МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.10.20
Эрүүл мэнд

Л.Энх-Амгалан: Эрүүл мэндийн даатгалын засаглал бие даасан, хараат бус байх нь зүйтэй

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2019 оны үйл ажиллагааны тайланг өнөөдрийн НББХ-ны хуралдаанд танилцууллаа.

Тайлантай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулаа.

УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭНХ-АМГАЛАН АСУУЛТ АСУУЛАА.

  1. Ер нь эрүүл мэндийн даатгал хөгжсөн улс орнуудад ард иргэдийн халааснаас 20 хувь, эмнэлгээс 80 хувь нь гардаг тогтолцоотой байдаг. Гэтэл манай улсад эсрэгээрээ байна. Эрүүл мэндийн даатгалд зарцуулагдахаар төлөвлөгдсөн хөрөнгөөс 56 тэрбум төгрөг хэмнэгдлээ гэжээ. Энэ нь жилдээ зарцуулагдаж байх ёстой хөрөнгө. Эрүүл мэндийн даатгалын сан ТЭГ ҮЛДЭГДЭЛТЭЙ байвал сайн сан байх ёстой. Тухайн жилд зарцуулагдах ёстой хөрөнгө нь хэмнэгдээд байна гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ бол хамгийн муу үзүүлэлт. Эрүүл мэндийн даатгалын сан зөв ажиллаж чадахгүй байна гэсэн үг.
  2. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 2 хувьтай тэнцэх мөнгийг төр эрүүл мэндийн даатгалыг дааж иргэдийн төлбөрийг төлөх ёстой хуультай юм. Хөдөлмөрийн хөлсний хэмжээ Монгол Улсад 420.000 төгрөг болсон байгаа. Төр төлж байгаа мөнгөө 320.000 төгрөгөөр бодож байгаа нь ямар учиртай вэ? Ингэж ард иргэдээ Эрүүл мэндийн даатгалын эрсдэлд оруулж болохгүй.
  3. Эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлж байгаа Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний багцын асуудал байна. Иргэдийн дунд байгаа хамгийн том гомдол бол багцаас гарч байгаа санхүүжилт нь бидний хүсч байгаа багц болж чадахгүй байна. Тиймээс иргэдийн халааснаас мөнгө гаргаж төлөгдөөд байна. Өнөөдөр Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн хэдэн хувь нь иргэдийн халааснаас төлж байгаа тоог 2019 оны гүйцэтгэлээр хэлээд өгнө үү?
  4. Эрүүл мэндийн даатгалын засаглалын асуудал ил тод, бие даасан, улс төрөөс хараат бус байх. Эрүүл мэндийн яамны харьяанд байх зохисгүй юм.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хариуллаа.

2019 оны тайланд Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320,000 төгрөгөөр байсан. 2020 оных 420,000 төгрөгөөр явах байх. Ард иргэдийн халааснаас гарч байгаа мөнгөн дүн 2019 онд 240 орчим тэрбум төгрөг байсан. Нийт төсвийн 20 орчим хувь нь гарсан. Эрүүл мэндийн даатгалын сан үлдэгдэлтэй явж байгаа. Энэ нь санхүүжилтийн тогтолцоо буруу явж байгааг харуулж байна. Тиймээс 2021 онд нэг худалдан авагчийн тогтолцоонд ороод, гүйцэтгэлээрээ санхүүжээд ирэхээр Эрүүл мэндийн даатгалын санд ямар нэг үлдэгдэлгүй явах боломж нь бүрдэж байна.

ШИНЭ МЭДЭЭ