МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2019 оны үйл ажиллагааны тайланг сонслоо
2020.10.20
Эрүүл мэнд

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2019 оны үйл ажиллагааны тайланг сонслоо

Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2019 оны үйл ажиллагааны тайланг сонсох асуудлыг хэлэлцлээ.

Тайланг Эрүүл мэндийн сайд, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга Т.Мөнхсайхан танилцуулав. 2019 онд Эрүүл мэндийн даатгалын санд 469.4 тэрбум төгрөг бүрдүүлж, орлогын төлөвлөгөөг 115.2 хувиар биелүүлжээ. Үүнээс 426.9 тэрбум төгрөгийн шимтгэлийн орлого бүрдүүлсэн нь төлөвлөгөөнөөс 58.5 тэрбум төгрөгөөр давж биелсэн байна. Бусад орлого 39.3 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээс 42.5 тэрбум төгрөг орж, 3.2 тэрбум төгрөгөөр орлогын төлөвлөгөө давж биелсэн байна.

Тайлантай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Ц.Мөнх-Оргил, С.Чинзориг, С.Одонтуяа, С.Ганбаатар, Ц.Сандаг-Очир, Б.Жаргалмаа нар асуулт асуув. Асуултад Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүд хариулт өглөө.

Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан асуулт асуухдаа Эрүүл мэндийн даатгалыг бие даалгаад 3 дахь жилдээ орж буйг тэмдэглээд даатгуулагчийн тоо нэмэгдсэн нь сайн үзүүлэлт хэдий ч даатгал төлсөн хүмүүс хүссэн тусламж, үйлчилгээгээ авч чадаж байна уу, 2019 онд эрүүл мэндийн даатгалд зарцуулагдахаар төсөвлөсөн хөрөнгөөс 56.7 тэрбум төгрөг хэмнэгдлээ гэж байна. Яагаад ингэж хэмнэгдэв. 56.7 төгрөг хэмнэсэн гэдэг энэ тоо даатгалын сан зөв тогтолцоогоор ажиллаж чадахгүй байгаагийн илрэл. Хэмнэхийг зорих ёсгүй мөнгө  гэж байр сууриа илэрхийллээ.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэлд орж ирэх 136.1 тэрбум төгрөгийг “Капитал” банкнаас яаж авах талаар болон 2920.8 мянган даатгуулагч эрүүл мэндийн даатгалд хамрагдаж, хамрагдалтын түвшин 90.2 хувьтай гарсан ч төрөөс даатгалыг нь хариуцдаг хүний тоо 2000-аар өссөн учраас даатгалд хамрагдагчдын тоо нэмэгдсэн юм шиг харагдаж байна гээд даатгуулагчийг бодитоор нэмэх ямар бодлого барьж байгааг тодруулж, хариулт авлаа.

Үргэлжлүүлэн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Ц.Мөнх-Оргил, С.Ганбаатар, Л.Энх-Амгалан үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн Эрүүл мэндийн даатгалын сан эмчилж, эдгэрүүлсэн хүний тоогоор нь эмнэлгүүдэд мөнгө өгдөг байх ёстой болохоос байгаа мөнгөө хурааж хуримтлуулах байгууллага биш гээд төрөөс эмнэлгүүдэд өгөх санхүүжилтээ 2022 он гэхэд нэмэгдүүлэх асуудал ярих ёстой гэж байр сууриа илэрхийлэв.

Улсын ИХ Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил Эрүүл мэндийн яамны хамт олонд болон Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдэд даатгуулагч иргэн ямар эрхтэйгээс эхлээд бүх нарийн мэдээллийг системтэй хүргэхгүй бол иргэд мэдээлэлгүй байна гээд 2021 онд хуулийн өөрчлөлтийн үр  шим иргэдэд хүрсэн, эм нь чанартай, эмнэлгүүд урт дараалалгүй, чанартай тусламж үйлчилгээ үзүүлдэг болсон байх ёстойг захиж хэлэв.

Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан Эрүүл мэндийн даатгалын сан хуримтлалын сан биш. Ард иргэдээ эрүүл мэндээ алдах эрсдэлээс хамгаалах сан. Мөнгө хэмнэдэг ийм сангийн талаар яриад суух нь  тогтолцоо алдагдсаны шинж. Цаашид жинхэнэ утгаар нь ажиллуулах талаар Үндэсний зөвлөлийн гишүүд ажиллах ёстой гэж байр сууриа илэрхийллээ.

ШИНЭ МЭДЭЭ