2020.11.06
Хүний эрх

Л.Энх-Амгалан: Цаасан дээр байгаа хуулийг амьдрал дээр яаж хэрэгжүүлэх вэ?

УИХ-ын өнөөдрийн \2020.11.06\  нэгдсэн чуулганаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгох асуудлыг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: 

Монгол улс хүний эрхийн хуультай болоод 19 дахь илтгэлээ гаргасан. Манай улсын 3,2 сая иргэн 18 үндсэн эрх эдлэх эрхтэй. Цаасан дээр сайн хуультай. Харамсалтай нь бүх эрх зөрчигдөж байна. Амьд явах эрх хамгийн их ноцтой зөрчигддөг. Зам тээврийн ослоор 2019 онд 25,000 хүн амь насаа алдаж, хөгжлийн бэрхшээлтэй болсон мэдээлэл байна. Үйлдвэрлэлийн ослоор жилд 500 хүн амь насаа алддаг гэсэн судалгаа бий. Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх маш их зөрчигдөж байна. Залилангийн хэргээр улс  1,2 ихнаяд төгрөгний хохирол амсдаг. Зөвхөн 2019 онд цахим гэмт хэргээр 13 тэрбум төгрөгний хохирол амссан. Шинэ хуулийн дагуу анх удаа Хүний эрхийн комиссын гишүүнийг сонгож байна. Цаасан дээр байгаа эрхийг амьдрал дээр яаж хэрэгжүүлэх вэ?

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшигч Ж.Хунан:

Монгол улсад хүний эрхийн нөхцөл байдал таагүй байгаа нь үнэн. Энхийн цагт нас барж байгаа хүний тоогоор манай улс дээгүүрт ордог. Энэ тоог бууруулах талаар нухацтай ажиллах төлөвлөгөө бий. Олон улсын конвенцод тулгуурлан хууль тогтоомжид өөрчлөлт оруулах шаардлага байна.

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшигч Д.Сүнжид:

Хүний эрхийн хэрэгжилтэд ахиц гаргахаар эрмэлзэж байна. Хүний эрхийг хамгаалахад хууль тогтоомжийн хэрэгжилт, санхүүгийн хүртээмж, салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, иргэдийн эрхзүйн мэдлэгийг дээшлүүлэх нэн шаардлагатай. Энэ асуудлууд дээр илүү анхаарахаас гадна, нэн түрүүнд хүүхдийн эрхийн асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй байна.

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшигч Х.Мөнхзул:

Монгол улсад хүний эрхийг хамгаалах эрх зүйн орчин бүрдсэн. Харин хэрэгжүүлэхэд гарч байгаа нэг сул бол хууль тогтоомжид тавих хяналт муу. Амьд явах эрх, эрүүл мэндээ хамгаалуулах, эрүүл аюулгүй орчинд амьдрах зэрэг олон эрх алдагдаж байгаа нь үнэн. Бүх эрхүүд хоорондоо уялдаатай учраас цогцоор нь шийдэхээр ажиллана.

ШИНЭ МЭДЭЭ