МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.11
Улстөр

Л.Энх-Амгалан: Монгол улс авлигын индексээр урагшилж байгаа нь юутай холбоотой вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.11\ хуралдаанаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр шилжүүллээ.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр ажлын хэсэг болон байнгын хорооны дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

Авлигын газрын дэд даргыг хэн тавих вэ гэдэг л хууль юм шиг байна. Авлигатай тэмцэх газрыг улс төрөөс хараат бус байгууллага байгуулах ёстой гэж бид олон жил зорьсон. Өнөөдөр Монгол Улсад Авлига буураагүй ихссэн гэж хараад байгаа. Би нэг юмнаас санаа зовдог. Энэ нь Авлига гэдэг зүйл бол Монголын нийгмийн соёл болчих гээд байгаа юм биш үү? Байдаг л зүйл гээд айдас, хүйдэсгүй болчихсон. Монголчууд гар хүндрүүлнэ гэж ярьдаг. 

Авлигын талаарх олон нийтийн  судалгаанд хамрагдсан иргэдийн 60-аас дээш хувь нь төрийн албаны хүнд сурталд сөхөрч авлигал өгдөг гэсэн байна. Төрийн албан хаагч нар өргөс шиг, хувалз шиг байж болохгүй. Энэ чиглэл рүү дорвитой өөрчлөлт гарч чадсангүй. Тэгэхээр Авлигын байгууллагын дэд дарга хэн байхаас үл шалтгаалж Монголын нийгэмд байгаа хорт хавдраасаа яаж салах вэ гэдэг асуудал байна. Үүнийхээ эрх зүйн орчинг яаж сайжруулах уу?

Бид нар чинь УИХ-аас авлигтай тэмцэх үндэсний хөтөлбөр гээд юм баталсан. Өнөөдөр үүний хэрэгжилт хаана байна вэ? Авлигал нэмэгдээд л байна. Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт гээд зузаан ном байна. Авлигалын индексээрээ бид урагшлах биш хойшилж байна. Энэ юундаа байна вэ? Үүнийгээ тойрч яриад болохгүй байгаа юмнуудаасаа салахгүй юм уу? Дарга цэргийн тухай яримааргүй байна. Үүндээ бид дүн шинжилгээ хиймээр байна.

Амьдрал дээр алхам тутамд хүмүүс цөхөрч байна. Сумаас авхуулаад аймаг гээд бүх шийдвэр гаргаж байгаа түвшинд ийм байна. Үүн дээр бид хууль батлаад, лоозонгийн шинж чанартай яваад байна. Лоозонгоор авлигал багасахгүй юм. Энэ бол сэтгэлгээний асуудал байна.

Сингапурыг хөгжүүлсэн хөгжлийн эцэг гэдэг Ли Куан Юу: "Миний хамгийн хийх хэцүү зүйл бол ард иргэдийнхээ сэтгэлгээг өөрчилөх" гэсэн байдаг. Ард иргэдийнхээ сэтгэлгээг өөрчилөх, соён гэгээрүүлэх, энэ муухай зүйлээс татгалзаж сурах, бүхэл бүтэн үеийг сургах энэ чиглэл рүү хийж байгаа ажлууд юу байгаа юм бэ? Бараг өдөр тутмын ажил, Монголчуудын соёл болчих гээд байна. Би үүнээс айж байна. 

Түүний асуултанд УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хариуллаа.

Авлигатай тэмцэх газрын дарга ирээгүй байна. Бүх хүмүүс хариулах ёстой асуултыг асууж байна. Авлигатай тэмцэх ажлыг эрчимжүүлэх талаар үе үеийн Засгийн газар өөрийнхөө мөрийн хөтөлбөртөө тусгаж ирсэн. Авлигатай тэмцэх газар авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх тэр дундаа авлигыг бууруулах, үгүй хийхэд хамгийн том түлхэц үзүүлэх хүчин зүйл бол цахим засаглал руу Монгол улс бүхэлдээ шилжснээр хүний хамааралт хүчин зүйл байхгүй болно гэж үзэж байгаа. Тийм учраас И-Монголиа гэдэг хөтөлбөрийг эхлүүлээд явж байна. 

ШИНЭ МЭДЭЭ