Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжлээ
2021.01.19
Улстөр

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2021.01.19) цахим хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбатаас 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.  Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат танилцуулав. 

Монгол Улс Үндсэн Хуульдаа “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” хэмээн заасан бөгөөд энэхүү заалтыг үндэслэн Улсын Их Хурлын үйл ажиллагаа нь бие даасан, нээлттэй, ил тод байх зарчмыг хэрэгжүүлэн ажиллаж байна. 

Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудыг 2020 оны 5 дугаар сард шинэчлэн найруулан батлан дагаж мөрдөж байгаа билээ. Уг хуулиудаар Улсын Их Хурлаар хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг хэлэлцэх үе шат өөрчлөгдөж, байнгын хороодын тоо нэмэгдсэн.

Улсын Их Хурал дахь аливаа намын бүлэг цөөхөн гишүүдтэй тохиолдолд уг бүлгийн бодлогоо боловсруулахад нь зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх чиг үүрэг бүхий ажлын албаны ажлын чанар, гүйцэтгэлд илтэд нөлөөлж байна. Улсын Их Хурлаар чанартай, зөрчил, хийдэлгүй хууль тогтоомж батлахад намын бүлгийн ажлын алба гол үүрэг гүйцэтгэдэг тул ажлын албыг чиг үүргийн хувьд хүрэлцэхүйц тооны ажилтантай байлгах шаардлагатай зүй ёсоор үүсэж байна. 

Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудын хэрэгжилтийг бүрэн хангахын тулд намын бүлгийн ажлын албаны ажилтнуудын орон тооны доод хязгаарыг хуулиар тогтоож өгснөөр бүлгүүдийн тэнцвэртэй ажиллах, Улсын Их Хурлын гишүүд мэргэжил арга зүй, зохион байгуулалтын дэмжлэг, туслалцаагаа бүрэн авах, үйл ажиллагаанд нь саад учрахгүй байх нөхцөл бүрдэх юм. 

Өргөн барьсан хуулийн төслөөр Улсын Их Хурал дахь цөөнхийн бүлгийн ажлын албаны ажилтны орон тооны доод хязгаарыг тогтоох талаар болон хууль үйлчилж эхлэх хугацааг зохицуулсан болно. Хуулиар ажлын албаны ажилтны тоо тухайн бүлгийн гишүүдийн тооны хоёрны нэгтэй тэнцүү байх нь учир дутагдалтай байна.

Жишээ нь 8 гишүүнтэй бүлэг байгуулагдахад ажлын алба нь 4 ажилтантай байх ба ажлын албаны даргаас гадна 3 ажилтантайгаар УИХ-аар хэлэлцэж буй хууль тогтоомжийг судлах, санал дүгнэлт боловсруулах, бүлэг бодлогоо тодорхойлоход нь дэмжлэг үзүүлж ажиллах боломжгүй тул өнгөрсөн хугацаанд нэмэлтээр санхүүгийн асуудал бүрдүүлж гэрээгээр ажилтан нэмж авах замаар чиг үүргээ хэрэгжүүлж ирсэн байна.

УИХ дахь намын бүлэг олонх ч бай цөөнх ч бай ардчилсан парламентийн тогтолцооны хувьд хууль тогтоох байгууллагын бүтцийн нэгж атал өнөөдрийг хүртэл хууль эрх зүйн орчны хүрээнд шийдэл хийгдэлгүйгээр албан бусаар санхүүжилт шийдвэрлэн чиг үүргээ гүйцэтгэх боломж бүрдүүлсээр иржээ.

Тэгэхээр нэгэнт бүлэг байгуулагдсан бол ажилтны тооны доод хязгаарыг хуулиар зааж өгвөл бүлэг ажиллах нөхцөл боломжоор бодитоор хангагдана гэдгийг УИХ дахь АН-ын бүлгийн дарга танилцуулгадаа онцолсон.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Ж.Сүхбаатар нар асуулт асууж, санал хэлсэн. Гишүүдийн зүгээс хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ хуулийн төсөлд туссан “Бүлгийн ажлын албаны ажилтны тоо арван хоёроос доошгүй байна” гэдгийг нягталж, тооны хязгаарын асуудлыг эргэн ярилцах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлэв.

Ингээд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

ШИНЭ МЭДЭЭ