2020.11.27
Эдийн засаг, Худалдаа

Л.Энх-Амгалан: Компаниуд энэ хөнгөлөлтийг өөрсдийн халаасанд хийгээд иргэдэд очихгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.11.27\ нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг /Засгийн газар 2020.11.20-ны өдөр өргөн мэдүүлсэн/  хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан асуулт асуулаа.

Бидний баталж байгаа хуулийн гол үр дүн ард түмэнд л хүрэх ёстой. Ард түмний гар  дээр гурил, будаа, ургамлын тос яг ямар үнээр хүрэх вэ гэдэг нь чухал. Бид орлогоос 39 тэрбум төгрөгийг хасаад компанитай хүмүүст хөнгөлөлт өгч байгаа юм. Бидэнд нэг гашуун туршлага бий. Бид 16.5 хувийн хөнгөлөлт өгч байна. Одоогийн зарж байгаа үнээс хамгийн багадаа 16 хувийн бага үнээр л иргэдийн гар дээр очих ёстой. Гэтэл энэ компаниуд хөнгөлүүлж авчихаад үнээ буулгадаггүй.

Шатахууны үнэ дэлхийн зах зээл дээр буучихаад байхад Монголын зах зээл дээр буудаггүй. Банкны зээлийн хөнгөлөлтүүдийг харахад бид өчнөөн тогтоол баталж, чиглэл өгөөд 12 банк 12 янзаар нөхцөл ярьж байна. Үүнтэй адил асуудал хэвээр байгаа бол та яам дээрээ компаниудын эздийг дуудаж авчираад ам өчгийг нь авч, тодорхой хэлцэл хийх хэрэгтэй.  Тэгэхгүй бол энэ хөнгөлөлтүүд энэ компанийхний халаасанд л орно гэсэн үг. 

Хуулийн төслийн ХХААХҮ-ын сайд З.Мэндсайхан асуултанд хариуллаа.

Энэ хөнгөлөлтөнд 80 орчим компани хамрагдаж байна. Таны саналыг хүлээн авч энэ чиглэлээр үнэ өсгөхгүй байх, гол нь хүнсний нөөц бүрдүүлэх тал дээр шахаж ажиллана. 

ШИНЭ МЭДЭЭ