http 6
Банк бүр өөр нөхцөл тулгаж байгаа нь иргэдийг чирэгдүүлэх үндэслэл болж байна
2020.12.28
Эдийн засаг, Худалдаа

Банк бүр өөр нөхцөл тулгаж байгаа нь иргэдийг чирэгдүүлэх үндэслэл болж байна

Цар тахалтай холбоотой иргэдийн хэрэглээний болон бизнесийн зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулж 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэл хойшлуулах Засгийн газрын болон Монгол банкны шийдвэр гарсан боловч банкууд нэгдсэн шийдэлд хүрээгүй.

Үүнээс үүдэн банк бүр өөр нөхцөл тулгаж байгаа нь иргэдийг чирэгдүүлэх үндэслэл болж байна.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн цахим хаягаар ирсэн иргэдийн санал хүсэлтийн ихэнх нь Банк, ХЗХ, ББСБ хооронд үүссэн үл ойлголцол байна. Энэхүү үүссэн нөхцөл байдлыг Засгийн газраас гарсан журмын дагуу биелүүлэхэд оролцож ажиллах, Монгол банк бодлогын хүүг 2 пунктээр буурсантай холбогдуулан хэрэглээний болон бизнесийн зээлийн хүүг бууруулж, зээлийн гэрээг дахин хийх боломжтой тул чиглэл өгч ажиллахыг хүссэн албан бичгийг 20 хоногийн өмнө Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороонд өгсөн байна.

Үүний дагуу СЗХ-ноос ирүүлсэн хариу бичигт үйл ажиллагаа нь тасалдаж, хүндрэл үүссэн 237 ББСБ нь 169.9 мянган зээл авсан иргэдээс 159.4 тэрбум төгрөгийн зээлэнд өөрчлөлт оруулах хүсэлт хүлээн авч 118.0 мянган зээлдэгчийн 135.2 тэрбум төгрөгийн зээлэнд өөрчлөлт оруулж, хугацааг харилцагчийн хүсэлтээр хойшлуулжээ.

81 ХЗХ-ны 4.312 зээлдэгчийн 15.7 тэрбум төгрөг, 129 зээлдэгчийн 1 тэрбум төгрөг, нийт 4.441 зээлдэгчийн 16.7 тэрбум төгрөгийн зээлийн төлбөрийг хойшлуулах хүсэлт авч 79 ХЗХ 3.218 зээлдэгчийн 9.9 тэрбумын зээлийг хойшлуулжээ.

Хүүг бууруулах талаар Монгол банкны өмнөөс шийдвэрлэх, арилжааны банкуудад шууд чиглэл, үүрэг даалгавар өгөх эрхгүй боловч өргөдөл гаргасан иргэдэд зөвлөгөө зааварчилгаа өгч ажиллаж байгааг дурдсан байна. Монгол банкнаас хариугаа нэхэн авч, ирсэн хариуг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан танилцуулж байна.

ШИНЭ МЭДЭЭ