2020.10.16
Эдийн засаг, Худалдаа

Л.Энх-Амгалан: 40 сая төгрөгөөр 15 жилийн хугацаатай зээл аваад, 120 саяыг төлж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.10.16\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд хуулийн төслийн санаачлагчидаас асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: 
  1. Төрийн болон төрийн өмчит компаниудын үр ашгийг хэрхэн дээшлүүлэх вэ? 117 төрийн өмчид компанитай 70 орчим хувь нь алдагдалтай ажиллаж байна. 32 их наяадийн хөрөнгө ашиглагдахгүй, өгөөжийг нь хүртэж чадахгүй сууж байна. Төрийн өмчит компаниудын тавьсан өр нь 10.2 тэрбум доллартой тэнцэх хэмжээний аж ахуй нэгж байна. 2021 онд 32 их наяадын хөрөнгөөсөө 30 тэрбум төгрөгийн орлого олох тухай л ярьж байна. Энэ нь их чамлалттай. Үүн дээр их том боломж байгаа гэж харж байна. Ирэх жил төрийн өмчит компаниуд дорвитой ажиллаж, үр өгөөжийг хүртэхийн тулд төсөв дээр ямар боломжууд байна вэ?
  2. Монгол Улсад 3.2 сая хүн амтай. Давхардсан халамж авч байгаа 2 сая иргэд байна. Гэтэл 69 нэр төрлийн халамжууд байдаг. Тэгвэл яг аль хөтөлбөрүүд нь эзнээ олж байна, аль нь эзнээ олохгүй байна гэдэгт үнэлгээ хийж халамжийн бодлогыг эргэн харж арга хэмжээ авах хэрэгтэй. 243.000 хүн хүнсний талон авч байна. Мянгат малчин хүртэл хүнсний талон авсан байна. Нийт сумын иргэдийн 60 гаруй хувь нь группд орсон байдал ч байна. Цаашдаа халамж, нийгмийн хамгааллаа салгахгүй бол болохгүй болсон байна. Хүүхдийн мөнгийг зөв гэж бодож байгаа. Гэхдээ үүнийг төсвийн алдагдал дээр авч явах уу, Нийгмийн хамгааллын бодлогын зардал дээр авч явах уу? 
  3. Ипотекийн зээлийн санхүүжилтийн зээлийн тогтолцоог өөрчлөхгүй бол болохгүй. 40 сая төгрөгөөр 15 жилийн хугацаатай зээл аваад, 120 саяыг төлж байна. Энэ жил мөнгөний бодлого дээр ипотекийн зээлийн санхүүжилтийн тогтолцооны асуудлыг сайтар шийдэх ёстой. Нөгөө талаасаа мөнгөний бодлогоор дэмжихээс гадна төсвийн бодлогоор ипотекийн зээлийг бий болгох асуудал бий болсон байна. Үүн дээр төсөв дээр юу хийх гэж байна вэ?
Түүний асуултад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа.

"2021 оны төсвийн онцлогийг эрүүл мэндийн салбарын шинэчлэл. Төрийн өмчит аж ахуй нэгжийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлийг авч хэрэгжүүлэх ёстой жил гэж үзэж байна. Үүн дотор:

  1. Төрийн өмчит аж ахуй нэгжийн засаглалыг сайжруулах, үйл ажиллагааг нь ил тод болгох, шилэн дансны хуулийн хэрэгжилтийг бүх аж ахуй нэгжүүд дээр хэрэгжүүлэх ёстой.
  2. Үйл ажиллагааны зардлыг бууруулах, ашигт ажиллагааг нь нэмэгдүүлэх талаар тодорхой арга хэмжээ авч ажиллах хэрэгтэй. Төрийн өмчит аж ахуй нэгжийн үйл ажиллагааг сайжруулах гол зүйл нь засаглалтай, ил тод байх үйл ажиллагаа гэж үзэж байна.

Ипотекийн зээлийн санхүүжилт дээр татварын багц хуулийг 2019 онд баталсан. Иргэд хүн амын орлогын албан татварыг төлнө. Төлсөн тэр мөнгийг нь авсан зээлийнх нь зөрүү мөнгө болгон буцааж олгодог тогтолцоо руу орж байгаа. Ипотекийн зах зээлийн тогтолцоо нь өөрөө зөв биш бол хөрөнгө оруулах боломжгүй байдаг. Дандаа улсын төсвөөр, татвар төлөгчдийн мөнгөөр явна гэдэг өндөр өртөгтэй, цөөхөн хүнд үр нөлөө өгөх учиртай учраас санхүүжилтийн механизмыг зөв болгож явуулах нь зүйтэй гэж үзэж байна".

ШИНЭ МЭДЭЭ