Дэгийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
2020.11.03
Улстөр

Дэгийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2020.11.03) хуралдаан 14 цаг 30 минутад 55.6 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэв.

Эхлээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан танилцууллаа. 

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм.

Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.1, 42.1.2 дахь заалтад заасны дагуу 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хуралдаанаараа нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэжээ.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж асуулт асууж, санал хэлсэн. Үүнтэй холбоотойгоор Байнгын хорооны дарга холбогдох тайлбар, мэдээллийг өгөв. Ингээд төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

ШИНЭ МЭДЭЭ