МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Л.Энх-Амгалан: Өндөр хадгаламжтай хүнээс ахиу татвар авдаг болох ёстой
2020.08.26
Эдийн засаг, Худалдаа

Л.Энх-Амгалан: Өндөр хадгаламжтай хүнээс ахиу татвар авдаг болох ёстой

УИХ-ын гишүүн  Л.Энх-Амгалан бизнесийн эрхлэгчдийн уулзалтад оролцож, сонирхсон асуултад хариулт өглөө.

-Зээлийн хүүг яагаад заавал 2023 онд 1 хувь болгож бууруулна гэж. Бидэнд 2023 оноос өмнө бууруулах боломж байгаа шүү дээ. Энэ тал дээр тайлбар өгнө үү?

-Өнгөрсөн долоо хоногт Зээлийн хүүг бууруулах үндэсний стратегийг Улсын их хуралд өргөн барьсан. Өнгөрсөн хугацаанд баялаг бүтээгчид банкны эзэд, өндөр хадгаламжтай хүмүүсийн мөнгийг өсгөж өгсөн. Өндөр хадгаламжтай хүмүүс хүүгийнхээ татварыг төлдөггүй маш бага татвар төлдөг. Гэтэл бид тэдний хүүлж байгаа мөнгийг жилийн 25-30 хувийн хүүтэй аваад мөн дээрээс нь ажлын байр бий болгож цалин тавиад, татвар төлөөд явж байна.

Тийм учраас зээлийн хүүг бууруулах асуудал бол Засгийн газар, Их хурлын шийдэх чухал асуудал. Үүн дээр тодорхой бодитой алхмууд хийнэ. 2023 оноос л сарын нэг хувь болно гэж ойлгож болохгүй. Энэ ажил маш олон талын оролцоо шаардагдана. Хамгийн гол нь банкны салбарын шинэчлэлийн бодлогыг хийх юм. Цаашдаа бид банкны хөрөнгө оруулагчдыг мэргэжлийн хөрөнгө оруулагч болгох ёстой.

Тэр хөрөнгө оруулагч нь 20-25 хувиас дээш хувьцаа эзэмшихгүй байх хязгаарлалтуудыг тавьж өгнө. Банкны бизнес хийж байгаа хүн бусад салбарт бизнес хийхийг Банкны тухай хуулиар хориглосон байгаа.

Мөн банкуудыг нээлттэй болгохын тулд хамгийн багадаа 25-30 хувиа зах зээлд арилжаалах эрх зүйн өөрчлөлтийг гаргаж, шахаж шаардаж ажиллана. Өнөөдрийн байдлаар 35 их наяд төгрөг банкны салбарт эргэлдэж байгаагаас 20 их наяд нь хадгаламж байгаа.

Цаашдаа банкуудын өөрийн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх хэрэгтэй. Монгол Улс өнөөдөр 13 тэрбум ам.долларын эдийн засагтай, банкны салбар нь дөнгөж 30 их наядад эргэлдсэн ийм боомилсон эдийн засагтай байж болохгүй.

Гадаадын банкуудыг оруулж ирж, өрсөлдөөн бий болгоё. Өндөр хадгаламжтай хүмүүсээ татвартай болговол энэ мөнгө нь хөрөнгийн зах зээлд гарч компани болон бондын зах зээл өснө. Тийм болохоор энэ өөрчлөлтүүдийг хийж өгөхөөр тодорхой зорилтуудыг тавьж байгаа.

-Төр аж үйлдвэрлэлийг огт дэмждэггүй, дорвитой бодлого ч гаргадаггүй. Ер нь аж үйлдвэр Монгол Улсад хэрэгтэй юм уу?

-Аж үйлдвэргүйгээр ямар ч улс орон хөгжихгүй . Тиймээс аж үйлдвэрлэлийн бодлогыг Их хурал дээр онцгойлон анхаарч Аж үйлдвэрлэлийн байнгын хороог анх удаа байгуулсан. Ямар нэгэн салбар гэхгүй ер нь Монгол Улсад аж үйлдвэр хөгжих юм бол ямар бодлогоор хөгжих вэ гэдгийг тодорхойлох байнгын хороог бий болгож өгсөн байгаа.

Үүнийг дээр үйлдвэрлэлт шаардлагатай санхүүгийн их үүсвэрийг хэрхэн шийдвэрлэх үү, хүний нөөцийн асуудлыг хэрхэн шийдэх үү, зах зээлээ яаж хамгаалах уу гэдэг дээр тодорхой бодлого гаргаж ажиллана. Бид өнгөрсөн 30 жил зэрлэг капитализм гэдгээр явж ирсэн. Хэт их өрсөлдөөн дунд явж ирсэн. Тэгэхээр цаашдаа дотоод зах зээлээ хамгаалж, импортыг их орондоо үйлдвэрлэх чиглэлийг бодлогууд явагдана.

-Төрийн албыг хариуцлагатай мэргэшсэн  болгох шаардлагатай байна. Хаана ч очсон хүнд суртал, танил тал харж ажил явагдахгүй байна. Энэ асуудал цаашдаа байсаар байх уу, хэрхэн шийдвэрлэх вэ?

-Хариуцлагатай мэргэшсэн төрийн алба аль болохоор лиценз, зөвшөөрлөө 3 дахин бууруулах ёстой. Хямрал бол боломж гэдэгтэй адилхан коронавирусийн энэ үе бидэнд маш том боломжийг олгож өгч байна. Бид мэдээлэл технологи дээр суурилсан цахим засаглалын шилжилтийг хийх хэрэгтэй. Ингэж чадвар төрийн албыг мэргэшсэн, цомхон болгох боломжууд бидэнд байна. Хүнээс хамааралгүй, шударга, ил тод засаглалыг бий болгох боломжийг “Цахим Монгол” гэсэн хөтөлбөрөөр бий болгохоор ажиллаж байгаа.

ШИНЭ МЭДЭЭ