http 6
СХД-ийн нөхөн сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулж 800 гаруй сая төгрөг хэмнэнэ
2020.12.10
Улстөр

СХД-ийн нөхөн сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулж 800 гаруй сая төгрөг хэмнэнэ

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар  “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” болон түүнийг дагалдан орж ирж буй "техник хэрэгсэл хэрэглэх тухай", "зардлын хэмжээг батлах тухай”  төслүүдийг хэлэлцэн баталлаа. 

Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар гишүүний бүрэн эрхээсээ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, Улаанбаатар хотын дарга буюу захирагчаар томилогдсон билээ. Тэрээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөөд 47 хонож байгаа бөгөөд хуулиар  нөхөн сонгуулийн 50 хоногийн дотор товлох ёстой. Тиймээс тус тогтоолын төслийн энэ 7 хоногт батлах хуулийн шаардлага үүсэж байгаа юм.


Дээрх хуулийн төслөөр УИХ-ын 28-р тойргийн нөхөн сонгуулийг ирэх 2021 оны 6 сард болох Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатган явуулахаар оруулж ирсэн юм.

Төслийг байнгын хороогоор хэлэлцэх үед АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд хоёр сонгуулийг хамтатган явуулах нь бие биедээ нөлөөлөх нөлөөтэй учир сонгуулийн дараа маргаан үүснэ тиймээс тус тусад нь явуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байсан юм.

Учир нь 28-р тойрог нь 110 гаруй мянган сонгогчидтой бөгөөд энэ нь Монгол улсын нийт сонгуулийн Ерөнхийлөгчийн сонгуулиар аль нэг намд давуу байдал үүсгэж, Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд нөлөөлөх магадлалтай юм.

Харин СЕХ-оос зардлын тооцоог хийж үзэхэд 28-р тойргийн сонгуулийг тусад нь зохион байгуулахад тэрбум орчим төгрөг, харин Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулбал 100 гаруй сая төгрөг зарцуулна гэж үзжээ. 

Тиймээс зардал хэмнэх, мөн өнөөгийн ашиглаж байгаа машинаар хамтад нь санал хураалт явуулах техникийн боломжтой учраас хамтад нь явуулах боломжтой гэж үзсэн юм.

Хуралдааны төгсгөлд, УИХ-ын гишүүн Г.Занданшатар "ирэх нэгдүгээр сард Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тов зарлах асуудлыг хэлэлцэх үед тусад нь хэлэлцэх асуудлыг судалж, хэлэлцээрэй" гэсэн юм. 

ШИНЭ МЭДЭЭ