http 231

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Зээлийн үйл ажиллагааг сайжруулах эрх зүйн зохицуулалттай боллоо
2021.05.25
Эдийн засаг, Худалдаа

Зээлийн үйл ажиллагааг сайжруулах эрх зүйн зохицуулалттай боллоо

Монгол Улсын санхүүгийн салбарын 95 гаруй хувийг банкны салбар дангаараа эзэлдэг. Банк, эрх бүхий хуулийн этгээдээс үзүүлж байгаа мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйлчилгээ нь хэрэглэгчийн мөнгөн хөрөнгөд шууд хамааралтай юм. Эдгээр үйлчилгээний нөхцөл, холбогдох техник технологи өөрчлөгдөн шинэчлэгдсэн тул хууль тогтоогч байгууллагаас Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг шинэчлэх шаардлага үүссэн.

Түүнчлэн Монгол Улс Олон Улсын Валютын Сантай хамтран хэрэгжүүлсэн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд банк, санхүүгийн салбарын эрх зүйн орчинг шинэчлэхээр заасан юм. Тиймээс БАНК, ЭРХ БҮХИЙ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН МӨНГӨН ХАДГАЛАМЖ, МӨНГӨН ХӨРӨНГИЙН ШИЛЖҮҮЛЭГ, ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Г.Амартүвшин, Э.Бат-Амгалан, Х.Булгантуяа, Л.Мөнхбаатар, Ч.Ундрам нар санаачлан боловсруулж, 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр УИХ-ын даргад өргөн барьсан юм.

Банк, эрх бүхий хуулийн этгээдээс хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйлчилгээ авч байгаа этгээдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг 1995 онд баталсан юм.

Түүнээс хойш уг харилцаанд холбогдох бусад хууль тогтоомж буюу Банкны тухай хууль 2010 онд шинэчлэгдсэн бол Монгол Улсын төлбөрийн системд холбогдох харилцааг зохицуулах Үндэсний төлбөрийн системийн тухай хууль 2017 онд батлагдаж, 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлээд байна. Түүнчлэн санхүүгийн салбарын үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, үйлчилгээ өөрчлөгдөн шинэчлэгдсэнтэй холбоотойгоор уг хуулийг шинэчлэн найруулж банк, эрх бүхий хуулийн этгээдийн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны зохицуулалтыг өнөөгийн нөхцөлд нийцүүлэн боловсронгуй болгох, санхүүгийн салбарын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах шаардлага үүсч, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр УИХ-аас шинэчлэн баталлаа.

Энэхүү хууль батлагдсанаар банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт сайжирч, хадгаламж эзэмшигчид, зээлдэгчийн эрх ашиг хамгаалагдаж, олон нийтийн банк, санхүүгийн салбарт итгэх итгэл нэмэгдэх юм.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, олон нийтийн банк, санхүүгийн салбарт итгэх итгэлийг нэмэгдүүлснээр банк, санхүүгийн салбарын тогтвортой байдал, цаашлаад эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх эерэг нөлөөтэй. Харин хуульд шинэчилсэн зохицуулалт хийснээр нийгмийн хувьд гарах үр дагавар нь банк, эрх бүхий этгээдийн үйл ажиллагаа, үйлчилгээ, тэдгээрийн чанар, хүртээмж сайжрах эерэг өөрчлөлт бий болно. Мөн банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны эрх зүйн орчинг боловсронгуй болгосноор эдгээр үйлчилгээг авч байгаа санхүүгийн хэрэглэгчийн эрх, ашгийг хамгаалах нөхцөл бүрдэж байгаа юм.

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн С.Чинзориг

Уг хуулийн төслийг байнгын хороо, нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэхэд бэлтгэх ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Чинзориг ахлан ажилласан. Уг ажлын хэсэг хуулийн төслийг маш няхуур боловсруулсан бөгөөд дараах өөрчлөлтийг нэмж тусгасан юм.

Банк, эрх бүхий хуулийн этгээд харилцагчаас зөвхөн гэрээнд тусгасан шимтгэл, хураамжийг төлүүлэх, үзүүлсэн нэг төрлийн үйлчилгээнд үйлчилгээний шимтгэл, хураамжийг давхардуулан авахгүй байх, өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний шимтгэл, хураамжийн хувь, хэмжээг үндэслэлтэйгээр тогтоодог байх, хэрэв шимтгэл хураамжийн хувь, хэмжээг үндэслэлгүй тогтоосон бол харилцагчийн хууль ёсны эрхийг хамгаалах зорилгоор Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо үндэслэлгүй тогтоосон шимтгэл, хураамжийн хувь хэмжээг бууруулахыг санал болгох, саналыг хүлээж аваагүй тохиолдолд тухайн шимтгэл, хураамжийн хувь хэмжээ тогтоосон шийдвэрийг хүчингүй болгох зэрэг зохих арга хэмжээ авах талаар зохицуулалтыг тусгасан байна.

Хадгаламжийн гэрээ, зээлийн гэрээтэй холбоотой зохицуулалтуудыг Иргэний хуульд нийцтэй байдлаар тус гэрээнд санхүүгийн хэрэглэгчийн хууль ёсны эрхийг хамгаалах зорилгоор зайлшгүй тусгах шаардлагатай нөхцөлийг тодорхой болгон тусгажээ. Тодруулбал, банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуульд заасан үйлчилгээний гэрээ байгуулах бүх үе шатанд харилцагчийн нууц гэж үзсэн мэдээллийг хадгалах, аливаа хэлбэрээр ашиглахгүй байх үүрэгтэй байна.

Мөн гадаад валютын орлогын эх үүсвэртэй эсхүл ханшийн эрсдэлээс хамгаалагдсан этгээдэд гадаад валютын зээл олгож болохоор өөрчлөн найруулж, банк, санхүүгийн тогтолцооны найдвартай байдлыг бэхжүүлэх, зохистой хөгжлийг дэмжих, харилцагч, хадгаламж эзэмшигчийн хууль ёсны эрхийг хамгаалах зорилгоор банк, эрх бүхий хуулийн этгээд хуульд заасны дагуу хадгаламжийн хүү болон бусад нөхцөлийг нийтэд ил тод зарлах бөгөөд ийнхүү зарласан хүүгээс аливаа хэлбэрээр өөрөөр тогтоон хадгалуулагчтай гэрээ байгуулахыг хориглох, мөн банк, эрх бүхий хуулийн этгээд өөрийн алдаатай хийсэн аливаа шилжүүлгийг залруулж, харилцагчийг хохиролгүй болгох зохицуулалтыг тусган баталлаа.

ШИНЭ МЭДЭЭ