Хүрээлэн бол хүнсний аюулгүй байдалд хамгийн их үүрэг хүлээнэ
2021.03.15
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Хүрээлэн бол хүнсний аюулгүй байдалд хамгийн их үүрэг хүлээнэ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцлаа. Хүрээлэнгүүдээр орсон болоод ганц цаг сонсоод явахыг хүссэнгүй. Үе үеийн эрдэмтэд, эрдэм шинжилгээний ажилтнууд, удирдлагуудыг байлцуулж алдаа оноо бүгдийг нь сонсож, нээлттэй ярилцаж, цаг гаргаж байна.

1470 газар тариалангийн аж ахуй нэгж, 35.000 орчим өрхийн тариаланч, бүх аймгийн Хөдөө аж ахуйн газартай хамтран ажилладаг юм байна. Хүрээлэнгийн үйл ажиллагааны санхүүжилт Ковид цар тахалтай холбоотой зогссон байсныг 4 дүгээр сард багтааж хуваарийн дагуу олгоно.

Хүнсний ногооны 50-60, жимс жимсгэний 98 хувийг гаднаас импортолж байгаа энэ цаг үед энэ хүрээлэнгийн үүрэг хамгийн их. Жишээ нь улаан буудайны сортоос хэрэглэгчдэд хүрч байгаа гурилын чанар, бэлчээрийн ургамлын чанараас хамааралтай малын мах, хүнсний ногооны үр, бордоо гээд шууд хэрэглэгчдэд хүрдэг хүнстэй холбоотой судалгаа энд хийгддэг. Элэгний хавдрын өвчлөлийн шалтгааныг химийн бодистой хүнсний ногоо, жимс, жимсгэнтэй холбож судлах хэрэгтэй.

Бие даасан зориулалтын барилгатай болох асуудлыг 2013 оноос хөөцөлдөж байгаа ч зураг төсвийн ажил хийгдээд зогссон байна. Газрыг 100 хувь шийдэх боломжтой. Ирэх Улсын төсөвт барилгын санхүүжилтийн асуудлыг тавина. Олон төрлийн ургамал шинжлэлийн судалгаа хийдэг, хүнсний аюулгүй байдалтай хамааралтай гэдэг утгаараа онцгой бүс байх ёстой хүрээлэн мөн үү гэвэл мөн.

Эрдэм шинжилгээний ажлаар олон хоног хөдөө явдаг. Томилолтын зардал нэг өдрийн 12.000 төгрөг. Одоо ийм мөнгөөр хонуулдаг буудал олдох нь байтугай хоол идэхэд ч хүнд болсон. Үүнийг анхааралдаа авлаа. Одоогийн 60 орчим хүний орон тоог 100-д хүргэж Эрдэм шинжилгээний ажилтнуудын орон тоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай.

Бодлогоор төр, аймаг, сум, малчидтай хамтран бэлчээрийн хортон шавьж, мэрэгчтэй тэмцэхгүй бол хүч хүрдэггүй. Үлийн цагаан оготно, царцаанаас бэлчээрээ хамгаалах нь малын тоо толгойг бууруулж бэлчээрээ хамгаалахтай адилхан том асуудал болсон. Ойн шавьж бас аюул ихтэй. Ойн санд хамгийн том эрсдэл авчирдаг. Ахмад эрдэмтэд маань цаашид хортон шавьж, мэрэгчтэй тэмцэх тусдаа алба байгуулах ёстой гэсэн санал хэллээ.

Төмсний үрийн судалгаа хийж, амьдралд хэрэгжүүлсэн байна. Манай улс төмснийхөө хэрэгцээг 130 хувь хангаж байгаа. Монгол сортын монгол хөрсөнд ургадаг сайн сортоо их хэмжээгээр нэмэгдүүлэх. Манай эрдэмтдийн гаргаж авсан энэ сорт бол төмсөнд байдаг өвчин үүсгэгч 5 төрлийн вирусгүй болсон гэж тайлбарлалаа. Био комбинат гэдэг шиг био ургамалын үйлдвэр барих хэрэгтэй санагдлаа.

Аймгуудын мал эмнэлгийн тасгуудад ургамлын мэргэжилтэн байдаггүй. Үүнийг бодлогоор бэлтгэх. Ингэснээр үлийн цагаан оготно, хортон шавьжтай тэмцэх, малчдыг бэлчээрээ хамгаалах ажилд татан оролцуулах ажлыг хариуцсан хүнтэй болно. Малын хөлийн татварыг нь мэрэгч, хортон шавьтай тэмцэх, бэлчээрээ, ойгоо хамгаалахад зориулах талаар аймгийн удирдлагуудтай хамтарч ажиллана.

ШИНЭ МЭДЭЭ