтой гаргана гэдгээ тэрээр хэлсээр байгаа.

Л.Энх-Амгалан сайд салбараа зөв удирдаж, цаг үеэ олсон, зөв шийдвэр гаргаж байгаа нь олон нийтийн уур амьсгалаас шууд мэдрэгдэж байна.

Сүүлийнхээс нь эхлэн дурдвал, 
  • ЕБС-ийн сурагчдын зуны амралтыг эрт эхлүүлж, намар 8 сарын дундуур хичээлийн жилийг эхлүүлэх,
  • Үдийн цайг үдийн хоол болгох хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлж, хоолны чанар, стандартад анхаарах,
  • Төр,  хувийн хэвшлийн ЕБС-иуд өрсөлдөж биш хамтарч байж боловсролын салбарыг хөгжүүлнэ
  • Төрийн өмчийн зургаан их сургууль хамтарч ажиллан, хөтөлбөрийн давхардал арилж, нэг нэгнийхээ кредитийг хүлээн зөвшөөрөх, дундын номын сантай болох, лаборатори ашиглах зэрэг 40 орчим чиглэлд хамтран ажиллахаар болж судалгааны сургууль болох суурийг бэхжүүлнэ
  • Боловсрол, шинжлэх ухааны салбарын харьяа сөөм газрыг ч авахгүй, бусдад ч алдахгүй, салбарынхаа санхүүгийн зөрчилтэй тэмцэнэ
  • Бүх шатны төлбөртэй сургуульд суралцагчийн сургалтын төлбөрт хөнгөлөлт үзүүлэх, дараагийн төлбөрт шилжүүлэх, буцаан олгох түр журам баталсан.
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан хэрэглэгдэхүүнт тоноглосон танхимыг бүх сургууль дээр байгуулах санхүүжилтийн тооцоог судлан гаргах гэх мэт олон асуудлыг шийдвэрлэх ажилд ханцуй шамлан ороод байна. 

Тэрээр БШУ-ны сайдын хувьд олон улс, гадаад хамтын ажиллагааг эрчимтэй өрнүүлж олон улсын санхүүгийн болон донор байгууллагуудтай хамтран төсөл, хөтөлбөрүүдийг салбартаа хэрэгжүүлэхээр болоод байна.

Түүнчлэн АНУ, Франц, Энэтхэг зэрэг улсын шилдэг их, дээд сургуульд монгол оюутнууд суралцах гарцыг нээлээ.

Үүнд,

  • АНУ-ын Флоридагийн их сургуультай санамж бичиг байгуулж, ХААИС-ийн оюутнууд хямд зардлаар тус сургуульд суралцах боломжтой болсон.

  • АНУ-ын Канзас хотын Миссуригийн их сургууль хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж тус сургуулийн бизнесийн сургуулийн бакалавр, магистрын сургалтыг дотоодын оюутны зардлаар, инженер, шинжлэх ухааны сургуульд 8500 ам.долларын хөнгөлөлттэйгээр суралцах боломж бүрдсэн.

  • Монгол, Франц хоёр улс боловсролын салбарт хамтран ажиллах гэрээ байгуулж засгийн газар дундын тэтгэлгээр жил бүр 10 оюутныг магистр, докторын хөтөлбөр хамруулж байгаа бөгөөд тэтгэлэгт хамрагдах оюутны тоог нэмэгдүүлж уул уурхай, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, соёлын бүтээлч үйлдвэрлэл, тээвэр ложистикийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх хүсэлтийг уламжлаад байна. 

  • ЕБС-ийн ахлах ангийн сурагчдыг мэдээллийн технологийн програм бичих хэмжээний мэдлэг олгох хөтөлбөрийг Бүгд Найрамдах Энэтхэг улстай хамтран хэрэгжүүлэхээр болж байна. 

Мөн Япон Улсын ЖАЙКА байгууллагатай хамтран Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төслийг хэрэгжүүлнэ. Ковидын үед “Пандемик стресс” гэсэн шинэ ойлголт гарч ирснийг ДЭМБ-аас зарласан. Удаан хугацаанд хөл хорионд байсан сурагчдад ч стресс, бухимдал тулгарна. Үүнийг даван туулахад нь туслах аргыг НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хайж, ажил хэрэг болгохоор тохирсон. 

Дэлхийн банк боловсролын хоцрогдлыг арилгах төслийг дэмжихээ илэрхийлж, ЮНЕСКО боловсролын салбар дахь мэдээлэл, технологийн мастер төлөвлөгөөг боловсруулж хамтран ажиллах, Азийн хөгжлийн банктай үр дүнд суурилсан боловсролын төслийг хамтран хэрэгжүүлэхээр болсон зэрэг гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлсээр байгаа юм. 

ШИНЭ МЭДЭЭ