Т.Аубакир: Цар тахлын нөхцөл байдалд тохируулж сайн төсөв баталсан
2020.11.19
Эдийн засаг, Худалдаа

Т.Аубакир: Цар тахлын нөхцөл байдалд тохируулж сайн төсөв баталсан

Эх сурвалж: Өдрийн сонин  Сэтгүүлч: О.Ариунцэцэг 

УИХ-ын гишүүн Т.Аубакиртай ярилцлаа. 

-Цар тахал тархсан энэ хүнд үед төсвөө хэрхэн зөв зүйтэй зарцуулах вэ гэдэгт УИХ анхаарсан гэдэгт найдаж байна. Энэ тухайд?

- Түүхэн шийдвэр гаргах шаардлага манай намын бүлэгт тулгарсан. Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас болж эдийн засгийн уруудаж байгаа үед төсвийг нягт нямбай батлах шаардлага гарсан. 2021 онд тэсэж, тэвчиж болох зардлуудыг танах чиглэлд Сангийн яам, Төсвийн байнгын хорооныхон сайн ажиллалаа гэж харж байна. Үүнийг гишүүд ч ойлгож тойргийнхоо тэвчиж болох зардлуудаа танасан. Гэхдээ зайлшгүй төсөвт сургууль, цэцэрлэгийн асуудал бий. Үүнийг ч Сангийн яам харж үзээд зайлшгүй шаардлагатай төсвийг тусгасан. УИХ, яамд, төрийн албаны танаж болох зардлуудыг тэр дундаа гадаад томилолт зэргийг танасан. "Ковид-19" -ийн энэ нөхцөл байдалд тохируулж сайн төсөв баталсан гэж дүгнэж байна. "Аль том дарга нарыг дагасан төсөв боллоо" гэсэн шүүмжлэл гарч байгаа. Би үүнтэй санал нийлэхгүй байна. Учир нь нефтийн үйлдвэр, төмөр зам барих, зам гэдэг ч юм уу том бүтээн байгуулалт шаардсан тойрогт өндөр төсөв суулгасан. 

-Баян-Өлгий аймагт онцлох ямар бүтээн байгуулалтууд хийгдэхээр болов? 

- Баян-Өлгий аймгийн зургаа болон есдүгээр багт 960 хүүхдийн суудалтай сургууль байдаг ч өнөөдөр 2500 хүүхэд сурч байна. Сургуулийн даац хэтэрсэн учраас зургаа, есдүгээр багт нэмж 960 хүүхдийн суудалтай сургууль барихаар төсөвт суулгалаа. Мөн "Төрийн үйлчилгээний нэгдсэн цогцолбор"-ын он дамнасан төсвийг хэвээр үлдээсэн. Учир нь Баян-Өлгий аймгийн төрийн үйлчилгээний 10 орчим байгууллага өөрийн байргүйгээс объект түрээсэлж үйл ажиллагаагаа явуулдаг. Төсөвт тусгагдсан бүтээн байгуулалтаас онцолж яривал ийм байна. Үүнээс гадна хот тохижуулалтын техник төхөөрөмж хуучирсан. Хот цэвэрлэгээний асуудал ихээр тулгамдаж байгаа. Ийм учраас 1.7 тэрбум төгрөгийг хот тохижуулалтын техникийн парк шинэчлэлд суулгалаа. Мөн 21 аймгаас манайх ганцаархнаа Хүүхэд, залуучуудын ордон байхгүй. Тиймээс ордон барих төсвийг тусгуулж, энэ мэт асуудлыг шийдлээ. 

- Эмнэлгийн хүртээмж муу байгаа талаар шүүмжлэлүүд хөвөрдөг. Энэ тал дээр хэрхэн анхаарсан бэ? 

- Давхар биетэй эмэгтэй 40 орчим км газар мотоцикл дээр сундалж эмнэлэгт очиж үзүүлдэг гэх зэрэг асуудлууд байсан. Чирэгдэлгүй байлгахын тулд хүн амын төвлөрөл үүсч байгаа зарим нэг багт 5-10 орчим ортой эмнэлэг барих, хүүхдүүдийн цэцэрлэг, дотуур байрны асуудлыг шийдэхээр төсөвт тусгууллаа. Эдгээр тулгамдаж буй асуудал нь мөрийн хөтөлбөрт ч тусгасан. Хоёрдугаарт, Баян-Өлгий аймаг аялал жуучлалын гол бүс нутаг. Энэ жил л гэхэд Баян-Өлгий аймагт тэр дундаа Алтай Таван Богдод дотоодын 20 гаруй мянган жуулчин ирсэн. Энэ маршрут 2020 онд бий болсон. Энэ ч утгаараа аялал жуучлалыг хөгжүүлэх, дэд бүтцийг сайжруулах шаардлага зүй ёсоор тулгарч байгаа юм. Үүнтэй холбоотойгоор аялал жуучлал руу чиглэсэн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг 2022,2023 онд хийнэ. 2023 онд Улаан-Ус чиглэлийн авто замын асуудлыг шийдвэрлэх төлөвлөгөөтэй байна. Энэ мэтээр Баян-Өлгий аймагт төсөвт чамлахааргүй хөрөнгө оруулалт тусгаж чадсан. 

- Алслагдсан гэдэг утгаараа Баян-Өлгий аймгийн боловсролын салбарт асуудлууд бий.Цаашид яиар арга хэмжээ авч ажиллах вэ? 

- Баян-Өлгий аймгийн боловсролын салбарын үйл ажиллагаанд олон асуудал байна. Энэ мөн л олон хүчин зүйлтэй холбоотой. Хос хэлний бодлого зайлшгүй хэрэгжээд явах ёстой. Хос хэлний бодлогыг хэрэгжүүлэхэхээр хэлэлцүүлэг зохион байгуулах зэргээр ажиллаж байна. Баян-Өлгий аймгийн хүүхдүүд Монгол программаар хэвлэгдсэн ном хэвлэлийг казах хэл дээр хөрвүүлээд явах зарчим руу орох хэрэгтэй. Одоогоор казахстанаас сурах бичиг авчрах тохиолдол ч байдаг гэж байна. Монгол Улсын нэг хэсэг байж ийм байж таарахгүй ээ. Монгол хичээлийн программыг казах хэл дээр хөрвүүлэх, эзэмших зарчмыг барих ёстой. Үндсэн хуульд төрөлх хэлээрээ боловсрол эзэмших эрхтэй гэж заасан байгаа. Энэ заалт, эрхээ эдлэх ёстой шүү дээ. Цаашлаад Монгол хэл дээр хичээл орох байдлаар хос хэлний зарчмыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Түүнчлэн Ховд их сургуулийн Багшийн коллежид хөдөлмөрийн зах зээл илүүдэлтэй байгаа. Тэр ч утгаараа хөдөлмөрийн зах зээлд илүүдэлтэй болсон багшийг бэлдэхийн оронд мэргэжлийнхээ чиглэлийг өөрчилбөл зүйтэй талаар хөндсөн. Ирэх жилээс Ховд их сжргжжлийн Багшийн коллежийн сургалтын чиглэлийг өөрчилж, Монгол Улсад хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй байгаа мэргэжлээр сургах нь зүйтэй гэж үзэж байгаа. Ажил хэрэг болгохоор болсон гэсэн үг. Дээрээс нь Баян-Өлгий аймагт ганцхан 2 дугаар арван жил л Монгол хэл дээр сургалт явуулдаг. Энэ жилийн хувьд найман бүлэгт нэмж Монгол хэлний хичээл орохоор болсон. Энэ нь Монгол хэлээр сурах эрэлт бий болж байна гэсэн үг. Тиймээс цаашид зарим нэг сургуулийг Монгол хэл дээр хичээл ордог болговол яасан юм бэ гэдэг саналыг салбарын яамнаас гаргаж байгаа. Миний хувьд ч үүнийг зөв гэж үзэн анхаараад явж байна. Мэдээж хэрэг аливаа салбарын асуудал өргөс авсан юм шиг нэг, хоёр жилийн дотор цэгцрэхгүй. Боловсролын чанар сайжрах эсэх нь л гэхэд 10 жилийн асуудал. 

- Тэгвэл ажлын байрыг нэмэгдүүлэх ямар гарц гаргалгаа байна вэ?

- Манай  аймгийн хувьд бүртгэлтэй 8228 ажилгүйчүүд байна. Нийт иргэдийн найм орчим хувь нь ажилгүй байгаа хэрэг. Үүнтэй холбоотойгоор миний бие ирэх 9 дүгээр сараас эхлэн Монгол улсынхаа бүтээн байгуулалтуудад ажилгүй залуучуудаа оролцуулахын тулд Дорноговь аймгийн МСҮТ-д төмөр замын мэргэжлээр сургаж эхэллээ. Энэ залуучууд маань сургуулиа төгслөө гэхэд ажлын байр нь бэлэн. Хоёр том бүтээн байгуулалт баригдаж байна. Энэ бүтээн байгуулалтад манай аймгийн иргэд гар бие оролцох боломж байгаа хэрэг юм. Үнэгүй мэргэжил эзэмшээд төгсмөгцөө хоёр сая төгрөгөөс дээш цалинтай ажиллана. Үйлдвэрчний бодлогын байнгын хорооны ажлын шугамаар уул уурхайн компаниудыг үйл ажиллагаатай танилцсан, "Манай аймгийн залуучуудыг ажиллуулаач ээ" гэдэг санал эдгээр уул уурхайн компаниудад ч тавьсан. Ер нь бол аймгийн хэмжээнд ажилгүйдэл, тэр дундаа залуучуудын дунд ажилгүйдэл их байна. Хүн ам өсч байгаа ч түүнийг дагаад ажлын байр өсч чадахгүй байна. Тийм учраас үргэлж л ажлын байр хэрхэн бий болгох, ямар боломж байгааг хайж, эрэлхийлж байна. Эхнээсээ гарцууд нь ч гарч байна. 

-Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах үе шаттайгаар хэрэгжүүлэх болсон. Уг ажлыг хэрэгжүүлэх ажлын хэсгийг та ахалж байгаа. Үр ашгийг хэрхэн тооцсон бэ? 

- Асгатын мөнгөний ордыг ашиглана, ашиглах гэж байна гээд 40-өөд жилийн нүүр үзсэн байна. Тухайн үед мишак гээд хортой бодисыг хүдэр, мөнгөнөөс салгах технологи байгаагүй. Харин сүүлийн үед энэ чиглэлийн компаниуд мишак гэх бодисыг хүдрээс салгадаг технологийг бий болгочихлоо. Нэгэнт баяжуулах үйлдвэрийг байгуулах бүрдсэн учир "Энэ ордыг чинь ашиглая" гэсэн маш олон санал ирж байна. Асгатын орд ажлын байр бий болгоод зогсохгүй, Хотгорын нүүрсний ордыг түшиглээд баруун аймгуудыг цахилгаанаар хангах. цахилгаан станц барих асуудал ч хөндөгдөнө. Бид цахилгаанаар ОХУ-тай хамааралтай байна. Хотгорын орд тэрбум гаруй тонн нүүрсний нөөцтэй. Үүнийгээ түшиглээд цахилгаан станц бий болгочихвол Асгатын-хаа баяжуулах үйлдвэрийг цахилгаанаар хангах,цаашлаад дэд бүтэц, зам тавих гээд олон ажил хийгдэнэ. Оросууд баяжуулах үйлдвэр, Цахилгаан станцыг нь барьж өгье" гэдэг санал тавьж байна. Бид тэр бүрийд үгүй гээд байгаад байж болохгүй. Мэдээж хэрэг энэ бүхнийг ажиллуулахад тодорхой хүндрэлүүд гарах байх. Гэхдээ бид үүнийгээ даван туулах учиртай. Асгатын орд 2023-2024 он гэхэд ашиглалтад оруулсан байх ёстой гэж үзэж байна. 

- Таны хувьд УИХ-д шинээр сонгогдсон гишүүн. Ер хийхээр төлөвлөсөн ажлуудаа гүйцэлдүүлэх боломж хэр байдаг юм байна? 

- Миний хувьд анх удаа УИХ-д сонгогдсон. Ер нь санасан ажлаа бариад, хөөцөлдөөд авбал том боломж байна. Парламент-ийн гадна суугаад яриад явах яг дотор нь суугаад ажиллах хоёр тэс өөр. Дотор нь бахй мэдээж үр дүнтэй юм байна. Аливаа ажлыг аж ахуй талаас нь харж чаддаг, сайн менежер байх ёстой. УИХ-д орж ирнэ гэдэг бол том боломж. Тухайн бүс орон нутагтаа төдийгүй, Монгол Улсын хэмжээнд санасан бодсон ажлаа гүйцэлдүүлэх том боломж. Энэ удаагийн парламеньийн хувьд олон залуучууд шинээр орж ирсэн. Бүгдээрээ улс орондоо ямар нэг зүйл хийчих юмсан гэдэг эрмэлзэлтэй байгааг миний хувьд сайшааж хүлээн авч байна.

- Газар тариалангийн салбарын хүний хувьд энэ чиглэлд хэрхэн анхаарч байгаа вэ. Ирэх оны төсөвт газар тариалангийн салбар шаардлагатай төсөв сууж чадсан уу? 

- Ирэх оны төсөвт газар тариалангийн салбарын чухал асуудлуудад төсөв туссан. Нийгэмд "Тариаланчид урамшуулал авдаг. Дизель түлшний хөнгөлөлт эдэлдэг" гэсэн шүүмжлэл гардаг. Монгол Улс хөрш айлуудаасаа шанага будаа гуйхгүйгээр дотооддоо хүнсний асуудлаа шийдэх хэрэгтэй. Энэ нь нэг талаараа хүнсний аюулгүй байдалтай ч холбоотой. Хөл хорио ч том дохио өгч байгаа шүү дээ. Бүгд гэртээ хоригдоход машингүй байж чадах ч хоолгүй байна гэдэг маш хүнд. Тиймээс Монгол Улс ямар ч нөхцөлд ард иргэдээ хоолгүй, өлсгөхгүй байх нь төрийн бодлоготой зайлшгүй хамт явах ёстой. Энэ үүднээс салбар яамны төсөвт нарийн ногооны үрийн төсвийг нь хэвээр үлдээлээ. 2021 оны хаврын тариалалтад үрийн будаа дутагдалтай байна. Хэдийгээр энэ жил хур бороо элбэгтэй байсан ч авах ёстой үр тариагаа авч чадсангүй. Үүнд олон хүчин зүйл нөлөөлсөн. 

- Тухайлбал

- Нэгдүгээрт бэлчээрийн мал аж ахуй гэдэг нь газар тариалантай үргэлж зөрчилддөг. Жишээ нь нийт тариалсан талбайн 20 орчим хувийг зөвхөн мал идсэн байна. Энэ жил Монгол Улс дотооддоо улаан буудайгаар хангаж чадахгүй гэсэн үг л дээ. Мөн улаан буудай тариалах бодлого нь алдагдаж эхэлж байна. Төв аймгийн тариаланчид улаан буудай тариалахаас илүү ногоон тэжээл тариалдаг болж, нэг га-аас 500-600 мянган төгрөгийн улаан буудай авах уу, хоёр сая төгрөгийн ногоон тэжээл авах уу гэдгийг бизнес хийж байгаа бодно шүү дээ. Ингээд ногоон тэжээл түлхүү тариалдаг болсонтой, мөн малын асуудал, үрийн чанар муу зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж дотооддоо хангаж чадахгүй байдалд хүрлээ. Ирэх хаврын тариалалтад чанартай үрийн буудай авч ирэх хэрэгтэй. Ургамал хамгааллын сайн бодис хэрэглэх ёстой. Ингэж байж Монгол Улс хөрш айлуудаасаа будаа гуйхгүй хэмжээнд хүрч чадна. Газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйгаа заавал дагаж хөгжүүлдэг. Энэ утгаараа газар тариалангийн бүс нутгуудад малын хөлийн татвар өндөр байвал  юм бэ гэдэг саналууд ч гарч байна. Энэ мэтээр улаан буудайн асуудалд төрийн бодлого дутагдаж байгаа зүйлүүд бий. Гэхдээ салбар яам сайн ажиллаж байна. 

ШИНЭ МЭДЭЭ